East Asia Forum: Тэмээний ноос Монголын эдийн засагт тогтвортой байдлыг авчирна
“East Asia Forum” агентлаг тэмээний ноос Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлж болох талаар нийтлэл бичсэнийг орчуулж хүргэе. Тус нийтлэлийг Хонконг дахь Сити их сургуулийн дэд профессор Линда Тжиа, Японы Үндэсний бодлого судалгааны дээд сургуулийн дэд профессор Гуанье Лим хамтарч бичжээ.
1990-ээд оны эхээр онгол Улс социалист төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөлт зах зээл, дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагаанд шилжсэн. Энэхүү шилжилт нь хурдацтай өсөлтөд хүргэж, Монгол Улсыг “чонон эдийн засаг” гэж нэрлэхэд хүргэсэн юм. Улсыг асар их байгалийн баялаг нь экспортын орлого, аж үйлдвэржилтийг хөтөлсөн билээ. Гэвч энэхүү стратеги нь төгс шийдэл биш, түүхий эдийн үнийн хэлбэлзэл нь эдийн засгийн тогтворгүй байдал үүсгэдэг.
Тогтворгүй байдлыг багасгахын тулд Монгол байгалийн баялагт түшиглэсэн эдийн засгаа төрөлжүүлэхийг шинжээчид зөвлөж буй. Төрөлжүүлэх нэгэн ирээдүйтэй арга бол тэмээний ноос зэрэг бүс нутгийн өвөрмөц онцлогтой бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх явдал юм. Монголын засгийн газар болон олон улсын хандивлагчид эдгээр салбарыг дэмжихэд ихээхэн хүчин чармайлт гаргаж, хөдөөгийн өргөн уудам нутаг дэвсгэрийг шинэчлэн сэргээхэд анхаарч байна.
Хэдийгээр тэмээний ноос нь Монголын нийт экспортын багахан хувийг эзэлдэг ч экспортыг төрөлжүүлэх, эдийн засгийн дархлааг сайжруулахад тус болох чухал боломжтой. Одоо үед байгаль орчинд ээлтэй, ёс зүйтэй үйлдвэрлэлийн дадлыг эрхэмлэдэг загварын брэндүүд хөгжиж буй. Зарим судалгаа БНХАУ-ын эргийн бүсийн хувцас үйлдвэрлэгчид тэмээний ноосыг голлох түүхий эд болгон ашиглаж байгааг харуулж буй.
Тэмээний ноос нь ямаанаас гардаг кашмерыг бодвол илүү тогтвортой хувилбар. Ямаа хүнд бэлчдэг тул Монголын хээр тал болон цөлд хөрсний доройтол, цөлжилт үүсгэдэг. Харин тэмээ голчлон бутлаг ургамал, бусад малд тохиромжгүй ургамлаар хооллодог тул экосистемийг хамгаалахад тусалдаг юм.
Гэвч тэмээний ноосны үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажил тийм ч жигд бус явагдаж байна. Тэмээний ноосыг дэлхийн зах зээлд амжилттайгаар нэгтгэж, үнэлгээг нь нэмэхэд нийгэм-эдийн засгийн хэд хэдэн саад бэрхшээл тулгарч буйг судалгаанууд харуулж байгаа. Нэг гол асуудал нь тэмээчид болон боловсруулах үйлдвэр, үйлдвэрлэгчдийн хоорондын холбоо сул байгаа явдал. Наймаачид, зуучид тэдний хооронд зуучаар ажилладаг. Энэ байдал нь мэдлэг, нөөцийн солилцоог саатуулж, эерэг үр нөлөөг бий болгоход саад болж байна.
Олон улсын хандивлагчид малчид болон үйлдвэрлэгчдийн дунд холболтын арга хэмжээнүүдийг зохион байгуулах замаар энэ асуудалд шийдэл олохоор ажиллаж буй. Гэвч мэдээллийн тэгш бус байдлыг арилгах нь амаргүй хэвээр байна, учир нь эдгээр сүлжээнүүд нь зөвхөн эдийн засгийн гүйлгээнээс хамааралтай бус. Зуучид олон жилийн туршид наймаачид, малчидтай харилцаж ирсэн тул заримдаа гэр бүлийн холбоотой болсон ч тохиолдол бий. Ийм ойрын холбоотой болсон тэмээчдэд уян хатан санхүүгийн зохицуулалтуудыг санал болгодог нь бусад тэмээчдийн боломжийг шууд бус аргаар бууруулж байна.
