НИЙГЭМ

ТАНИЛЦ: Залуусын тавьсан шаардлагын дагуу Засгийн газар ДАРААХ ШИЙДВЭРҮҮД ГАРГАЛАА

Өнөөдөр /2022.04.15/ Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Тэрбээр “Залуусын жагсаалын үеэр тавигдсан 15 багц, нийтдээ 270 орчим шаардлагад Засгийн газар ажлын хэсэг байгуулж, судалгааны байгууллагуудтай хамтарч ажиллалаа. Саналуудыг багцалбал 74 хувь нь үнийн өсөлттэй тэмцэх, 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12 хувь нь авлигал, тэгш бус байдлыг үгүй болгох, 12 хувь нь цалин, нийгмийн баталгааг сайжруулах зэрэг агуулгатай байна.

Бид саналуудын 60 орчим хувь нь ойрын хугацаанд шийдвэрлэгдэнэ, үлдсэн нь дунд хугацаанд шийдэгдэх буюу хууль эрх зүйн шинэчлэл, тогтолцоотой холбоотой асуудлууд байна гэж үзлээ.

Засгийн газар нэг амьсгаагаар биш үе шаттайгаар, хамгийн их санал өгсөн асуудлаас нь эхлээд ажиллахаар ярилцлаа” гэлээ.

Тэрбээр юун түрүүнд үнийн өсөлтийн асуудлаар ямар арга хэмжээ авч буйгаа тайлбарлалаа.

ҮНИЙН ӨСӨЛТ

“Зарим тохиолдолд стандарт бус гэж болох арга хэмжээ авахаас өөр аргагүй байгаа тул энэ агуулгаар хууль өргөн барьсан. Тодруулбал, гол нэр төрлийн барааны үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх хуулийг өргөн барьснаар өнөөдөр батлагдлаа.

Нэгт, үүгээр шатахуун импортлогчдод зээлийн хүүгийн татаас өгч, эргэлтийн хөрөнгийг нь шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээл олгоно. Сангийн болон мөнгөний бодлогыг хамт хэрэгжүүлэх замаар шатахууны үнийг боломжит дээд хэмжээнд барих хууль эрх зүйн нөхцөл бий болсон гэсэн үг. Олон улсын зах зээлтэй уялдаад, 1000 орчим төгрөгөөр нэмэгдэж болзошгүй судалгаа гарсан байгаа. Энэ бүхэл арга хэмжээнд 100 орчим сая ам.доллар зарцуулагдах тооцоо гарч байна.

Хоёрт, мах гурилын үнийг тогтоон барих боломж бий болно. Улаан буудайн өмнөх жилийн нөөцийг Засгийн газар худалдаж авна. Улмаар хомстолоос сэргийлж, хаврын тариалалтад бэлтгэх.

Гуравт, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн татварын 5 хувийг он дуустал тэглэх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. Дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдээ үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих маягаар, импортоор орж ирдэг бараануудыг татвар тэглэснээр тогтоон барих маягаар явж байна.

Дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийн НӨАТ-ыг тэглэх хуулийг мөн өргөн барихаар болсон. Ингэж тэднийг төрөөс дэмжинэ.

Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд 1 их наяд төгрөгийн зээл олгож, хүүгийн татаасыг Засгийн газар төлнө. Хүнсний ногоо, улаан буудай, хүнсний агуулах зоорь барих, боловсруулах үйлдвэр барих ААН-үүдийн зээлийн татаасыг олгоно.

ТӨСВИЙН ХЭМНЭЛТ

Төсвийн хэмнэлтийг хуулиар зохицуулах нь зүйтэй юм гэж үзлээ. Тус хуулианд төсвөөс санхүүждэг бүх байгууллагууд хамаарна гэсэн үг. Энэ хуулиар:

Нэгт, ТӨХК-иудын удирдлагын бүтцэд дэд захирал болон шаардлагагүй албан тушаалуудыг танана.

Хоёрт, 39 төрийн өмчит ААН-ийг олон  нийтийн хяналтад оруулж, IPO гаргуулна, 10-ыг татан буулгана, 10-ыг нэгтгэнэ.

