ХӨСҮТ-д дарга ТОГТДОГГҮЙ шалтгаан

Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас бидний анхаарлын төвд яах аргагүй орсон, бүтэх бүтэхгүй нь нүдэн дээр ил шахуу өрнөх болсон газар бол ХӨСҮТ.
Энэ газар олон жил Д.Нямхүү гэдэг захирал захирч ирсэн бол цар тахлын үед хэд хэдэн даргын нүүр үзээд байна.
Д.Нямхүү эмчийн дараа тус төвийн дэд дарга байсан Д.Наранзул даргын албыг хэсэг хашсан. Тэгвэл түүний дараа албыг нь аваад байсан Л.Баттөр өчигдөр өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ. Түүний оронд улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар ажиллаж байсан Ц.Билэгтсайханыг томилчихлоо. Ингээд ХӨСҮТ цар тахлын үед дөрөв дэхь захирлынхаа нүүрийг үзэх нь. Ц.Билэгтсайханы хувьд 2003 онд ЭМШУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн нэгэн бөгөөд тасралтгүй эрүүл мэндийн салбарт ажиллаж, өдгөө хүрчээ. Эх сурвалжийн мэдээлж бугаар одоогийн Эрүүл мэндийн сайд С.Энхболдын дотны найз нөхөд гэх. Тэгэхээр салбарын сайд нь хүнээ санал болгоод, найзыгаа захирал болгож дэвшүүлэхэд голлон нөлөөлсөн байж мэдэх нь.
-Д.НЯМХҮҮ ШИНЭХЭН САЙДТАЙГАА ТААРАМЖГҮЙ БОЛЖ, УЛМААР ХАЛАГДСАН-
ХӨСҮТ-ийн захирлын албан тушаал яагаад ингэж худалдаа наймааны хэрэгсэл шиг болчихов гэдэг их сонин. Уг нь гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг төрөлжсөн том эмнэлгийн удирдлага гэдэг бол тогтвор сурьшилтай байж, байгууллагадаа уусаж, ажлын гүн рүү орж ажиллах ёстой алба. Гэтэл цар тахлын үе далимдуулж, эмнэлэгт даргын алба хашиж байсан нөхдүүдийг ээлжлэн томилдог, тэд нар нь ажлаа төдийлөн ойлгож амжилгүй, хийж бүтээсэн зүйлгүй байж байгаад бусдын үзэмжээр “хусагддаг” байдалд шилжчихлээ.
Энэ нь томилсон хүн нь Засгийн газартайгаа, Эрүүл мэндийн сайдтайгаа “нэг завинд суухгүй”, зөрж зөрүүдэлж буйтай нь холбоотой гэх. Д.Нямхүү эмчийн хувьд олон жил дарга хийгээд, байр сууриа тогтоосон нэгэн болсон байхад нь шинэ залуу эмч Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд болсноор зөрчилдөж, өөрийнхөөрөө асуудлыг шийдэх гээд эхэлсэн байдаг. Харин Д.Нямхүүг хэрхэн “зайлуулах вэ” гэдэг ажиллагаа нь аз таарч хурдан шийдэгдсэн. Дөнгөж төрсөн эхийг таавчиктай шилжүүлсэн хэргээд Д.Нямхүү ажлаа өгсөн ч өдгөө шүүхдэж яваа. Түүнийг ХӨСҮТ-ээс явуулах төлөвлөгөө бүр дээрээс шидсэн чулуу байсан гэлцдэг.
-Д.НАРАНЗУЛ САР АЖИЛЛААД Л ТЭСВЭР АЛДСАН-
Тэгвэл түүний дараа түрхэн зуур ХӨСҮТ-ийг удирдсан Д.Наранзул ХӨСҮТ-ийн дэд даргаар олон жил ажилласан нэгэн. ХӨСҮТ-ийн дотоод нөхцөл байдлыг жинхэнэ утгаар нь мэдэх, туршлагатай боловсон хүчин байв. Гэтэл сар болсон уу, үгүй юу ажлаа өгсөн байдаг. Д.Наранзул нь сүрьеэгийн эмч, тархвар судлаач мэргэжилтэй бөгөөд ХӨСҮТ-ийн дэд захирлаас өмнө ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаачаар ажиллаж байсан юм.
Тэрбээр халдварын нөхцөл байдал хүнд байхад өөрсдийнхөөрөө шийдвэр гаргадаг Засгийн газартай нэлээд үзэлцсэн гэх. Эрдэмтэн, эмч нарынхаа үгийг сонсдоггүй юм бол энд би захирлаар ажиллаж яах вэ, та нартай хамтарч ажиллаж чадахгүй хэмээн дээд түвшний нэгэн хуралдааны үеэр зангарагтай дуугараад ажлаа өгсөн гэх мэдээлэл бий.
-Л.БАТТӨР ХИЧЭЭЛ СУРГУУЛЬ ЭХЛҮҮЛВЭЛ ХАЛДВАР НЭМЭГДЭХИЙГ ХУВИЙН ХАЯГААРАА АНХААРУУЛСААР БАЙВ-
Тэгвэл Л.Баттөрийн хувьд өнгөрсөн гуравдугаар сард ажлаа аваад зургаан сар энэ албыг хашаад өөрийн хүсэлтээр өгсөн байх юм. Тэрбээр анх захирлаар ирээд ХӨСҮТ-ийн нөхцөл байдлыг хараад гайхаж буйгаа илэрхийлж, эмч, ажилчид, хэвтэн эмчлүүлэгчдийн тав тухтай орчинг бүрдүүлэхийн төлөө, бас коронавирустэй тэмцэхийн төлөө ажиллах болно хэмээж байв.
Түүний хувьд эхний хэдэн сар нэлээд идэвхитэй ажиллаж байгаа харагдсан. Гэтэл сүүлийн үест хэвлэлүүдэд яриа өгөхөөс татгалзаж эхэлсэн нь ажлаа өгөх гээд байсантай нь холбоотой байсан бололтой.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Л.Баттөр болон ХӨСҮТ, эрдэмтдийн зөвлөлийн зүгээс энэ намар цэцэрлэг, сургууль эхлүүлэхийг төдийлөн дэмжихгүй байсан гэх. Дэльта вирус дэгдсэн энэ үед улам их эрсдэлд оруулна хэмээн саналаа хүргүүлсэн ч Засгийн газар нь, Эрүүл мэндийн яам нь хүлээж аваагүй бололтой. Тийм ч учраас Л.Баттөр захирал өөрийн сошиал хуудастаа хичээл сургууль орвол ийм эрсдэлд орно шүү гэдгийг байнга анхааруулж, бичиж байсан гэж хэлж болно. Тиймээс мөн л Д.Наранзулын адил санал бодлыг нь шийдвэр гаргах түвшинд сонсохгүй байгаагаас үүдэлтэйгээр ажлаа өгсөн байж мэдэх дүр зураг харагдаж байна.
Харин одоо шинэ дарга Ц.Билэгтсайхан хэр удаан тогтож, нийцэж ажиллах бол.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нямхүү юу ч хийгээгүй.мөнгө идсэн архидсан.
Энэ амаргүй ажил байхаа. Ача�##��##� ч ихтэй ядардаг ч биз, ажиллаад байхад л х�##�двар ихсээд хүн үхээд байхаар эмч нар урам зориг нь мохоод бүр зүрх нь үхдэг болчихдог юм билээ