БНХАУ-ын нөлөө бүхий эрдэмтэн "ковид-19"-ийг лабораториос алдсаныг үгүйсгэхгүй гэв

Коронавирус лабораториос алдагдсан байх боломжтой гэдгийг үгүйсгэж болохгүй хэмээн БНХАУ-ын Засгийн газрын томоохон албан тушаал хашдаг байсан эрдэмтэн “BBC” агентлагт хэлсэн байна. Профессор Жорж Гао цар тахлын үеэр Хятадын Өвчний хяналтын төвийн даргаар ажиллаж байхдаа халдвартай тэмцэх, коронавирусийн гарал үүслийг тогтоох ажилд том хувь нэмэр оруулж байсан юм.
БНХАУ-ын Засгийн газар вирусийг Ухань хотын лабораториос алдагдсан байх магадлалтай гэх таамаглалуудыг үгүйсгэсээр ирсэн. Харин профессор Гао үүнээс өөр бодолтой байгаа аж. Тэрбээр “BBC Radio 4”-ийн ковидийн гарал үүслийн тухай подкастад ярилцлага өгөхдөө “Юуг ч таамаглаж болно. Тэр чинь л шинжлэх ухаан. Тийм болохоор юуг ч орхиж болохгүй” гэж хэлсэн байна.
Гао Хятадын Засгийн газар лабораториос вирус алдагдсан гэх таамаглалыг чухалчлан авч үзсэн байж магадгүй гэсэн агуулгатай зүйл ярьжээ. Мөн Уханийн вирус судлалын хүрээлэнд Засгийн газраас шалгалт орсон талаар Гао дурдсан юм. Тэрбээр “Засгийн газар ямар нэгэн зүйл хийсэн” гэж хэлсэн ч үүнд нь Өвчний хяналтын төв оролцоогүй гэжээ. Түүнээс сэтгүүлч Засгийн газрын өөр нэг салбар Уханийн лабораторийг шалгасан гэсэн үг үү гэж асуухад тэрбээр тийм гэж хариулсан аж. Гао ингэж ярьсан нь БНХАУ-ын Засгийн газар тус лабораторийг албан ёсоор шалгасан гэх анхны мэдэгдэл болж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.