Нийгэм мэдээ

"Улаанбурхан туссан бол цааш 15 хүнд халдварлуулдаг, нууц үе 7-28 хоног тул шинж тэмдгээ сайтар анзаараарай"

Вьетнам улсаас зөөвөрлөгдсөн Улаанбурхан өвчний гурван тохиолдол бүртгэгдээд байна. Тэд энэ сарын 28-ны өдөр Фүкүок-Улаанбаатар чиглэлийн онгоцоос ирсэн хүмүүс байжээ. Улаанбурхан өвчний нууц үеийн хугацаа урт тул ХӨСҮТ-өөс өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр,

"Вакцинжуулалтын хувьд, бага насны хүүхдийг 9 сартайд болон 2 настайд хамруулдаг. Өртөмтгий бүлэг үүнээс тодорхой харагдана. Тэгэхээр вакцинд хамрагдаагүй болон амьдралынхаа туршид Улаанбурханаар өвдөөгүй хүмүүс тусах боломжтой.

Хурдан тархдаг өвчин. Ковид авсан хүн дөрвөн хүнд тараана гэдэг. Харин Улаанбурханы хувьд энэ тоо 15 болж өснө. Өөрөөр хэлбэл, Улаанбурхан өвчнөөр өвдсөн хүнтэй зөрөөд өнгөрөхөд, нэг өрөөнд ороод гарахад халдвар авах боломжтой.

Иймд вакцинд хамрагдаагүй хүүхдүүд байвал хамрагдах шаардлагатай байна.

Эмнэл зүйн хувьд, бага насны хүүхэд илүү хүндрэх эрсдэлтэй. Одоо хяналтад буй нэг хүүхэд өндөр халуурч, туурч байна, биеийн байдал хатгаа болж хүндэрсэн байна.

Иргэд Цагаан сар, баяр дөхөхөөр халдварт өвчний мэдээлэл тараалаа гэж хардаж байх шиг байна. Баяртай ямар ч холбоогүй. Томуу, томуу төст өвчин баярын дараа үргэлж эргэн дэгддэг. Сурагчдын амралтын дараа дэгдэлт харьцангуй багассан байна. Гэхдээ долоон хоногийн дараа Цагаан сар болно. Зөөвөрлөгдсөн Улаанбурханы тохиолдлууд батлагдаж байгаа учраас иргэд анхаарал болгоомжтой байх шаардлагатай байна" гэлээ.

-Тусаж байсан хүн дахиж тусах уу?

-Үгүй. Вакцин хийлгэсэн, өмнө нь өвдсөн бол халдварлахгүй. 0-9 сартай хүүхэд вакцинд хамрагдах насных биш учир, тэр насны хүүхдүүдэд онцгой анхаармаар байна.

-Нэг онгоцоор ирсэн тэдгээр хүмүүст тусгаарлах зэрэг арга хэмжээ авах уу?

-Шинж тэмдэг илрээгүй л бол гэрийн хяналтад байх ёстой. 230 зорчигчтой холбоотой мэдээллүүдийг авч, зорчигч бүрд хандсан. Утас нь холбогдохгүй хүмүүс бас байна. Нэгэнт дандаа зөөвөрлөгдсөн тохиолдлууд бүртгэгдэж байгаа учраас шинж тэмдгээ анхааралтай ажигламаар байна. Вьетнамаас шууд Монголд ирсэн, онгоц нь буцсан. Энэ аяллаар ирсэн хүмүүс дээр ХӨСҮТ-ийн Фэйсбүүк хуудсаар мэдээлэл тараасан байгаа. Энэ онгоцны 230 зорчигч дотор вакцинд хамрагдаагүй хүүхдүүд, насанд хүрсэн хүмүүс байгаа юм билээ. Нууц үеийн хугацаа 7-28 хоног гэж ойлгох хэрэгтэй.

Зарим хүний шинж тэмдэг Монголд ирснээс долоо хоногийн дараа илэрсэн байх жишээтэй. Тэгэхээр халдвар авчихсан, шинж тэмдэг илрээгүй байх магадлалтай. Нууц үе урт гэдгийг анхааруулж байна. Тууралт эхлэхээс тав хоногийн өмнөөс эхлэн халдвар тараах боломжтой байдаг.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Ярилцлага өгч байгаа хүнийхээ албан тушаалыг зөв бичмээр байна.

Холбоотой мэдээ

Back to top button