Энэ жил түрээсийн даашинз 50-100 мянган төгрөгийн ханштай байна
Анхны цас бударч, орчин тойрныг цагаан өнгөөр будахад хүн бүрийн дурсамжид ногоон гацуур, өнгө өнгийн тоглоом, цагаан сахал, улаан хувцастай өвлийн өвгөн, улаан хамартай цаа буга гээд сэтгэл гижигдэж, догдлол мэдрүүлсэн шинэ жилийн баяр санаанд ордог. Жилийн хугацаанд хийсэн бүхэндээ дүн тавьж, шинэхэн зорилготойгоор шинэ оноо угтдаг тус баярыг монголчууд өргөн хүрээнд, ач холбогдол өгөн тэмдэглэдэг.
Тэгвэл охид, бүсгүйчүүд баярын гоёлынхоо эрэлд хэдийнэ гарчээ.
Даашинз түрээсийн үйлчилгээ 30-100 мянган төгрөгийн үнэтэй. Загвар нь хуучирч 2-3 жил болсон даашинзнуудаа 30-50 мянган төгрөгөөр түрээслэж байлаа.Сүүлийн жилүүдэд хослон өмсдөг шинэ жилийн загвартай хос цамц 25-40 мянган төгрөгийн үнэтэй байна.
Гоёлын даашинз түрээсэлнэ гэх цахим группт эмэгтэйчүүд өдөр болгон даашинзны зураг болон мэдээллээ постолж байна.
Даашинз түрээсэлдэг эмэгтэйтэй цахимаар холбогдож, дараах тодруулгыг авлаа.
-Энэ жилийн хувьд эмэгтэйчүүдийн дунд түрээсийн гоёлын даашинз хэр зэрэг эрэлттэй байна вэ?
-Жил бүр л эрэлт ихтэй байдаг. Би Бөмбөгөр худалдааны төвд, гоёлын даашинзны лангуутай. Гоёлоо үзэж байгаа эмэгтэйчүүдээс "Энийг түрээслэх үү" гэж их асуудаг. Дийлэнх бүсгүйчүүдэд прокатын даашинз хэрэгтэй байгааг мэдээд, бараануудаа түрээслэж эхэлсэн. Шинээр ирсэн даашинзнаасаа ганц хоёрхон даашинз түрээслэдэг. Ихэнх нь арай хуучин буюу өнгөрсөн жилүүдийн гоёл байдаг.
-Түрээсийн үйлчилгээний талаар илүү дэлгэрүүлбэл?
-Тухайн иргэнээс иргэний үнэмлэх, 20-30 мянган төгрөгийг барьцаа болгож авдаг. Хэрвээ хэлсэн цагтаа авчирч өгөхгүй бол алданги тооцох зарчмаар тохиролцдог.
-Түрээсийн даашинзаа авчхаад, өгөхгүй байх тохиолдол бий юу, ер нь ямар асуудал үүсдэг вэ?
-Мэр сэр тиймэрхүү явдал гардаг. Гоёлын даашинзаа авяхаад, блоклоод алга болчихдог. Өнгөрсөн жил хэд хэдэн хүнд хулхидуулаад, хэдэн иргэний үнэмлэхтэй л үлдсэн дээ. Энэ төрлийн бизнесийг цагдаад гомдол мэдүүлээд амжилт олохгүй шүү дээ. Тиймээс хүнд найдаж, өгөхдөө нэлээн няхуур байдаг болсон. Даашинзаа угааж, цэвэрлээд өгдөг. Буцаад ирэхдээ урагдана, энд тэнд нь юм асгачихсан байна. Зарим нь бүр элдэв үнэр шингэчихсэн байдаг. Энэ нь их хэцүү. Бусдаар дажгүй ээ. Эмэгтэйчүүд маань баяр дээрээ ганган сайхан байгаа гэж бодохоор таатай байдаг аа.
-Энэ жил таны түрээсийн үнэ хэд орчим төгрөг вэ?
-Ер нь гайгүй ээ. 45 мянгаас нэг зуун мянган төгрөгийн хооронд түрээсэлж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Турээсийн хувцас хэрэггуй зугээр л байгаа, еерийнхээ цэвэрхэн хувцастайгаа идэж ууж шинэ оноо тэмдэглэцгээ.. Хэрэггуй юманд хун дуурайцгаадгаа бодоо.