Улсын аваргаас 17 медаль авсан А.Отгонтамир: Усан спорт миний амьдрал. Тиймээс олимпийг зорино
Эрдэнэт хотод Өсвөр үеийн усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 4-7-ны өдрүүдэд болсон билээ. Уг тэмцээний 11-12 насны ангилалд Хобби сургуулийн 6А ангийн сурагч, Хилэм клубийн тамирчин А.Отгонтамир үнэмлэхүй амжилт гаргаж, төрөл тус бүрээс 11 алт, зургаан мөнгөн медалийн эзэн болсон юм.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн тусгай зочноор түүнийг урьж ярилцлаа. Нийт гурван тэмцээнд орж байснаас эхний хоёр тэмцээнээс медаль авч байгаагүй бөгөөд гурав дахь тэмцээндээ ийнхүү 17 медалийн эзэн болсон ажээ. Сонирхуулахад тэрбээр анхны тэмцээн дээрээ "баян ходоод" болж байснаа дурссан юм.
-Анхны тэмцээндээ эцсийн байранд орсны дараа ахдаа дараагийн удаад алтан медаль авна хэмээн хэлж байсан-
-Усан спортын тамирчин болоод хэр хугацааг үдэв. Яагаад сонирхож эхэлсэн бэ?
-Би усан спортоор хичээллээд нэг жил гурван сар болж байна. Анх 2022 оны гуравдугаар сард сэлж эхэлсэн юм.
Гэр бүлийнхэн маань өөрийгөө хөгжүүлж, өндөр болгоход чиглэж олон сургалтад явуулсан. Эхэндээ надад бүгд сонирхолтой байсан л даа. Гэвч өөрт тохирсон спортын төрлөө олоогүй, чамлахааргүй хугацааг зарцуулсан.
Анх сагсанбөмбөгийн дугуйланд явсан. Эхэндээ би сонирхож байсан ч яваандаа залхаж эхэлсэн. Дараа нь найзуудынхаа зөвлөснөөр хөлбөмбөгийн Дэрэн клубт элссэн юм. Хөлбөмбөг их сонирхолтой спорт хэдий ч бэртэл ихтэй болохоор цааш нь гүнзгийрүүлж сурахыг хүсээгүй.
Улмаар гарбөмбөгийн дугуйланд явсан. Өндөр үсэрч, бөмбөг цохиод л. Хөгжилтэй шүү. Гэвч байнгын хобби болгоход тохиромжгүй байсан юм. Одоо бол хааяа л тус гарбөмбөг тоглодог. Өөрт тохирох спортын төрлөө олоогүй явсаар л байлаа. Ангийн маань нэг найз усан спортоор хичээллэж үзэхийг санал болгосон юм. Би ч оролдож, туршиж үзсэн. Надад их таалагдсан шүү. Тиймээс би тасралтгүй энэ спортоор хичээллэж байгаа. Хийхийг хүссэн зүйлээ олтлоо бүхнийг туршиж үзэх хэрэгтэй юм билээ.
-Эрдэнэт хотод зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах тэмцээн хэд дэх тэмцээн нь байв?
-Миний гурав дахь тэмцээн байсан. Төрөл бүрээс нийт 17 медаль хүртлээ.
-Өмнөх хоёр тэмцээнийхээ тухайд ярихгүй юу. Энэ удаагийн тэмцээн шигээ сайн оролцож байв уу?
-Эхний хоёр тэмцээндээ би байр эзлээгүй. Тэр дундаа анхны тэмцээндээ байр эзэлж чадаагүйгээс гадна хамгийн сүүлд бариандаа орсон юм. Тэр үед ах болон багшдаа дараагийн тэмцээнээсээ заавал алтан медаль авна гэж хэлж байв. Хоёр дахь тэмцээндээ ч байр эзлээгүй. Харин гурав дахь тэмцээндээ олон байр эзэлсэн. Үүнээс 11 алт, зургаан мөнгөн медалийг хүртлээ.
-Үеийнхэн бусад тамирчид хэр оролцсон бэ. Бэлтгэлээ сайн хийсэн байна уу?
-Тийм ээ. Тэд бэлтгэл сайтай байсан. Би хэдэн долиор л тэднийг ялж чадсан. Үгүй бол хожигдох эрсдэл өндөртэй байлаа. Энэ удаагийн тэмцээнээр хувийн амжилтуудаа ахиулж чадсандаа баяртай байгаа.
