Багшийн хэрэгцээ: Эрэлт, нийлүүлэлт нь тэнцвэртэй ч байршлаас хамаарсан хомстол нүүрлэсэн

Сумандаа ирж ажиллах багш нарт зориулж орон сууц барьсан, хоёр өрөө байрны шалгаруулалт зарласан, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломжтой 0,7 га газрыг нуурын эрэг дагуу олгоно. Эдгээр нь 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор орон нутгийн ЕБС-иуд багш авахаар тавьсан зарын агуулга.
-Далайн эрэгт газар олгож, дүнзэн байшинд амьдруулна-
Тухайлбал, Дорнод аймгийн Дашбалбар сум сумандаа ирж ажиллах эмч, багш нарт зориулж 16 айлын хоёр орон сууцыг худалдан авчээ. Тус суманд хими, математик, физикийн багшийн орон тоо нэн шаардлагатай байгаа. Худалдан авсан эдгээр орон сууцанд ажиллахаар ирж буй багш нарыг оруулж, ашиглалтын зардлаа л төлөөд амьдрах боломжийг сум орон нутгийн удирдлагууд олгож байгаа юм.

Хөвсгөл аймгийн Ханх сумын сургууль математик, хими, биологи, мэдээллийн технологи, түүх‚ нийгэм судлалын багш авахаар зар тавьсан. Ингээд хамгийн эрэлттэй мэргэжил болох химийн багшийг сонгон шалгаруулалтгүйгээр Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас авч, нүүлгэлтийг нь хариуцан бэлдсэн байшиндаа авч иржээ. Харин бусад хичээлийн багш нарыг сонгон шалгаруулах бөгөөд 100 гаруй багш холбогдсон байна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн багш нар Ханх сумын ЗДТГ болон ЕБС-тай гурвалсан гэрээ байгуулж, тогтвор суурьшилтай ажилласнаар сумаас өгч буй 0,7 га газрыг өөрийн өмч болгон авах юм байна. ОХУ-тай хил залгаа‚ байгалийн өвөрмөц тогтоцтой энэ газар оршин суухыг хүсэгчид олон байдаг нь зард хандсан багш нараас харж болохоор байна. Тус сум бусад тэнцсэн багш нараа галладаг дүнзэн байшинд амьдруулна.

Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургуулиудад англи хэлний багш 6, хими, математик, физик, биологийн багшийн орон тоо тус бүр нэгийг зарласан. Шалгарсан багш “Мандах Наран-5” хороололд 2 өрөө шинэ байранд сууж, 5 жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласнаар байраа өөрийн болгоно гэжээ.
-Амлах боломжгүй нийслэлд 1674 багш шаардлагатай-
Энэ мэтээр орон нутгууд шаардлагатай багшийн орон тоогоо амлалттай зарлаж, амжилттай олдог талтай. Харин 2023-2024 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 175 сургууль, насан туршийн боловсролын 3 төв нийт 178 байгууллагад 1674 багш шаардлагатай байгаагаа зарласан. Үүнээс 409 нь бага ангийн багшийн орон тоо.







