Нийгмийн

Б.Батзориг: Он гарсаар есөн хүүхэд гэртээ галд өртөж амиа алдлаа

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригтой цаг үеийн асуудлуудаар ярилцлаа.

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

Нийслэл хотод энэ оны эхний 11 сарын байдлаар хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24,7 хувиар, хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон үзүүлэлт 30,7 хувиар тус тус буурсан байна. Ихэвчлэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон хулгайн гэмт хэрэгт холбогдож, хохирсон байгаа нь анхаарал татаж байна. Түүнчлэн золгүй байдлаар ахуйн хүрээнд бэртэж гэмтэх, улмаар амь нас, эрүүл мэндээр хохирох тохиолдол гарсаар байна. Энэ жилийн хувьд ковидоос шалтгаалж хүүхдүүд гэр бүлийн орчинд дийлэнх цаг хугацааг өнгөрүүлж байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлага нэгдүгээрт гэдгийг хэлмээр байна.

Бага насны хүүхдүүд орон гэртээ галд өртөж нас барсан хэрэг бүртгэгдсэн байна. Энэ талаар та мэдээлэл өгнө үү?

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд айлын гэр шатаж байгаа дуудлага цагдаагийн байгууллагад 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн. Үүнд бага насны 2 хүүхэд өртсөн тохиолдлыг шалгаж байгаа тул хуульд зааснаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ бүү цоожилж үлдээгээч гэж олон ч удаа энэ чиглэлийн байгууллага, алба хаагчдаас сэрэмжлүүлэг өгч байна.  Хаана анхаарал болгоомжгүй хайнга байдал байна, тэнд эрсдэл үүсэж байна шүү дээ.

-Он гарсаар ийм төрлийн золгүй явдал хэд бүртгэгдсэн бэ?

Он гарсаар хүүхдүүд орон гэртээ гал түймрийн аюулд өртсөн есөн харамсалтай тохиолдол бүртгэгдлээ. Таван удаагийн галд 9 хүүхэд өртөж нас барлаа. Цаашид ч эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Иймд хүүхдээ галын болон бусад аюул ослоос мултрах боломж, аюулгүйн зааварчилгааг өгөх хэрэгтэй байна. Тэр битгий хэл эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг хугацаанд нь авч эмчилгээг бүрэн хийлгэхгүй тоомжиргүй явсаар өвчин нь хүндэрч амь нас хохирох, нярай хүүхдээ хэвтээ байдлаар хөхүүлэхдээ өөрөө унтаж хөхөөрөө дарж амьсгалыг нь боогдуулах гэх мэт золгүй тохиолдол гарч байна. Яавал хүүхдэдээ аюулгүй, осолгүй байх вэ гэдэг дээр эцэг, эхчүүд бодмоор, анхаармаар зүйлүүд байна.

Цагдаагийн байгууллагаас иргэд олон нийтэд, ялангуяа эцэг, эхчүүдэд юуг онцлон анхааруулах вэ?

Хүүхдүүд гэмт хэргийн золиос болохоос илүүтэй ахуйн осолд өртөх магадлал их байна.  Цагдаагийн байгууллагаас “Сэргийлэгч хүү, охин”-ы дүрээр хүүхдийн аюулгүй байдлын 70 төрлийн зөвлөмж бэлтгэн олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан байгаа. Хүүхдийн аюулгүй байдлын чиглэлээр бэлтгэсэн тус зөвлөмжийг мөн хүүхдүүдийн ихээхэн сонирхон үздэг Дрийм ТВ гэх мэт телевизүүдээр тогтсон хугацаанд цацаж байгаа. Үүнийг хүүхдүүддээ үзүүлээрэй гэж хүсмээр байна. Тухайлбал хүйтний улиралд орон гэртээ халаагуур /тень/ залгах тохиолдолд хүүхдүүддээ цахилгааны залгуур, утас зэргээр тоглож болохгүй, нойтон гараар хүрч болохгүйг, чүдэнз галаар наадаж болохгүйг сайн ойлгуулах хэрэгтэй. Бага насны хүүхдийн дэргэд чүдэнз, асаагуур, янз бүрийн цэвэрлэгээний бодис, эм тариа, иртэй үзүүртэй зүйл байлгахгүй байх, халуун тогоог хол байлгах, цонхоор унахаас сэргийлж хаалт хамгаалалт хийх, хамгийн чухал нь хүүхдийг харгалзах хүнгүй гаднаас нь цоожилж үлдээхгүй байх гэх мэт олон санамжийг өгмөөр байна.

-Гал гараад байгаа гол шалтгаан нь цахилгааны утас, цахилгаан хэрэгслүүд нь шаардлага хангахгүй байснаас болж байна уу?

-Тийм ээ. Таны гэрт байгаа цахилгаан хэрэгсэл хэр чанартай вэ, утас нь халж, шалбарсан, халалт үүсэж хайлж байна уу, масс үүсэж байгаа эсэхийг тогтмол шалгаж байх хэрэгтэй. Олон зүйл зэрэг залгахгүй байх, утаа мэдрэгч дохиоллыг стандартын дагуу ажиллуулаагүйгээс угаарын хийнд хордох аюул байгаа юм. Монгол гэрийн янданг галд тэсвэртэй материалаар хамгаалалт хийж, яндангийн цонолт халалтаас сэргийлэх, үнс нурмаа ил задгай асгахгүй, заавал төмөр сав поошигт хийж байх, гэртээ галд шатамхай бензин, бусад тослох материал хадгалахгүй байх ёстой.  Удахгүй шинэ жил болох нь. Бенгалын галаар тоглох, шинэ жилийн гацуур модоо цахилгаан гэрлээр чимэглэх зэрэг бас л эрсдэл үүснэ. Үүнд байнгын сонор сэрэмжтэй хандаж байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

Мөн түүнчлэн хүүхдийн цахим орчны хэрэглээг эцэг, эхчүүд хянаж байх шаардлагатай байна. Таны хүүхэд хэтэрхий олон цагаар цахимд суугаад байна уу, хэнтэй чатлаад байна, ангийнхаа чат грүппт ангийнхаа хүүхдийг доромжлоод цахим гадуурхалд өртүүлж байгаа юм биш биз. Бас таны хүүхэд үе тэнгийн гадуурхалд өртөөд сэтгэл санааны хувьд гунигтай, айдастай, уйтгар гунигт автан амьдрах сонирхолгүй болоод байгаа юм биш биз гэдгийг анхаарч байгаарай.  Өсвөр насны хүүхдээ ажиглаж байх, гар утсыг нь заримдаа үзэж шалгаж байх, хоорондоо ярилцаж санал бодлыг нь сонсож байх зэргээр хүүхэдтэйгээ хэрхэн харилцах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй гэж эцэг, эхчүүддээ зөвлөе.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button