-Та насны ангилалдаа нэгдүгээрт бичигдэх тамирчин юм байна шүү дээ?
-Тийм ээ. Гэвч ирэх жил үеийн тамирчид маань сайн оролцоно гэдэгт итгэлтэй байгаа. Би тэднийг огтоос басдаггүй. Учир нь бид чадвараараа өрсөлдөж байгаа шүү дээ. Тэдний техник, чадвар нь ч сайн.
-Анх тэмцээнд оролцохдоо бусад тамирчдад хожигдох вий гэж бодоод сандарч байсан-
-Ямар төрлийн сэлэлтдээ сайн бэ?
-Би дельфин төрлөөр ихэвчлэн бэлддэг. Мөн араар болон өврөөр сэлэх техникүүдээ голчлон бэлдэж, хичээллэж байна. Сүүлийн тэмцээндээ ч энэ гурван төрлөөрөө голчлон шагнал авсан.
-Бэлтгэлээ долоо хоногт хэдэн удаа хийж байна?
-Энгийн үедээ долоо хоногт таван удаагийн бэлтгэл хийдэг. Тэмцээнд оролцохын тулд долоо хоногийн зургаан өдөр нь бэлтгэл хийдэг юм. Гэвч хагас жилийн хугацаанд өдөр бүр бэлтгэл хийх тохиолдол ч байсан.
-Тэмцээний бэлтгэл нь хэр хүнд байдаг вэ?
-Тэмцээн дөхөх үед бэлтгэлээ чангалдаггүй. Учир нь булчинд ачаалал их ирдэг болохоор тэр л дээ. Эхэндээ хүнд санагддаг байсан ч одоо тэгж санагдахаа больсон. Тэр хэрээр биендээ бэлтгэл сургуулилтийг хүлээн авч чадсан гэж бодож байна.
-Анхны тэмцээнийхээ талаар дурдахгүй юу. Ямар мэдрэмж төрж байв?
-Их сандарч байсан. Аймаар мэдрэмж ч төрсөн. Тэр дундаа оролцож буй тамирчдаас нь айж байсан юм. Учир нь тэдэнд хожигдох вий гэх мэдрэмж их төрж байлаа.
Харин сая оролцсон сүүлийн тэмцээндээ бол огтоос сандраагүй. Тэмцээнд оролцохдоо хэдийн дассан.
-Сэтгэл зүйгээ хэр бэлддэг вэ. Багш нь ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Багш нар гүнзгий амьсгаа ав гэх зөвлөгөө өгдөг. Сандралыг амьсгалаа гүнзгий авч дардаг болохоор тэр.
-Унтмаар санагдсан үедээ бэлтгэлдээ явахыг хүсдэггүй ч хичээхгүй л бол сайн тамирчин болж чадахгүй-
-Ямар хүнээс хамгийн их үлгэр дууриалал авдаг вэ?
-Michael Phelps тамирчинд би их дуртай. Түүнээс хамгийн их үлгэр дууриалал авдаг. Мөн манай багш Б.Сүхбат гэж хүн бий. Их мундаг. Багшаасаа ч их үлгэрлэдэг. Тэр залуу наснаасаа усан спортоор хичээллэж эхэлсэн. Одоо нас нь 50 гарсан хэдий ч түүний заах арга барил нь сайн. Багшийн ур чадвар тухайн спортод хэрхэн амжилттай оролцоход чухал нөлөөтэй.
Мөн найз нөхөд, багш, ах, ээж, аав, гэр бүл гэх мэт эргэн тойрны бүхий л хүмүүс маань цаг ямагт дэмжиж байдаг тул итгэлийг нь алдахгүйн тулд сайн тамирчин болох хэрэгтэй гэж боддог.
-Хичээлийнхээ хажуугаар бэлтгэл хийх хэцүү шүү дээ. Хэр ядарч байна. Заримдаа бэлтгэлдээ явмааргүй санагдах үе бий юү?
-Мэдээж хэрэг бэлтгэлдээ явмааргүй санагдах үе бий. Хичээлийнхээ хажуугаар бэлтгэлээ хийх ч хэцүү. Гэвч бэлтгэлээ хийхгүй л бол сайжрахгүй гэж бодоод босдог. Үнэндээ унтмаар санагдсан үедээ л бэлтгэлдээ явахыг хүсдэггүй мэдрэмж төрдөг юм.
