Р.Эрдоган 10 орны элчин сайдыг ТААЛАМЖГҮЙ ЭТГЭЭД гэж зарлажээ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган бизнес эрхлэгч Осман Кавалаг суллахыг уриалсан Өрнөдийн 10 орны элчин сайдыг тааламжгүй этгээд хэмээн зарлахыг Гадаад хэргийн яамандаа үүрэг болгожээ.
Тодруулбал, Турк дахь АНУ, Канад, Франц, Финланд, Дани, Герман, Нидерланд, Шинэ Зеланд, Норвег, Шведийн Элчин сайдын яамд аравдугаар сарын 18-ны өдөр хамтарсан мэдэгдэл гаргаж, О.Кавалагийн холбогдсон хэргийг шүүх ажиллагааг түргэвчилж, түүнийг нэн даруй суллахыг уриалжээ.
О.Кавала нь 2013 онд Засгийн газрын эсрэг орон даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан, 2016 онд төрийн эргэлт хийхийг завдсан хэмээн буруутгагдсаны улмаас дөрвөн жил гаруйн турш хоригдоод буй юм.
Р.Эрдоган хэлэхдээ, Элчин сайд нар Туркийн байр суурийг ойлгохгүй бол манай улсыг орхин явах шаардлагатай болно гэжээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.