Гуравт, төрийн албан тушаалтнуудыг хот суурин газарт том оврын автомашин хэрэглэхийг хуулиар хязгаарлана. Засгийн газрын автобаазыг Төрийн байгууллагын автобааз болгож, өөрчлөөд хөдөө явах автомашиныг зөвхөн дуудлагаар унана. Цаашид төрийн байгууллага такси үйлчилгээ авах, ААН-үүдтэй хамтрах буюу машинаас татгалзах нь зүйтэй.

Дөрөвт, хэрэгцээгүй орон тоо нэмэхгүй байх.

Энэ хуулийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина.

Үүнээс гадна: Зочин төлөөлөгч хүлээж авахгүй, бэлэг авахгүй. Төрийн байгууллагууд бизнес ангиллаар томилолтод явдгийг болиулна. Хүсвэл өөрөө зардлаа гаргаад бизнес ангиллаар явна.  Төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй. НДЕГ, ГЕГ зэрэг байгууллагуудын алба хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй зэрэг шийдвэрүүд багтана.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ БОЛОН БУСАД

Цэцэрлэг: Нийслэл Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүртээмжийн асуудал жагсагчдаас тавигдсан. Улмаар цэцэрлэгийн хүртээмж бага байгаа дүүрэг хороодыг хувийн хэвшилтэй хамтарч ажиллах зарчмаар хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Энэ хүрээнд, хувийн хэвшлийн цэцэрлэгт төрөөс олгодог хувьсах зардлыг хоёр дахин нэмэх болно. Аж ахуйн нэгж, байгууллагууд ажилчдынхаа хүүхдүүдэд зориулан цэцэрлэг байгуулж, ажиллуулбал татварт ногдох орлогоос хасаж тооцох хамтарсан шийдвэр гаргана.

НДШ: НДШ-тэй холбоотой багц асуудлыг Засгийн газраас УИХ-тай ярина. Тодруулбал,

  • Төрийн байгууллага
  • Түүнтэй холбоотой байгууллагад ажилладаг болон
  • Уул уурхай, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн ААН-үүдэд АЖИЛЛАДГААС БУСАД бүх иргэний НДШ-ийн 50 хувийг сар сард нь буцаан олгоно. Энэ хууль он дуустал хэрэгжинэ".

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэмнэлтийн горимыг засгийн газар эхнээсээ барьж ажилласан бол ийм байдалд орохгүй байсан шүү.Дэндүү назгай ажиллаж байгаад иргэдийн шахалт шаардлагаар сэрсэн юм шиг ингэж ч байх гэждээ.

Зочин
Зочин

Идэж уудаг нөхөдийн мөнгийг нь төлүүл, хөрөнгийг нь хурааж төрөөс хөөж зайлуулаад төрөө цэвэрлэсэний дараа л энэ улс өрнөөс гарна...

Зочин
Зочин

Маш энгийн. Том том төслүүдээ зогсоох , 2-3 жил төсвийн хөрөнгө оруулалтыг царцаах, төсвийн байгууллагуудыг цомхотгож яамдыг нэгтгэх. Уул нь амархан штээ худлаа л яриад байхын. Мэдэн будилдаг улсуудыг сонгодог ард түмэн юм даа. Ард түмнийхээ асуудлыг хялбархан шийдэж болохоор бгаа штээ. Юү дутагдаад байдын, юуны төлөө байдын

Зочин
Зочин

За, энэ багц мэдээг уншаарай. Жагсагчдын 300 орчим шаардлагыг багцалж үзээд ийм, ийм шийдвэр гаргав аж.

Зочин
Зочин

Онц

Зочин
Зочин

Үйлдвэрүүдээ сэргээ....хувийн хэвшилээ 100 хувь дэмж....тэр идэж уудаг нөхдөө бүгдийг хөөж төрөөс зайлуул...мөнгийг төлүүл...ингээд л болно доо...ЕС даа битгий нялцгай бай жаахан чангахан байвал зүгээр дээ...кк ЕК ил биш өрөөндөө оруулж байгаад ухамсарын шанаа өгсөнч болох биш үү...кк

Зоч
Зоч

Авилгалын асуудлыг даруй шийдэх хэрэгтэй

Ариунаа
Ариунаа

Хөгжлийн банкнаас зээл авсан намын нөхдүүдээ яахаар боловоо.улсыг яаж хохиролгүй болгох гэж бнаа.хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид чинь хэт их ашиг хараад үнээ нэмээд бнаа.чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлээд бна.энэ тал дээр анхаараачээ.

Холбоотой мэдээ

Back to top button