Өнөөдөр уушгины хатгалгаатай тэмцэх өдөр
Өнөөдөр дэлхийн "Уушгины хатгалгаа" өвчинтэй тэмцэх өдөр. Энэхүү өдрийг тохиолдуулан уушгины хатгалгаа өвчний талаарх мэдээллийг хүргэе.
Уушгины хатгалгаа гэж юу вэ?
Уушгины хатгалгаа гэдэг нь амьсгалын замын хамгийн жижиг хэсэг гэмтэж тэр хэсгүүд амьсгалд оролцож чадахгүйд хүрснээс үүсдэг уушгины үрэвсэл юм. Хүүхдийн уушгины хатгалгаа дараах шалтгаантай.
- Нян /хамгийн түгээмэл шалтгаан нь/
- Вирус
Ханиад томуу мэтийн вирусын халдварууд амьсгалын доод замын салстын гадаргууг гэмтээснээс уг хэсэгт нян орж амьдрах тааламжтай нөхцлүүдийг бүрдүүлдэг байна. Үүнээс гадна амьсгалын доод замын салст хавагнаснаас түүгээр орох агаарын хэмжээ ердийнхөөс буурна. Мөн салст их ялгаран дотроосоо бөглөрч агаарын урсгалд саад учруулна.
Хатгалгааны улмаас хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий болон бусад хийн солилцоо алдагдан цусанд нэвчин орох болон гарах үйл явц өөрчлөгдөнө. Зарим тохиолдолд уушгины нэг л дэлбэнг үрэвсэл хамрах боловч /дэлбэнгийн үрэвсэл/ ихэнхдээ том талбайг хамарч үрэвсүүлдэг.
Хатгалгааны үед ямар шинжүүд илрэх вэ?
Ханиад томуу мэтийн амьсгалын дээд замын үрэвсэл хатгалгаагаар хүндрэх нь элбэг. Уушгины хатгалгаа гэнэт хүнд хэлбэрээр буюу аажим, хөнгөн хэлбэрээр илэрдэг.
Хатгалгаатай хүүхдэд:
- Нэг минутанд амьсгалах амьсгалын тоо олшрох ба зовиуртай амьсгалах
- АТ>60 /хоёроос доош сартай/
- АТ>50 /хоёроос 12 хүртэлх сартай/
- АТ>40 /12 сараас таван нас хүртэл/
- Өндөр халуурах
- Цээж хонхолзох шинж тэмдэг илэрнэ.
Мөн бөөлжих, хоолондоо муудах, унтаарах ба тайван бус цочромтгой болох шинжүүд илэрнэ. Заримдаа амьсгалахдаа эмзэглэх, хэвлийгээр өвдөх зэргээр зовиурлана. Хуурай ханиалгах нь ч бий. Хүүхдийн биеийн эсэргүүцэл сайн, цус багадал, тураал мэтийн суурь эмгэггүй, цаг алдалгүй эмчид хандан эмчилгээ хийлгэсэн тохиолдолд хурдан төгс эмчлэгдэн, эдгэрнэ.
Ямар шинжилгээ шаардлагатай вэ?
- Хүүхдийг тань эмчилж буй эмч дараах аргуудаар оношлоно.Асуумж болон бодит үзлэгээр шинжилнэ.
- Цусны ерөнхий шинжилгээ. Энэ нь зарим тохиолдолд үүсгэгчийг ялгахад ач холбогдолтой.
- Цээжний рентген шинжилгээ. Оношийг батлахын тулд энэхүү шинжилгээг авдаг.
Ямар эмчилгээ хийлгэх вэ?
Гэрээр эмчлэх: Хатгалгаатай хүүхдийн зарим нь гэрээр эмчийн заавраар эмчлэгдэх боломжтой байдаг. Үүнд:
- Сайн амраах,
- Бага хэмжээгээр шингэн зүйлийг ойр ойрхон уулгах
- Зарим төрлийн антибиотикийг уухаар өгөх /Эдгээр эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ/
- Тайвшруулах, тэврэх, суулгах гэх мэт.
Хатгалгаатай хүүхдэд хэзээ ч ханиалгалтын нэмэгдүүлэх зүйлс хэрэглэхгүй. Тамхи ханиалгалтыг улам нэмэгдүүлдэг тул хүүхдийн эргэн тойронд тамхи татуулахыг хориглоно. Мөн арц уугиулж болохгүй.
Эмчилгээг гэрээр хийхээр бол тасалгаанд агаарын солилцоог хийх шаардлагатай. Учир нь эрүүл агаар нь амьсгалах болон цэр ховхрох явцыг сайжруулж, нойрыг хэвийн болгодог ач холбогдолтой. Үүнээс гадна хүүхдэд шингэн зүйл сайн уулгаж, аньсны шүүс, нохойн хошууны ханд уулгаж биеийн эсэргүүцлийг сайжруулах хэрэгтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.