УЛС ТӨР

“Сэтгэл нь сайхан юм даа”

Өчигдрийн /2021.04.02/ УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хэлсэн үг сенсац дагуулж байна.

Үдээс өмнөх хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр ерөнхий агуулгуудыг нь сайд танилцуулсан юм.

Үүгээр “Архийг шилээр нь биш, хундагаар нь зардаг болно” гэж яригдсан. Ингээд халбага пивоны онигоог реалити болгох нь дээ гэсэн шүүмжлэл нийгэмд газар авлаа.

Х.Нямбаатар сайд мөн насанд хүрсэн хоёр монгол эр хүн тутмын нэг нь архины хамааралтай байна гэж мэдэгдсэн. Мөн л цочроох тоо. Гэхдээ нөгөө талд архидалт гэдэг монголчуудын өмнө тулгамддаг хамгийн бэрх асуудал мөнөөс мөн байдаг.

Улс төрчийн хувьд уг асуудалтай тэмцэх хүрээнд хууль санаачилж, өргөн барьж байгаа нь буруутгах өнцөг биш ч хуулийн агуулга нь өөрөө асуудал дагуулж байгаа юм. Ер нь үеэс үед архидалтыг бууруулах чиглэлд өргөн баригдсан хуулийн төслүүд үргэлж логикгүй, амьдралгүй гэж шүүмжлүүлдэг.

Энэ удаад,

  • Хүний сэтгэл зүйн мөн чанарыг бодолцож үзээгүй
  • Ардчиллын суурь зарчим болох хувь хүний сонголт хийх эрхийг хүндэтгээгүй гэсэн хоёр өнцгөөр шүүмжлэл хүлээж байна.

Хүн гэдэг амьтан аливаа хэрэглээ нь хязгаарлагдаж, танагдаж, цензур хэмжээ тогтоогдох тусам улам шунан дурладаг сэтгэл зүйтэйг хэдэн зууны өмнө тогтоосон. Үнэн хэрэгтээ нэг л хундага уугаад өөрийгөө хязгаарлачихдаг байсан бол өнөөдөр архидалт ийм хэмжээний асуудал болохгүй. Нэг хундага нь хоёр, цаашаа гурав, дөрөв болоод явах, энэ нь архи үйлдвэрлэгчдэд хундага бүрээс илүүц ашиг хүртэх боломж олгох нюанстай байхыг үгүйсгэхгүй. Мэдээж далд бизнес. Архийг ор тас хориод, архидалд багассан ч далд гэмт хэргүүдийн гаралт нь дийлдэхээ байсан жишээ АНУ-д бий. Нийгэм дэх бүх процесс хоорондоо уялдаатай байдаг.

Мөн иргэн аль уушийн газраар орж, юу ууж, түүнийгээ ямар хэмжээгээр захиалах нь хувь хүний л сонголт. Яг үүнд нь хошуу, хуруу дүрдэг төр засагтай улс цөөн. Тэр дундаа ардчилсан тогтолцоотой гэж өөрсдийгөө гаднынханд сурталчилдаг бидний хувьд ийм зэргийн зохицуулалт хийх нь яав ч зөв хандлага биш.

Ер нь архидалттай тэмцэнэ гэхээр заавал архитай холбоотой хууль санаачилдаг байх албагүй. Нийгмийн голлох суурь асуудлуудад зохицуулалт хийх замаар үүнд нөлөөлөх боломжтой. Тухайлбал иргэдээ ажил хөдөлмөртэй, цаг завгүй өрнүүн амьдралтай болгох. Сэтгэл зүйн хувьд хүчирхэг болгох. Хувь хүний өөрөө өөрийгөө авч явах боловсролыг нэмэгдүүлэх зэрэг асуудалд анхаарч болно. Эдгээр нь дам байдлаар архидалттай үр дүнтэй тэмцэж чадах билээ.

Сэтгэл нь сайхан юм даа.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

...хийх ажилгүй тул. Дараагийн удаа оо цаас хэрэглэх зөвлөмж өгвөл зүгээр байхаа

Зоч
Зоч

Гоё хэллээ

Холбоотой мэдээ

Back to top button