НИЙГЭМ

Ж.Баярмагнай бид хоёр

Миний гээд өмчилсөн андуудыг минь хүн бүхэн таних албагүй ч би л сайн таньдаг бол болох нь тэр. Надад бол олон салбарын танил нөхөд бий. Тэр дундаа газар тариалангийн салбарын нөхөд дэндүү олон. Тийм нөхдийн нэг нь буриад хөвүүн Жалсрайн Баярмагнай.

Тэр бид хоёр Алтанбулагт гар барин танилцсанаас хойш 27 жил өнгөрчээ. Ялгаатай нь тэр дээшээ өгсөж, би нэг хэвэндээ 27 жил болж. Агрономич гээд давхиж явахад нь анд болсон. Компанийн захирал болсон, сумын дарга болсон, аймгийн орлогч болсон, аймгийн дарга болсон, агентлагийн орлогч болсон, хүрээлэнгийн захирал болсон...Тэр бүхэнд би гэдэг хүн радиодоо л байсаар авай.

2005 онд тэр надад нэг үг хэлсэн юм. Тэр нь “Тариа бид хоёр газрын харьяат” гэсэн үг байлаа. Тийм ээ, тэр газрын харьяатаа баталсаар гавьяат болчихлоо. Дорж докторыг чухамхүү хүндлэнэ. Буриад руу давхиад эрдэмтэн болчихлоо. Тэр Буриад Улаан-Үд хоёрыг байсхийгээд л дайлаар морддог сон. Тэгж ч техник сэлбэг, ингэж ч буудай тариа, үр бордоо гээд...Мөн ч олон удаа хамт явж зам хөөсөн дөө. Эзэнтэй, эзэнгүй ялгаагүй Алтанбулаг дахь гэрт нь давхиад л очно. Тэр орос бахиал, хөвөнтэй курткээ өмсөөд л гарна. Яг л газрын харьяат шиг явна. Жинхэнэ агрономич шиг байна. Дарга дорго болж хүн загнаж ажил амжуулж янз янзаар л явсан.

Цээжнийхээ мухарт бат хадгалж явсан нь түүний “агрономич” хэмээх мэргэжил юм. Аав нь ХАА-н мэргэжилтэн болохоор Баярмагнай Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд эхээс мэндэлсэн гэж байгаа. Түүний бага нас Ерөө голын эрэгт өнгөрсөн. Хөл бөмбөг өшиглөж, гутлын хоншоор цоолсон дүрсгүй шар нөхөр. Хатуу чанга аав нь түүнд хал хайраа зэрэг үзүүлж тэр уурын зууханд галч хүртэл хийгээд авсан. Нутгийнхан, үеийнхэн нь “ногооноо” л гэнэ. Үнэн л юм чинь яахав. Буриад хүний зан түүнээс байнга үнэртэнэ. Нэг муу хүндээ муу, сайн хүндээ хир халдаахгүй зантай. Хүн ер нь хүн бүхэнд таалагдах албагүй.

Тулгарсан ажлаа амжуулах, зорьсон зорилгодоо хүрэх нь аливаа бодгалийн ёс. Хэрхэн, яаж хүрэх нь хүн бүрт янз бүр. Хиагтын хэдэн буриадтай хятадаас наахнуур яриад хэл амаа олчихдог энэ нөхөр шинэхэн агрономч явахдаа байцаа мулт өшиглөсөн паянтай. Миний багш “Бүдүүн дуут”-аас жавтий хүртсэн удаатай гэж байгаа. Шалгаад мөшгөөд үзсэн чинь түүний зөв байсан тухай ярьцгаадаг сан. Өө, бид хоёрын нойргүй хонож талбай эргэсэн, ном үзэж үүр цайлгасан гээд олон олон дурсамж хөглөрч л байна. Би ямар хүний намтар бичиж суугаа биш.

Түмэн тохиолдлын дундаас тогоруу идэш хайж яваа юм шиг л шүүрдэж байгаа юм. Ямар боловч бидний 27 жил нөхөрлөхөд үр хүүхдүүд том болж, өрх тусгаарлаад цаг хугацаа л биднийг урт наслуулж, удаан жаргуулвал ажрахааргүй болжээ. Магнай чи “агрономич” шүү. Бас дээр нь буриад шүү. Оюунцэцэг бол Магнайн ар талын хүчирхэг эмэгтэй. Тэр үгүй бол бид юусан билээ.

Энд байршуулсан зураг дээр эдний бага хүү Бадрах тийм л жижигхэн нөхөр байсан. Ер нь ах дүүсээрээ оюуны их чадавхитай. Дүү нар нь ч намайг танихын дээдээр танина. Анд чамайг гавьяат болсонд зориулан баяр хүргэлтийн сонгосон арга минь энэ л байлаа. Өнөөдөр (өчигдөр) тусгаар тогтосон Монголын баярын өдөр.

Соёлын гавьяат зүтгэлтэн ЛХАНААГИЙН МӨНХТӨР

Ж.БАЯРМАГНАЙН АЖЛЫН ТОВЧООН

1982-1983 он Сэлэнгэ аймгийн ХААУГ-ын Агрономич

1983-1992 он Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий агрономич

1992-1996 он “Чагтай” ХХК-ийн Ерөнхий захирал

1996-2000 он Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга

2000-2004 он Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч

2004-2008 он Сэлэнгэ аймгийн Засаг дарга

2009-2010 он Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮГ-ын дэд дарга

2010-2012 он Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Захирал

2012-2013 он Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга

2013 оноос “Чагтай” ХХК-ийн Ерөнхий захирал.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button