“Суут найрагч Их Нацагдорж “ бүтээлийн өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа
Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 118 жил, түүний гэгээн үйлийг сурталчлах,түүний нэрэмжит хэмээгдэн өргөмжлөгдсөн шинэ цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театрын 93 жилийн ойн баярын хүрээнд Д.Нацагдоржийн хөшөөнд үе үеийн уран бүтээлч, яруу найрагчид цэцэг өргөх ёслолд оролцлоо.
1906 оны 11 дүгээр сарын 17-ны энэ өдөр Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, соён гэгээрүүлэгч, яруу найраг, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч, орчуулагч Д.Нацагдорж мэндэлжээ.
Тэрээр түшээт хан аймгийн Дархан Чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт Гүн Галуутай (заримдаа Мэлзэй гэдэг) хэмээх газар хохь тайж Дашдоржийнд мэндэлсэн хүү 31 насалсан билээ. Ингэхдээ монголын уран зохиолд яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолын олон сайхан бүтээл туурвин нэрээ мөнхөлж, хойч үедээ оюуны өв үлдээсэн гавьяатай.
Суут найрагч Дашдоржийн Нацагдоржийн гэгээн дурсгалыг хүндэтгэн бүтээлийн номын тухайд чуулан цуглав. Ардын цэнгэлдэх хүрээлэн хэмээх Бөмбөгөр ногоон театрыг өргөтгөж 1931 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 50-р тогтоол гарч “Улсын төв театр ” байгуулагдсан аж.
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1966 оны 154 дүгээр тогтоолоор Драмын театрыг Д.Нацагдоржийн нэрэмжит болгосон ба 1981 онд Улсын Драмын Театр Академик хэмээн өргөмжлөгджээ. Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, соён гэгээрүүлэгч, яруу найраг, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч, орчуулагч Д.Нацагдоржийн нэрэмжит болсон “ УДЭТ-ын эрхэм зорилго нь “Мэргэжлийн уран бүтээл туурвиж ард түмнийг соён гэгээрүүлэх оюуны хөтөч нь байх” хэмээн тодорхойлсон аж.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дурсах гавъяатай сайхан юм!