
Мэдээлэл зүйн олон улсын 33 дахь удаагийн олимпиад энэ удаа мөн цахимаар болж, Монголоос дөрвөн сурагч оюунаа сорьсноос Амарын Нямдаваа мөнгөн медаль хүртлээ. “Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч тэрбээр тус олимпиадаас гурав дахь медалиа (нэг алт, хоёр мөнгө) авсан нь.

А.Нямдаваа өмнө нь Мэдээлэл зүйн олон улсын олимпиад (IOI)-аас мөнгөн медаль хүртэхдээ, түрүүлэхдээ мөн Монгол Улсын анхны сурагч болж байсан юм. Тэгвэл энэ удаа LOL-ээс гурав дахь медалиа авсан нь Монголдоо анхдагч амжилт. Түүнтэй ярилцлаа.
-Юуны өмнө IOI-ээс хоёр дахь мөнгөн медалиа хүртсэн нь баяр хүргэе. Энэ удаагийн олимпиад юугаараа онцлог, өвөрмөц болов?
-Баярлалаа. Энэ удаагийн олимпиад өмнөх жилийн адил цахимаар, зургаадугаар сарын 19-25-нд болж, 88 орны 353 сурагц өрсөлдлөө. IOI-д жил бүр Монголоос дөрвөн сурагч оролцох боломжтой. Энэ дагуу энэ жил Монголоос дөрвөн сурагч оюунаа сорилоо. Өнөө жилийн Мэдээлэл зүйн олон улсын олимпиадыг Сингапур улс зохион байгуулсан.
-А.Нямдаваа өнгөрсөн жил IOI-ээс алтан медаль хүртсэн анхны монгол сурагч болсон. Тиймээс дахиад түрүүлэх зорилготой өрсөлдсөн нь мэдээж. “Амжилтаа давтах юм сан” гээд өрсөлдсөн нь сэтгэл зүйд тань дарамт болсон уу?
-Тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Энэ жил дахиад алтан медаль авах юм сан гээд өрсөлдлөө. Даанч санаснаар болсонгүй. Ер нь дахиад алтан медаль авах хэцүү л дээ. Мэдээж мөнгөн медалиа чамлахгүй ээ. Сэтгэл зүйд нөлөөлсөн гэхээс илүү сайн мэдэхгүй, хүнд даалгавар цөөнгүй ирлээ. Энэ нь амжилтад нөлөөлчих шиг боллоо.
-Ийм бодлого, даалгавар ирэх байх гээд өмнө нь нэлээд бэлдсэн нь мэдээж. Таамаглаагүй, давтаагүй байсан бодлого хэр их ирсэн бэ?

-Тэглээ. Олимпиадад аль болох таамаглахын аргагүй, сурагчид бодоогүй шинэ бодлого бодуулахыг эрмэлздэг. Тэгж байж биднийг илүү сайн сорино. Нэг шинэ бодлогыг бодож, давтаж амжаагүй байсан юм. Тэр бодлого дээр жаахан цаг алдаад, муу оноо авчихлаа.
Мэдээлэл зүйн олимпиадын яг өрсөлдөөн нь хоёр өдөр болдог. Нэг өдөрт гурван бодлогыг таван цагийн хугацаанд боддог. Тус бүр нь 100 оноотой. Тэгэхээр зургаан бодлогоо хэр бодсоноос шалтгаалаад 0-600 оноо авах боломжтой.
-Та хэдэн оноо авч, мөнгөн медалийн болзол хангав?
-Эхний өдөр 174, хоёр дахь өдөр 150 оноо авсан. Түрүүлсэн сурагч сургаа бодлогоо бүгдийг нь бодсон, 600 оноогоор алтан медаль авсан.
-Мэдээлэл зүйн хичээлийн, олимпиадад оюунаа сорихын юу нь хамгийн сонирхолтой санагддаг вэ?