Нийслэлийн төрийн өмчит дунд сургуулиудын тухайд зарласан орон тоо дээрээ амлалт өгөхөд бэрхшээлтэй. Их хөлийн газар ихэнх нь ипотекийн зээл, цалингийн зээлд ээрүүлсэн тэд юугаа амлаж, боловсон хүчин дуудах билээ дээ. Үүнээс гадна ЕБС-иудад үйлчлэгч, СӨБ-ын байгууллагад багш мэргэжилтний хомстол бий болсон.
-Ипотекийн зээл дагасан байршлын шалтгаантай багшийн хомстол-
Өнөөдрийн хүчин төгөлдөр сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр явбал 2025 он гэхэд 40 мянга багшийн хэрэгцээ үүснэ. Багшийн ачаалал их байгаа учраас нэг хүүхдийн судлах хичээлийн тоонд өөрчлөх, сонголттой уян хатан хэлбэрт шилжих судалгааг эхлүүлсэн. Өнөөдөр жилд дунджаар 3000-3500 багш бэлтгэгдэн төгсдөг гэсэн судалгаа бий. Үүнийг үндэсний хэмжээнд аваад үзэхэд эрэлт хэрэгцээ нь тэнцвэртэй байдаг. Харин нэгж байгууллага дээр тулаад ирэхээр багш нарын шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор хомстол үүсдэг гэж БЕГ-аас мэдээлсэн. Жишээ нь, багш нарын 58 хувь нь ипотекийн зээлтэй. Ипотекийн зээлд хамрагдсан багш нар орон сууцаа сонгож, үүнийхээ ойролцоо ажлын байртай байхыг хүсдэг. Мөн төгсөж байгаа оюутнуудын 80-90 хувь нь хөдөө орон нутгийн хаягтай ч хотод үлдэж ажиллах сонирхолтой. Гэх мэтээр байршлаас шалтгаалсан ажлын байрны хомстол үүсч байгаа юм.
-Багш нарын 90 хувь нь ямар нэг төрлийн зээлтэй-
Боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарын 90 дээш хувь нь ямар нэг төрлийн зээлтэй. Тодруулбал, 77,2 хувь нь цалингийн, 61,9 хувь нь хэрэглээний, 58,9 хувь нь автомашины, 58,6 хувь нь ипотекийн, 58,3 сургалтын төлбөрийн, 60,5 бусад төрлийн зээлтэй байна. Багш нарын цалинг шат дараалан нэмж байгаа ч, тэд өөр мэргэжил рүү хөрвөх, Солонгос болон бусад улс орныг зорьж ажиллах нь нийтлэг. Энэ бүхнийг зөвхөн эдийн засгийн хөшүүргээр л өөрчлөхөөөс өөр аргагүй. Гэвч бүхэл бүтэн тогтолцоог богино хугацаанд өөрчлөнө гэдэг бас амаргүй. Орон нутгийн боловсролын байгууллагууд газар, байр, байшин бүр өвлийн идэш, сүү цагаан идээгээр таслахгүй хэмээн амалж багштай байхын тухайд эрвийж дэрвийхээрээ чармайж байна. Харин хичээл ороход арав хүрэхгүй хоног үлдээд байгаа энэ үед нийслэл 1674 багшийн орон тоогоо хэрхэн шийдэх юм бол...
Б.БАЯРТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яаанааа хэдэн хувийн сургуулиуд нь мөнгөөр зодоод багш нараа түүгээд бизнес болгоод явчина. гэтэл үлдсэн нөгөө улсын сургуулиудад нь дадлагын оюутнууд анги дааж аваад явж байх жишээний. Манай улс хүний нөөцийн хомсдолд бүрэн орж эхэлчихэж
Хүний нөөц бишээ. Буруу бодлого. Хэн хоногийн хоолол арай гэж аргацаах цалингийн төлөө ар гэр, үр хүүхдээ хаян түмний хүүхдүүдтэй стрессдээд, эцэг эхэд нь дарамтлуулаад явахыг хүсэх вэ. Яагаад энэ гоё амлалт өгсөн сумдуудруу ингэж олуулаа хүсэлт өгч байна. Ядаж нийгмийн амьдралыг нь сайхан шийдээд өгч байгаа болохоор. Ар гэртээ санаа зовохгүй бол ажилаа тухтай хийж чадна шүү дээ. Яанаа зээл хоолоо яах вэ гэж бодохгүй, яанаа энэ хүүхдийн хоцрогдлыг гээд үр бүтээл нь ч өөр гарна
Тэнцвэр алдагдахаар хэн хохирох уу. Хөөрхөн үрсээ эрдэм мэдлэгтэй болгохоор явуулсан эцэг эхчүүд хохирох уу. Ирээдүйн Монголын хөгжил хохирох уу. Бодох л хэрэгтэй. Хэн дуртай нь багш болчихгүй. Дөнгөж төгссөн оюутнууд наанадаж 5 жил багшилж байж арга барил тэр олон хүүхдийн учрыг олно.
Багш нарын цалинг нэмж торгоож кдийлэхгүй болжээ. Одоо ямар арга хэмжээ авах вэ
Багш мэргэжил үнэхээр чанга мэргэжил шүү. Өчнөөн олон хүүхдийн учир начрыг олох, олон эцэг эхчүүдийн итгэл найдварыг дааж явах гэх мэт. Гэтэл ингээд хомсдол эхлээд мэргэжилдээ дасаагүй олон хүмүүсийг шууд ийм үүрэг хариуцлага дээр буулгачихаар чанар нь төдий чинээ унана даа
Хомсдол өнөөдрөөс эхлээгүй. Багшийн мэргэжлийн шалгалт гэж авч эхэлсэн үеээс багшийн хомсдол эхэлсэн
Солонгос руу гарах асуудлыг цэгцэл!!!
Хүний нөөц биш Төлөвлөлтийн бодлого байхгүйгээс бүх зүйл болсоны гай гарч ирж байгаа байдал... Төвлөрсөн төлөвлөлт хэрэггүй гэж хашгирч гарч ирсэн нөхдүүдтэй хариуцлага тооцох цаг болсон...