"Сим Бионикс” ХХК хиймэл гар бүтээж 500 хүүхдэд бэлэглэхээр болжээ

Сим Бионикс ХХК-ийн 27 ажилтан робот хиймэл гар бүтээж 500 хүүхдэд бэлэглэхээр болжээ.
Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахим хуудастаа бичихдээ "Манай монгол залуучууд мэдээлэл технологийн инноваци эх орондоо нэвтрүүлж байгаатай танилцлаа. Робот хиймэл гар бүтээхээр 2019 оноос хойш туршилт, хөгжүүлэлт хийжээ. Хүүхэд бүрийг ижил тэгш эрхээр хангах зорилготой энэ төслөө “Энгийн мөрөөдөл” гэж нэрлэсэн байна.
Цаашдаа гадаадад өндөр өртөгтэй үйлдвэрлэдэг хиймэл эрхтэн тэр дундаа хиймэл гар, сарвууг технологийн хөгжүүлэлтээр Монголдоо хямд үнэтэй үйлдвэрлэж дотоод болон гадаад зах зээл дээр манлайлан ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Энгийн мөрөөдөл нь биелэх болтугай. Бүхий л чадлаараа дэмжин ажиллана. Миний хажууд зогсож байгаа Ариунаа охин шиг олон олон хүүхдийн ирээдүйг гэрэлтүүлж байгаа залуучууддаа баярлалаа” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.