Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Орон нутагт мөхөөлдөс үйлдвэрлэх, бизнесээ тэлэх боломжтойг үлгэрлэж яваа “Нараагийн зайрмаг”

“Орон нутагт ажиллаж, амьдрах боломж алга. Зах зээл жижиг тул бизнес эрхлэх талаар бүр бодоод ч хэрэггүй. Төв суурин л бараадъя”. Олон, олон залуус төрж, өссөн нутгаа орхин аймгийн төвөө, нийслэл хотыг бараадаж, гадаадыг зорьж буй шалтгаануудын нэг нь энэ.

Улаанбаатарт амьдрах, гадаад руу л явах хүсэлтэй залуус улам нэмэгдсээр байгаа нь гашуун боловч үнэн. Өнөөгийн хамгийн тулгамдсан асуудлыг нэг мөн үү мөн. Орон нутагт бизнес эрхлэх, хэнээс ч дутахгүй ажиллах, амьдрах боломж дүүрэн байгааг үлгэрлэж буй олон хүн бий. Тэдний нэг нь Б.Наранчимэг.

Завхан аймгийн Их-Уул суманд амьдардаг тэрбээр орон нутагтаа сүүн зайрмаг үйлдвэрлэж, өөрийн гэсэн бизнесийн орон зай, хэрэглэгчдийн хүрээллийг аль хэдийнэ бий болгожээ. Түүний үйлдвэрлэдэг зайрмагийг Их-Уул сумынхан төдийгүй завханчууд “Нараагийн зайрмаг” гэхээр андахгүй юм билээ.

Тэрбээр зайрмагны үйлдвэрлэлд 18 жилийн өмнө анх хөл тавин, 2007 он хүртэл энэ салбарт тууштай хөдөлмөрлөж байгаад түр завсарласан байна. Улмаар тэс өөр салбарт хүч сорьж байгаад 2020 оноос зайрмагаа дахин хийж эхэлжээ. Энэ салбарт эргэн ирэхэд, бүхнийг дахиад эхлүүлэхэд НҮБ-ын дөрвөн байгууллага хамтран хэрэгжүүлж буй "Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь" төсөл их хөшүүрэг, дэм болсон гэнэ.

Б.Наранчимэг “Сүүн цагаан” төсөл бичиж, НҮБ-ын Хүн амын сангаас Завхан аймгийн дөрвөн суманд хэрэгжүүлсэн төсөлд хамрагдан, санхүүжилт авчээ. Тус санхүүжилтээрээ зайрмагны тоног төхөөрөмж худалдан авч, шинэчилснээр бүтээгдэхүүнийх нь чанар илт сайжирч, цаг хугацаа хэмнэх болсон гэнэ. “Eguur.mn” сайт “Үйлдвэрлэгч” буландаа энэ удаа “Нараа зайрмаг”-ийг онцоллоо.

МАЛЫН ЦЭВЭР СҮҮ, БАЙГАЛЫН ЦЭВЭР ЖИМСЭЭР ЗАЙРМАГАА ХИЙДЭГ НЬ БИДНИЙ ОНЦЛОГ

-Томоохон үйлдвэр, байгууллага бус жирийн нэгэн иргэн орон нутагт мөхөөлдөс үйлдвэрлэж буй тань сонирхол татаж байна. Ижил нэр, төрлийн бүтээгдэхүүнээс танайх юугаараа онцлог, давуу талтай вэ?

-Манайх 2004 онд анх зайрмагны үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн. 2007 он хүртэл мөхөөлдөс хийж байгаад түр завсарлан, өөр бизнес эрхэлсэн юм. Улмаар 2020 оноос хойш зайрмагаа дахин үйлдвэрлэж байна.

Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, зайрмагаа малын цэвэр сүү, байгалийн зэрлэг жимсээр хийдэг нь манай бүтээгдэхүүний онцлог. Мөн элдэв нэмэлт бодис хольдоггүй. Эрүүл мэндэд тустай, цэвэр бүтээгдэхүүн хийдэг нь бидний давуу тал.