Тэмээний ноосны салбарын засаглалын бүтэц мөн алдаа дутагдалтай. Жишээлбэл, зарим бизнес сэтгэлгээтэй малчид ботгоны ноосыг самнаж, зах зээлд гаргах боломжийг судалж буй. Хяргалгүйгээр самнасан тэмээний ноос нь кашмертэй адил нарийн ширхэгтэй байдаг. Гэвч ийм төрлийн техник, маркетингийн мэдээллийг ихэвчлэн олон улсын хандивлагчид л түгээж байгаа юм. Үүний үр дүнд цөөн малчид энэхүү нарийн ажиллагаатай, ашигтай бүтээгдэхүүний зах зээлд тодорхой байр суурь эзэлж чаджээ.
Мөн ноос боловсруулах ажил ложистикийн бэрхшээлүүдээс үүдэн саатаж байна. Орчин үеийн стандартаар үзвэл ноос боловсруулах нь технологийн хувьд хүнд биш ч дэд бүтэц шаардлагатай байдаг. Монголын өргөн уудам газар нутаг, хүн амын сийрэг байдал нь үйлдвэрүүдийг байгуулах, арчлахад хүндрэл учруулдаг. 1990-ээд оны зах зээлийн шинэчлэлийн дараа төрийн өмчит дэд бүтэц эрс буурснаас болж боловсруулсан ноосны чанар жигд бус болсон. Энэ эрсдэлийг бууруулахын тулд бизнесүүд ихэнхдээ угаагаагүй, хялгасыг нь салгасан ноосыг хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэлбэрээр шууд экспортлохыг илүүд үзэж эхэлсэн юм. Угаагаагүй ноосны ихэнх нь БНХАУ руу гарж, хялгасыг нь салгасан ноосыг цаашид боловсруулж бусад зах зээлд экспортолдог байна.
Хүн ам зүйн хүчин зүйлс нь эдгээр асуудлыг улам хүндрүүлдэг. Нийслэлээс гадуур иргэдийг ажиллуулах нь хүн амын төвлөрлийн улмаас бэрхшээлтэй болсон. 2020 онд Монгол Улсын нийт хүн амын 31.3 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байсан нь 2000 оны мөн үеийнхээс 10 гаруй хувиар буурсан үзүүлэлт юм. 2017-2020 онд хөдөө орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөнийг хориглосон. Гэвч энэ нь зөвхөн албан ёсны оршин суух бүртгэлийг саатуулж, хүмүүсийн хотоо зорих хөдөлгөөнийг зогсоогоогүй юм. Мөн Монголын залуу үе ерөнхийдөө илүү тогтвортой, хотын амьдралын хэв маягийг илүүд үзэж, илүү дээр ажил, амьдралын орчин, боловсролыг эрмэлздэг.
Үйлдвэрлэлийн үнэлгээний сүлжээний интеграцчиллаар дамжуулан хөгжлийг бий болгох нь маш нарийн нөхцөлд суурилсан, газарзүйн онцлогтой процесс. Бизнесийн аж ахуйн нэгжүүд үүнд гол үүрэг гүйцэтгэдэг. Гэвч зохих институциональ орчныг бүрдүүлэхгүйгээр үр дүнтэй, өргөн хүрээний эдийн засгийн ахиц дэвшил гаргах нь бараг боломжгүй зүйл. “Газарзүй нь хувь тавилан биш” гэх хэлц үг байдаг ч хөгжлийн хөтөлбөр боловсруулахдаа байршлын хүчин зүйлийг үл тоомсорлох нь гэнэн хэрэг болно. Ядаж л эдгээр асуудлыг илүү гүнзгий ойлгосноор санхүүгийн болон техникийн нөөцөө үр ашиггүй зүйлд зарцуулахаас зайлсхийх боломжтой.
Өөр нэг бодлогын ач холбогдол нь хөдөө аж ахуйн салбарын үүрэгтэй холбоотой. Хөгжиж буй эдийн засгуудын аж үйлдвэржилтэд нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд эхэндээ маш чухал байдаг. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь логистикийн үйлчилгээ зэрэг холбогдох эдийн засгийн үйл ажиллагаанд хөшүүрэг болж өгдөг юм. Боловсруулсан тэмээний ноосны үнэ өндөр байгаа нь бизнесүүд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд өөрсдийнхөө үүрэгт санаа зовниж байгааг илтгэж байна. Байгаль орчны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засагт өрсөлдөх чадвараа хадгалахад хийж болох сонголт бус зайлшгүй шаардлагатай хүчин зүйл боллоо.
Эх сурвалж: East Asia Forum
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орчуулгаа хяна