-Код бичих л хамгийн сонирхолтой санагддаг. Тухайн кодыг би яаж л бол яаж бүтээж болно. Тэр нь их гоё.
-А.Нямдаваа IOI-д 2018 оноос хойш оролцож байгаа юм билээ. Цахимаар өрсөлдөхийн давуу болон сул тал юу байна вэ?
-Эхний хоёр жил зохион байгуулж буй оронд нь очоод оролцсон. Ер нь цахимаар бус зорьж очоод өрсөлдөх хамаагүй сонирхолтой. Энэ жил бид МУБИС дээр бөөнөөрөө цугларч байгаад оролцсон. Цагийн зөрүү багатай, гэртээ тухтай бэлдэж байгаад өрсөлдлөө.
-Хувиараа бэлдсэн үү. Бие даасан багш бий юү?
-Эхэндээ багш нарын удирдлагад Мэдээлэл зүйн олимпиадад бэлддэг байсан. Сүүлийн 2-3 жил хувиараа онлайнаар бэлдээд оролцож байгаа.
-Өнгөрсөн жил та Монголоос анх удаа IOI-оос алтан медаль хүртсэн. Тухайн үед түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байв?

-Мэдээж алтан медаль хүртэх юм сан гээд өрсөлдсөн юм. Мэдээлэл зүйн олимпиадад гурав дахь жилдээ өрсөлдөөд арайхийж алтан медаль аваад үнэхээр их баярласан. Санаснаас арай бага оноо авчихлаа, мөнгөн медаль хүртэх эрсдэлтэй байлаа. Алтан медаль авснаа мэдээд үнэхээр их баярласан.
-Монгол Улс оюуны спортыг, олимпиадад амжилт гаргаж буй сурагчдаа, залуусаа сайн дэмжихгүй байна гэж шүүмжлэх хүн олон. Өнгөрсөн жил Монголдоо анхдагч болоход төр, засгаас шагнаж, урамшуулсан уу?

-БШУЯ-наас намайг хүлээж авч уулзан, урамшуулал олгосон. Өнгөрсөн жил хэд хэдэн хувийн байгууллага, компани надад хүндэтгэл үзүүлж, шагнал, бэлэг өгсөн.
-Оюун ухааны академийн цөөнгүй тамирчин харьяалагддаг байгууллагатай. Танд тийм байгууллага бий юү?
-Байхгүй.
-Тийм байгууллагатай болох шаардлага бий юү?
-Байхгүй дээ. Би энэ жил арванхоёрдугаар ангиа төгссөн. Зөвхөн сургуулийн сурагчид өрсөлддөг тул IOI-д дахиад оролцох боломжгүй. Ер нь Монголд мэдээлэл зүйн материал хомс. Хятад улс гэхэд мэдээлэл зүйн эх дээрээ хөрвүүлсэн олон сайттай. Тэр хэрээр сурагчид олимпиадад давтах, өндөр амжилт гаргах боломж нэмэгддэг.
-Та мэдээлэл зүйгээс гадна математикийн олон улсын олимпиадад өрсөлдөг бил үү?
-Тийм ээ. Би гуравдугаар ангиасаа математикийн олимпиадад өрсөлдсөн. Өнгөрсөн жил Математикийн олон улсын олимпиад (IMO)-аас мөнгөн медаль авсан. Математикийн хичээлээр гаргасан хамгийн том амжилт маань тэр.
-Математик, мэдээлэл зүйн аль нь илүү сонирхолтой санагддаг вэ?

