УЛС ТӨР

Цахилгааны хөнгөлөлт хэвийн үргэлжилж байгаа ч, Н.Цэрэнбат сайдаас болж зогсох эрсдэл үүсэх үү

Өнөөдөр /2019.12.11/ нэр бүхий олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Шөнийн тарифын хөнгөлөлтийн мөнгө Н.Цэрэнбатын багц руу оржээ” гэх мэдээлэл цацагдав. Тодруулбал, шөнийн тарифын хөнгөлөлтийн мөнгийг Агаарын бохирдлыг бууруулах төсөвтэй нэгтгэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын багцад суулгаж өгчээ. Энэ 2019 онд гэхэд агаарын бохирдлыг бууруулах ажилд 75 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Гэвч энэ мөнгө хэрхэн зарцуулагдсан нь тодорхойгүй гэж дурджээ.  

Гэтэл энэ өвөл эхлүүт л айлууд “шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдаж байгаа эсэх мэдэхгүй байна, цахилгааны төлбөр өмнөх сараас хамаагүй өндөр гарлаа” гэх мэт гомдол цахим орчинд нилээдгүй тархаж, шуурцгаасан юм.

2019 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын урамшуулалд 5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг олгож, дахин 5 тэрбумыг гүйцэтгэлээр олгохоор хүлээгдэж байгаа тухай мэдээллийг аравдугаар сард албаныхан онцолсон.  Цахилгааны шөнийн тарифыг тэглэхээр 2019 оны төсөвт 10 тэрбум төгрөгийг суулгасан бөгөөд цаашид цахилгааны шөнийн тарифийг тэглэхэд 23 тэрбум шаардлагатай байгаа тооцоо гарсан байдаг.

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэвийн үргэлжилж байгаа эсэхийг Эрчим хүчний зохицуулах хорооноос тодруулахад, “Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэвийн үргэлжилж байгаа. Н.Цэрэнбат сайдын сан руу орсон мөнгө манайхтай холбоогүй. УБЦТСтанц зэрэг компаниуд руу өгөх ёстой мөнгө гацчхаад байгаа гэсэн үг. Компаниуд хичнээн төгрөгийн авлагатайг нь өөрсдөөс нь тодруулбал тодорхой болох байх” гэлээ.

Тэгвэл Цахилгаан станцуудад гол түүхий эд болох нүүрс нийлүүлж байгаа “Багануур” ХК 9.6 тэрбум төгрөг,  “Шивээ-Овоо” ХК гэхэд 2.7 тэрбум, “Шарын гол” ХК 1.9 тэрбум, “Адуунчулуун” ХК  775 сая, “Таван толгой” ХК 294 сая, бусад уурхай 742 сая төгрөгөө авч чадахгүй байгаа аж.

Эл өрийн асуудлаас үүдэж шөнийн тарифын хөнгөлөлт төдийгүй эрчим хүчний салбарын санхүү хүндрэх нөхцөл байдал үүссэн гэх. Харамсалтай нь утааг бууруулахад ажиллах чиглэл бүхий яамны сайд Н.Цэрэнбат “Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлагаа хүлээнэ” гэж хэлж байсан билээ. Бодит байдал дээрээ ярьснаасаа эсрэг хийж, шөнийн тарифын хөнгөлөлт битгий хэл эрчим хүчний салбарт сайдын балаг тусах хэмжээнд томорчихсон яваа ажээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button