-Цаашид ямар тэмцээн уралдаанд оролцохоор бэлтгэлээ хийж байгаа вэ?
-Энэ жил аравдугаар сард Ерөнхийлөгчийн цомын тэмцээн болно. Арваннэгдүгээр сард гадаадад болох тэмцээн бий. Түүнд оролцох бодолтой байгаа.
-Усан спорт бол миний АМЬДРАЛ-
-Гэр бүлийнхнийх нь талаар ярилцъя. Усан сэлдэг, чамд энэ спортоо өөрийгөө хөгжүүлэхэд нөлөө үзүүлсэн хүн гэр бүлд нь байдаг уу?
-Ээж маань багадаа сэлдэг байсан гэсэн. Харин одоо бол ах маань хамгийн их тусалдаг. Бид нэг клубт хамт байдаг. Тэр ч гэсэн усан спортын тамирчин юм.
-Нэг удаагийн тэмцээнээс ийм олон медаль авахад гэр бүлийнхэн нь ямар үг хэлэв. Тэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Тэд их баярласан. Өмнө нь тэмцээнээс медаль авч байгаагүй болохоор энэ удаагийн тэмцээндээ амжилттай оролцоход их баярлаж хүлээж авсан даа.
-Хүмүүс усан спортоор хичээллэхээр өндөр болдог гэдэг юм билээ. Таны өсөлтөд нөлөөлсөн үү?
-Тийм ээ, нөлөөлсөн. Би 10 сантиметр өссөн. Ангиасаа хамгийн өндөр нь. Учир нь биеийн тамирын хичээл дээр би хамгийн дээр зогсдог.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Ихэнхдээ сэлдэг. Сэлэхгүй өдрөө гадна сагсанбөмбөг болон хөлбөмбөг тоглодог.
-Үеийн найзууд нь чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна?
-Тэд ихэвчлэн компьютер тоглоом тоглодог. Намайг ч бас хамт тоглоё гэж урьдаг л даа. Гэвч би бэлтгэлтэй байдаг болохоор амждаггүй юм. Хааяа л дээд тал нь гурван цагаар тоглодог. Бэлтгэлээсээ болоод иймэрхүү зүйлд цаг гаргаж чаддаггүй.
-Таны хувьд хэдийн өөрийн цагаа зориулах зүйлтэй болсон. Үеийнхээ найзууддаа хандаад ямар зөвлөгөө өгөх вэ?
-Тоглоом тоглолоо гээд амьдралд юу ч өөрчлөгдөхгүй. Хэсэг хугацаанд баярлаж, зугаацаж чадах байх. Тийм ч ашигтай зүйл биш шүү дээ. Гэсэн хэдий ч ютүбэд бичлэг хийдэг, тухайн тоглоомоороо тамирчин болж чадсан хүмүүс бий. Зарим хүмүүсийн мөрөөдөл нь тэр байдаг. Үүнийгээ дагаж болно. Гэсэн хэдий ч цагийг үр бүтээлгүй, их өнгөрөөдөг зүйл гэж хувьдаа боддог. Мөн эрүүл мэндэд муугаас гадна хөдөлгөөний дутагдалд оруулдаг юм.
-Таны хувьд усан спорт гэж юу вэ. Танд хэр үнэ цэнтэй бол?
-Усан спортоор хичээллэхээр бүхнийг мартдаг. Биенд ч ашиг тус ихтэй. Миний хамгийн хүндэлдэг спорт. Би энэ спортыг миний АМЬДРАЛ гэж тодорхойлно. Энэ бол миний хобби биш. Зарим хүмүүс хоббигоо болгож усан спортоор хичээллэдэг. Харин би зорилготойгоор сэлдэг. Усан спортын тамирчнаар ОЛИМП-д оролцохыг зорьж бэлтгэлээ хийдэг.
Ямарваа нэгэн зүйлд тууштай хандаж чадвал эцэстээ амжилтад хүрч чаддаг гэдгийг надад мэдрүүлсэн. Тиймээс үеийнхээ найзуудад хандаж хэлэхэд хийхийг хүссэн зүйлээ олтлоо бүгдийг туршиж үзээрэй гэж захимаар байна. Мөн түүндээ тууштай хандаарай.
Энэ ярилцлагыг унших нийт хүүхдүүддээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.