-Мэдээлэл зүй нь. Код бичихээр юм бүтээж байгаа юм шиг санагддаг. Түүнд нь их дуртай.
-Энэ жил цар тахлын улмаас Элсэлтийн ерөнхий шалгалт хойшиллоо. Үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Товлосон хугацаандаа болсон бол амар байлаа. ЭЕШ-аа эрт өгөөд, сайн амарч, толгойгоо сэргээж байгаад их сургуульд илүү энергитэй орсон бол.
-А.Нямдаваа ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Компьтерын чиглэлээр сурахыг хүсдэг.
-Өнгөрсөн жил Мэдээлэл зүйн олон улсын олимпиадад түрүүлснийх нь дараа Сингапурын үндэсний их сургууль 100 хувийн тэтгэлгээр суралцах урилга өгсөн. Тийшээ очиж сурах уу?
-Сингапурын үндэсний их сургуулийн урилгыг хүлээж авна. Тэнд очиж сурна. Тэгэхээр наймдугаар сард болж хойшлуулсан ЭЕШ-ыг өгч амжихааргүй байгаа.
-Цар тахалтай, хөл хориотой энэ цаг үед Сингапурт очих хүндрэлтэй байгаа. Тухайн үед цаг үе ямар болчихсон байх нь уу, тиймээ?

-Харин тийм ээ. Эвтэйхэн болчихсон байгаасай. Гайгүй байх аа. Цаг сайхан болчих байх гэж найдаж байна.
-Ирээдүйд ийм зүйл хийх сэн, тийм зүйл бүтээх сэн гэж мөрөөдөж, зорьж яваа зүйл тань юу вэ?
-Нэг их айхтар том мөрөөдөл байхгүй. Ямартай ч юуны түрүүнд Сингапурын үндэсний их сургуульд элсээд, сураадахъя. Сурч байх хугацаанд надад ямар боломжууд гарч ирэх нь үү. Тэр бүхнийг ашиглаад, өөрийгөө сайн хөгжүүлэхийг хүсэж байна.
-LOL-ын мөнгөн медалиа маргааш (Өнөөдөр) авах уу?
-Тэгнэ. Мэдээлэл зүйн олон улсын олимпиадыг медалийг маргааш цахимаар гардуулна.
Намайг дэмждэг аав, ээждээ, багш нартаа баярлалаа. Намайг анх есдүгээр ангид байхад Батжаргал гэдэг нэг сурагч байсан юм. Тухайн үед XII дугаар ангиа төгсөж байсан тэр ах мэдээлэл зүйн хичээлийн, олимпиадын суурийг надад тавьж өгсөн. Би есдүгээр ангидаа улсын аварга болсон. Батжаргал ахдаа, Баттулга ахдаа баярлалаа.
Мэдээлэл зүйн олон улсын олимпиадын талаар сонирхолтой баримтууд:
-Анхны IOI Болгарын Правец хотод болсон. IOI-ыг анх Европын орнууд санаачилсан учир мэдээлэл зүйн олимпиад гэж нэрлэжээ.
-Анхны олимпиадад Варшавын гэрээний голдуу 13 орны 48 сурагч оролцжээ. ЗХУ гурван сурагчаа оролцуулсан нь хамгийн олон нь байлаа.
-Өнөө жил жил IOI-д түүхэндээ хамгийн олон буюу 353 сурагч өрсөлджээ.
-Оролцогчдын бичсэн программыг 1994 оноос автоматаар үнэлдэг болсон
-Нэг орноос дөрвөн сурагч оролцох боломжтой. Зохион байгуулагч орон давуу эрх эдлэн хоёр багаа өрсөлдүүлэх эрхтэй.
-Монгол Улс IOI-д 22 дахь удаагаа оролцоод байгаа. Монгол Улсын анхны медалийг (хүрэл) 2005 онд Ч.Доржннамжил авсан.
-Мэдээлэл зүйн олон улсын олимпиадаас анхны мөнгөн медалийг А.Нямдаваа авсан. Мөн тэрбээр тус олимпиадад түрүүлсэн, гурван медаль авсан Монголын анхны сурагч.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг хүүд амжилт
haha
Сингагийн их сургууль чинь ЭЕШ шаардахгүй бол амжихгүй бол өгөхгүй яваад дараа жил ЭЕШ Монголд өгсөн нь дээр байх.
Энэ Батжаргал хүүхдүүдийг их сайн бэлддэг гэсэн