Манайх тарагтай, сүүтэй, шоколадтай, нэрстэй, аньстай, улаалзгана, чацаргана жимстэй зайрмаг хийдэг. Сүү, шоколадтай мөхөөлдөс бол манай гол төрөл.

-Хэрвээ нууц биш бол, 2007 онд зайрмагны үйлдвэрлэлээ яагаад зогсоосон юм бэ?

-Өө, юуг нь нуух вэ. Нэг талаар тоног төхөөрөмж хуучирсан. Нөгөө талдаа, шинэ зүйлд, өөр салбарт хүч сорьё гэж бодсон юм.

НҮБ-ын ХАС-гийн ТӨСӨЛ ҮЙЛДВЭРЭЭ ДАХИН ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ ОЛГОСОН

-Танайх 2020 онд НҮБ-ын хамтарсан төсөлд хамрагдан, санхүүжилт авсан юм билээ. Тэгснээр бизнесээ дахин шинээр эхлүүлэх боломж, гарц бүрдсэн үү?

-Ёстой тэгсэн. Анхандаа энэ төслийн талаар тодорхой мэдээлэл надад байгаагүй. Гудамжинд алхаж явах нь ээ, нэг танил маань надад хэлсэн юм. Тэгээд сургалтанд нь суусан юм л даа. Энэ төсөлд хамрагдсанаар зөндөө олон боломж надад нээгдсэн.

Би өөр хоёр өрхийн хамт НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлсэн төсөлд хамрагдсан. Авсан санхүүжилтээрээ зайрмагны есөн сая төгрөгийн үнэтэй, шинэ тоног төхөөрөмж худалдан авсан. Ингэснээр бизнесээ дахин эхлүүлэх, өргөжүүлэх, илүү амт чанартай мөхөөлдөс хийх, улам олон тоогоор үйлдвэрлэхээс гадна байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр орон нутгаа төдийгүй Завхан аймгаа хангах боломж бүрдлээ. Үүний сацуу бусад малчдын ч мөн амьжиргаа, орлогыг дээшлүүлэх боломжтой боллоо. Манайхтай хамтардаг хоёр айл гэлтгүй олон, олон гэр бүлийн амьжиргаа мэдэгдэхүйц дээшилсээр байгаа.

-Түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Манай бүтээгдэхүүний гол түүхий  эд нь сүү. НҮБ-ын хамтарсан төсөлд хамт хамрагдсан хоёр өрх маань малчин. Манайх мөн малтай. Тиймээс сүүгээ өөрсдөөсөө хангачихдаг. Их-Уул сум жимсний орон. Жимсээ нутгаасаа авдаг.

ХЭРЭГЛЭГЧИД МААНЬ “ТАНАЙ МӨХӨӨЛДӨС ОРОС ЗАЙРМАГААС ДУТАХГҮЙ АМТТАЙ” ГЭДЭГ

-Орон нутгийнхан нь танай зайрмагийг хэрэглээд хэвшчихсэн үү?

-Тэгсэн. Их-Уул төдийгүй ойр хавийн сумынхан манай зайрмагийг андахгүй. “Нараагийн зайрмаг” гээд л сурагладаг. Хэрэглэгчид маань “Ёстой амттай юм аа. Орос зайрмагаар дутах юм алга” гэдэг. Би анх зайрмаг үйлдвэрлэж эхэлсэн цагаасаа “Орос мөхөөлдөснөөс дутахгүй амттай хийх юм сан” гэж зорьсоор өдий хүрсэн.

-Зайрмагандаа албан ёсны нэр өгсөн үү?

-Хараахан өгч амжаагүй байна. Одоохондоо “Нараа зайрмаг” л гэж явж байгаа. Тогтсон нэр өгч, албан ёсны хаяг, шошготой болно.

ЗАЙРМАГАНДАА АЛБАН ЁСНЫ НЭР ӨГНӨ

-Өдөрт, долоо хоногт хэчнээн ширхэг зайрмаг хийдэг вэ?

-Бүрэн хүчин чадлаар нь ажиллуулбал хэдийг л бол хэдийг үйлдвэрлэх боломжтой. Одоогоор өдөрт цөөндөө 200-300 мөхөөлдөс хийж байна.

