Өдрийн сурвалжилга: Иргэд 24 цагийг шатахуун, түгжрэл хоёрт өнгөрөөж, ажилдаа ч явж чадахгүй байна
Улсын хэмжээнд шатахууны нөхцөл байдал хүндэрч "өндөр"-ийг авлаа. Ингэж хэлсний учир иргэд өдрийн 24 цагийг шатахуунд дараалж зогсох, замын түгжрэл хоёрт зарцуулж байна. Улмаар гэртээ тайван хооллох, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх тэр бүү хэл ажилдаа ч явах завдалгүй болжээ.
Манай сурвалжлах баг өглөөний 10:00 цагийн орчимд БЗД-ийн 1-р хороо, Сансар ШТС-ын урд байрлах Петровис ШТС-д очлоо. Тус ШТС өглөөний 04:00 цагаас эхлэн Евро стандартын автобензин олгож эхэлжээ. Биднийг очиход нэг километр орчим урт дараалал үүссэн, иргэд урд оройны 18 цагаас эхлэн зогсож, машиндаа хоносон нөхцөл байдалтай байв.
Видео:
Энэ тухай иргэдээс тодруулахад "Шатахуун авах гэж ажилгүй болох нь. Өчигдөр орой 18:00 цагаас 100 айлын ШТС-д хамраараа таслуулаад энд ирж хоноод өнөөдөр 10 цаг гэхэд шатахуунаа аваагүй, хэзээ авахаа мэдэхгүй зогсож байна. Шөнө машиндаа хоносон, хүйтэн байна лээ. Ажлаас захирал залгаад баларч байна" гэлээ.
Мөн өчигдөр буюу 10-р сарын 27-ны оройны 22 цагт ирсэн жолооч "Өнгөрсөн шөнө шатахуунд дараалж байгаад авч чадалгүй энд ирсэн. Энд өглөө 04 цагаас эхэлж өгнө гэхээр нь горьдоод хоносон юм. Хоноод 24 цаг боллоо одоо хүртэл аваагүй л байна. Хэзээ шатахуунтай болохоо мэдэхгүй зогсож байна. Амьдралын тал нь шатахуун авах гэж, үлдсэн жаахан цагаа түгжрэлд өнгөрөөнө. Гэр бүлдээ цаг зарцуулах нь битгий хэл ажилдаа ч явж чадахгүй байна" хэмээн ярилаа.
Үргэлжлүүлэн бид БЗД-ийн 4-р хороо Сэлэнгэ Зочид буудлын хажууд байрлах Горгаз ШТС дээр очлоо. Тус ШТС өглөөний 07:00 цагаас энгийн АИ-92 автобензин өгч эхэлжээ. Улмаар жолоочид шатахуун өгөхийг нь хүлээж машиндаа хоносон байна.
Энэ тухай жолоочид "Би энд шатахуун хүлээж хоносон. Бензин дуусах гээд машинаа замын хажууд гаргаж тавиад, урд хойно байгаа хүмүүсээрээ дарааллаа захиулж байна. Шатахууны хүртээмжийг нэмэгдүүлмээр байна. Шатахуун түгээх станцын гадна хонож, өнжөөд хүлээнэ гэдэг хэцүү. Одоо хүйтэрч байна шүү дээ. Бензин авдаг хүмүүсийг бүртгэж, хэд хоногийн дараа шатахуун өгдөг зохицуулалт хийвэл зүгээр санагддаг. Өвгөн ах нь хүйтэнд ШТС-ын гадаа машиндаа хонож байна гэдэг амаргүй. Нэг удаа банкаа дүүргэсэн иргэн долоо хоногийн дараа дахин бензин авах эрхтэй болговол зүгээр байна. Ингэвэл хотод ажиллаж амьдардаг хүмүүст ч боломжтой шийдэл шүү дээ" гэв.
ШТС сахиж хоносон иргэдийн машин шатахуунгүй болж унтарсан учраас урд талынхаа машинаар чирүүлсэн, зарим нь түрсэн нөхцөл байдалтай байв. Энэ тухай иргэн "Өглөөний 05 цагаас эхэлж шатахуунд дараалж зогссон. Арын машин шатахуунгүй болж унтраад чирүүлж байна. Авч чадаагүй долоон цаг боллоо. Ер нь тэгш, сондгойгоор явуулдаг болмоор юм шиг. Ядаж л 10 хоноод дуусдаг шатахуун 20 хононо шүү дээ. Түгжрэл ч алга болно. Өдрийн талыг шатахуун авах гэж, үлдсэн цагаа түгжрэлд өнгөрөөж байна. Амьдрах арга алга" хэмээлээ.
Машинаа ШТС түрж буй иргэн "Шөнө энд тавьж орхиод өглөө 07 цаг гээд ирсэн. Одоо хүртэл аваагүй байна. Шатахуун дуусаад машин унтарсан. Ахыгаа гуйж дуудаад араасаа түрүүлээд явж байна" гэлээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.