УЛС ТӨР

ЧУУЛГАН: Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг хэлэлцэхийг ДЭМЖСЭНГҮЙ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.27/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан үг хэллээ. Тэрбээр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд УИХ ажиллах ёстой талаар байр, сууриа илэрхийлсэн юм. 

Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Төрийн тусгай албан тушаал болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх, иргэний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагыг харгалзан төрийн албаны захиргааны удирдахаас бусад албан тушаалд НЭГ жил хүртэл хугацаагаар гэрээгээр ажиллуулж болох зохицуулалт тусгасан байна.

Түүнчлэн НҮБ, түүний төрөлжсөн байгууллага, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу байгуулсан бусад байгууллага болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулиар байгуулсан нийтийн эрх зүйн этгээдэд ажилласан иргэний тухайн байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласнаар тооцох журмыг Төрийн албаны зөвлөл батлахаар оруулсан байна. Байгууллага дотроо төрийн жинхэнэ албан хаагч тусгай шалгалтгүйгээр шилжин ажиллаж болохоор, улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа үйл ажиллагаанд дайчлах, чиг үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглохоор, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж болохоор, төрийн захиргааны албан тушаалд тавигх тусгай шаардлагын хугацааг бууруулах зэрэг асуудлыг төсөлд тусгажээ.

Уг хуулийн төслийг энэ сарын 20-нд чуулганаар хэлэлцэх үед МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байсан юм. Тус бүлэг уг хуулийн төслийг хэлэлцээд дэмжих шийдвэр гаргасан байна.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Мөн хуралдаанаар Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд хуулийн төслийг хууль санаачлагчид нь буюу Засгийн газарт буцаав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button