НИЙГЭМ

XIV зууны монгол эмэгтэй дайчны булш Хөвсгөл аймгаас олджээ

Энэ зун Хөвсгөл аймагт малтлага хийсэн Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуулийн археологичид 14 дүгээр зуунд амьдарч байсан 30-аас 40 насны монгол дайчин эмэгтэйн булшийг илрүүлжээ.

Аарцагны болон эрүүний ясны хэлбэрээр нь түүнийг эмэгтэй хүн байсныг урьдчилж дүгнээд байгаа ба генетикийн нарийн шинжилгээ хийж үүнийгээ баталгаажуулах юм байна. Түүний булшийг “Урд Хяр-1” гэгддэг малтлагын газраас олсон ба 180 см өндөр эмэгтэй дайчны булш олдсон байна.

Эмэгтэй дайчны үе мөчний том яс түүнийг хүч чадалтай нэгэн байсныг баталж байгаа ажээ. Дайн тулаанаас авсан бэртэл гэмтэл түүнд байхгүй ч ноцтой өвчин хуучтай байсныг нь тодорхойлсон байна.

Эмэгтэй дайчны бараг бүх шүд унасан байсан бөгөөд шүдний ёроолд нь үүссэн нүхнүүд эрүүний ясанд нь хүрсэн байжээ.

Мөн үүнийг эрчүүдийн нэгэн адил зэр зэвсэгтэй нь хамт оршуулсан байжээ. Тухайлбал, урт хутга, сүх, нум, хүрэл бөмбөлөг зэрэг зэр зэвсгийн хамт оршуулсан нь маш ховор тохиолдол гэнэ.

Археологичдын ахлагч, профессор Артур Харинский “Монголын Амазон гэж нэрлэж болохоор энэ эмэгтэй баргийн эр хүнийг дийлэх хүч чадалтай нэгэн байжээ” хэмээн ярьсан байна.

Энэ удаагийн малтлагад Монголын талаас Улаанбаатарын их сургуулийн багш, оюутнуудын баг оролцсон гэнэ. Малтлагаас олдсон зүйлсийг судлан шинжлэх ажлыг тус сургуулийн лабораторид гүйцэтгэж, бүх олдворыг Монгол улсын музейд шилжүүлэх ажээ.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button