Нийгэм мэдээ

Габриэль Гарсиа Маркез энэ өдөр мэндэлжээ

Колумбийн алдарт зохиолч, утга зохиолын салбар дахь Нобелийн эзэн Габриель Гарсиа Маркез энэ өдөр мэндэлжээ. Тэрээр 1927 оны гуравдугаар сарын 6-нд Колумби улсын Аракатака хотод төрсөн юм.

Багаас гүнзгий бодол, адтай сэргэлэн хоёрыг хослуулан төлөвшсөн Маркез эхэндээ "Зохиолч болбол ердийн суутнуудын л нэг болчихно. Сервантесын дайд хүрэхгүй бол дэмий" гэж хэлж байв. Намтар номд нь дурдагдсан энэ үгээр бяцхан Марзек өөрийн потенциалыг танин мэдсэн, өөрөө өөртөө ихээхэн итгэлтэй байсныг харж болох юм.

Хэдийгээр тэр хуулийн сургуульд элсэн, эхэн жилүүдэд асар амжилттай суралцаж байсан ч утга зохиол, сэтгүүл зүйн салбарт татагдсан. Улмаар их сургуулиа дүүргэлгүй, шууд сэтгүүлчийн карьер хөөсөн юм. Энэ жилүүддээ тэрээр дэлхийн цөөнгүй орноор аялан сурвалжилга, тэмдэглэл бичсэнээ нийтлүүлж байжээ. Мөн анхны роман "Навчсын шуурга", "Хурандаад хэн ч бичихгүй" хоёроо урагшлуулсаар байсан юм.

Маркез өөрийн төрж өссөн Колумби нутгийн түүхэн замнал, ард нийтийн хувь зохиолыг ихээхэн судалж мэдэрснээс гадна бага насны дурсамжаа гаргууд санадаг, түүнийг тунгаан боловсруулдаг чанараа хослуулснаар шидэт реализмын үндсийг тавьжээ. Улс төрийн үйл хэрэгт ч шууд бус мөртлөө үлэмж нөлөөтэй амьдарсан Маркез ихээхэн олон талт нэгэн байв.

Үсний сэнсээ хүртэл зарж үрэн байж хэвлүүлсэн "Зуун жилийн ганцаардал" роман нь хойшид дэлхийн олон орны зохиолчдод үлгэр дуурайл болсон, Нобелийн шагнал ч хүртэж Маркезын алдар хүндийг нэгэнт мөнхөлсөн юм. Цөөнгүй зохиолч Нобель аваад зохиол бүтээлийнх нь чанар мууддаг бол Габриель Гарсиа Маркез "Тахлын үеийн дурлал", "Эзэнтний намар" зэрэг илүү хүчирхэг, нарийн роман хийгээд өгүүллэгийн хэд хэдэн түүвэр хэвлүүлж, бичсээр л байлаа.

Хамгийн сүүлд "Наймдугаар сард уулзъя" хэмээх бэсрэг романаа бичиж дуусгалгүй, мартаж санах өвчнөөр шаналж байгаад 2014 онд нас барсан.

Габо гэж дуудагддаг Маркез өөрөө гайхамшигт зохиолчоос гадна бусдад үзүүлсэн нөлөөгөөр дэлхийд төдийгүй Монголд ч толгой цохих нэгэн билээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button