НИЙГЭМ

ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Энгийн амны хаалт Якутын түймрийн утаанаас хамгаалахгүй

ОХУ-ын нутаг, Якутын ойд удаан хугацаанд дэгдэж буй түймрийн утаа Улаанбаатар хотод орж ирээд буй. Үүнийг дагаад агаарын чанарын индекс муудаад байгаа юм. Энэ нөхцөл байдалд иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэхээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Уушгины эмч П.Оюун-Эрдэнээс товч тодруулга авлаа.

-Улаанбаатар хотыг бүрхээд буй Якутын түймрийн утаанд амны хаалтгүй явбал эрүүл мэндэд хорт нөлөө үзүүлэх үү?

-Утааны найрлагад маш жижиг хэмжээний тоос тоосонцор болон хорт хийнүүд агуулагддаг. Эдгээр нь хүний уушгины гүнд нэвтэрч, хамгаалах чадварыг бууруулснаар амьсгалын замын эмгэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ялангуяа тав хүртэлх насны хүүхдүүд болон гуурсан хоолойн багтраа, уушгины архаг бөглөрөлт өвчин, зүрхний архаг дутагдал гэх мэт архаг суурь өвчтэй хүмүүс утааны нөлөөнд илүү мэдрэг байдаг. Тэдэнд суурь өвчин сэдрэх, шинээр амьсгалын замын үрэвсэлт өвчин тусах магадлал нэмэгдэнэ. Мөн тав хүртэлх насны хүүхдийн уушгины хөгжил сул байдаг учир утааны найрлаган дахь тоосонцорт маш мэдрэг байдаг.

-Энэ үеэр энгийн амны хаалт зүүх нь хамгаалалт болж чадах уу. Олон нийтэд юу гэж зөвлөх вэ?

-Гэнэт болсон энэ нөхцөл байдлын тухайд бид бага насны хүүхдүүдээ аль болох гадуур дагуулж явах шаардлагагүй. Хэрэв шаардлагатай бол N99, N95 маркийн утааны шүүлтүүртэй амны хаалт зүүх хэрэгтэй. Энгийн цэнхэр амны хаалт энэ утаанаас хамгаалахгүй. Мөн бага насны хүүхдүүдээ тэвэрч, өргөж явах нь зүй. Учир нь хүүхдийг өөрөөр нь алхуулахад хүүхдийн амьсгалах түвшинд хорт хийн агууламж илүү өндөр байдаг. Мөн гэртээ агаар шүүгч тавьж болно. Ногоон ургамлууд тариалж ч болно, бидний хамгийн түгээмэл мэдэх нь зуун наст байна. Өөрөөр хэлбэл гэрийн дотоод агаарын бохирдлоос  ч мөн давхар сэргийлэх хэрэгтэй.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button