-Зайрмагаа хийдэг үйлдвэрлэлийн дарааллыг ерөнхийд нь сонирхуулахгүй юу?

-Мэдээж юуны өмнө сүүгээ малчны хотноос авна. Дараа нь хольцыг нь тодорхойлж, ариутгана. Би зайрмаг хийхдээ Хятадын бэлэн бэлдцийг бус өөрийнхөө аргаар, органикаар бэлдсэнийг ашигладаг. 12-15 цагийн дараа бэлэн болохоор нь зайрмагны машин руугаа хийдэг.

Хэрвээ шоколадтай мөхөөлдөс хийе гэвэл зориулалтын, хуурай шоколадыг найруулна.

ЯГ ИЙМ МӨХӨӨЛДӨС ХИЙДЭГ ГАЗАР ЗАВХАНД ЛАВ МАНАЙХААС ӨӨР БАЙХГҮЙ

-Завханд төдийгүй баруун аймгуудад танайх шиг ийм зайрмаг хийдэг газар бий юү?

-“Малчин, мал аж ахуйн мэргэжилтний аймгийн зөвлөгөөн”-д суухаар Улиастайд ирэхдээ энэ талаар нэлээд судаллаа. Манайх шиг ийм зайрмаг хийдэг газар Их-Уулд төдийгүй манай аймагт байдаггүй юм байна.

-Зах, зээл хэр хангалттай байна вэ. Хүрээгээ улам тэлж, өргөжүүлэх тал дээр хэрхэн анхаарах вэ?

-Сая хэлсэнчлэн, сумандаа төдийгүй аймагтаа манайх ганцаараа ийм зайрмаг үйлдвэрлэж байгаа. Манай Их-Уул сум 1500-гаад хүүхэдтэй. 45 км ойр зайд Тосон-Цэнгэл сум бий. Зах зээл бол байна, байна. Мэдээж үйлдвэрлэлээ улам өргөжүүлэх, тэлэх, бүтээгдэхүүнийхээ нэр, төрлийг нэмэх бодол байлгүй яах вэ. Хийхээр төлөвлөсөн хэд, хэдэн ажил бий. Зайрмагаа тууштай хийгээд баруун бүсийн, улсын хэмжээнд үйлдвэрлэлээ тэлэх төлөвлөгөөтэй байгаа. Ямар ч байсан ойрын хугацаандаа аймаг, орон нутгаа чанартай зайрмагаар хангах, хотоос мөхөөлдөс зөөлгөхгүй байх зорилготой. Том цехтэй болж, баруун бүсээ хангах нь миний ойрын зорилт.

-Зайрмагны машин, салбараа нэмэх төлөвлөгөө бий юү?

-Юуны түрүүнд энэ машинаараа уйгагүй ажиллаад, хөл дээрээ босоодохъё. Тэгсэн цагт зайрмагны машин нэмж авах, салбараа нэмэх боломж аяндаа бүрдэнэ.

Хамтарсан малчид маань “Бид малаа маллаж, сүүгээ нийлүүлнэ. Яг зайрмаг үйлдвэрлэх түвшинд хамтрах зав, боломж гарахгүй нь” гэсэн. Тиймээс үйлдвэрлэлээ өргөжүүлж байгаад ажиллах хүч нэмж авна аа.

-Томоохон үйлдвэр, байгууллагаас танайхтай хамтрах санал хэр их ирдэг вэ?

-Одоохондоо ирээгүй байна.

-Ирвэл зөвшөөрөх үү?

-Зөвшөөрөлгүй яах вэ. Ёстой дуртай зөвшөөрнө.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ О.УЛСБОЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 19, 2022 08:23

Хөдөлмөрлөвөл хаана ч амьдарна

Зочин
Зочин
4 сар 19, 2022 21:03

Гоё юм аа, з�##�ууст үлгэр жишээ сүрхий эмэгтэй байна. Амжилт хүсье. Зорилгодоо хүрээрэй

Холбоотой мэдээ

Back to top button