"Meta" хэрэглэгчдийн хувийн мэдээлэл ашигласан тул 725 сая ам.доллар нөхөн төлнө
“Meta” компани Фэйсбүүк платформоороо дамжуулан хүмүүсийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдсан тул АНУ-ын иргэдэд нөхөн төлбөр өгөх болсон билээ. Энэ жилийн эхээр тус компани 725 сая ам.долларыг Фэйсбүүк хэрэглэгчдэд олгох болсон.
Нөхөн төлбөрийн мөнгө авахын тулд 2007.05.24-өөс 2022.12.22-ний хооронд Фэйсбүүк ашигласан АНУ-ын иргэн байх ёстой юм. Мөн ирэх баасан гарагийн (2023.08.25) дотор шуудан эсвэл цахим шуудангаар нөхөн төлбөр авах хүсэлт гаргах хэрэг аж.
Дээр заасан хугацаанд Фэйсбүүк хаягаа устгасан хүмүүс ч гэсэн нөхөн төлбөр авах боловч устгаагүй хүмүүстэй харьцуулахад бага хэмжээний төлбөр олгогдоно. Нөхөн төлбөрийн мөнгөн дүн Фэйсбүүк хаяг нь хэр удаан идэвхтэй байснаас хамаарах аж. Баасан гарагт хүсэлт хүлээн авч дууссаны дараа нөхөн төлбөрийг эцэслэн шийдвэрлэх сонсгол есдүгээр сарын 7-нд болохоор товлогджээ.
Эх сурвалж: The Hill
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.