УРЛАГЯрилцлага

Э.Энхзаяа: Үзэгчийг агуулгаасаа хэтийдсэн үзэмжээр хуурахгүй байх нь миний хариуцлага

Өнгөрөгч тавдугаар сард уран бүтээлч Э.Энхзаяатай хийсэн ярилцлагаа сэргээн нийтэлж байна.

Уран бүтээлч Э.Энхзаяагийн “Quantum Distance” үзэсгэлэн ХААН галлерейгаас буулаа. Тэнд “хүн дардас”-ууд байх. Тэд цаг хугацаа, орон зайнаас хамааралтай, хувиран өөрчлөгдөгч, дахин давтагдашгүй мөчүүдийг тэмдэглэж үлдээх гэсэн мэт мэдрэмж төрүүлнэ.

Энд хоёр дардас давхарлаж байрлуулсныг хүмүүс тэр бүр анзаарахгүй байж мэднэ. Гэхдээ яг ижил байрлалаар, яг ижил бийр будгаа түрхээд хоёр дардас авахад ийм өөр буудаг ажээ. Энэ нь “Нэг голын усанд хоёр орж болдоггүй” хэмээх философийн санаа шиг, бүх зүйл цаг хугацаа даган өөрчлөгдөж байдгийг илэрхийлэх мэт. Нөгөөтээгүүр, материаллаг чанар, хэлбэр нь нэг боловч орон зай, цаг хугацаанаас хамаарч мөн чанар нь өөр өөр бууж, тусдаг гэсэн санааг ч олж харж болно.

Найман жилийн дараа бие даасан шинэ үзэсгэлэнгээ дэлгэсэн уран бүтээлч Э.Энхзаяатай ярилцлаа.  


ӨНГӨРСНӨӨС ОДОО: Дахиж зураг зурахгүй гэж шийдсэн 2014 он, завсарлага, үзэсгэлэн

-Энэ үзэсгэлэн уран бүтээлчийн карьерын нийт хугацаанд юугаараа шинэлэг вэ?

-Би 2011 онд бодипринт хийх, хүн барлах санааг өөртөө нээж байсан. Ингээд 2012 онд барласан дардас дээр өөрөө нэмж зураад, илүү зураг маягтай үзэсгэлэн гаргасан юм. Дараа нь 2014 онд нэг ч зураггүй, дан видео арт, инстолляцтай үзэсгэлэн гаргасан. Тэр үед дахиж хэзээ ч бийр цаас нийлүүлэхгүй, зураг зурахгүй гэж шийдэж байсан.

-Уг нь уран бүтээлч замнал бийр цаас нийлүүлж л эхэлсэн биз дээ?

-Тийм. Зураач болно л гэж эхэлсэн. Долдугаар ангидаа зургийн дугуйланд явдаг байлаа. Тэр үед багшийн номон дундаас Ван Гогийн нэг зургийг олж харсан. Тэр зураг намайг зураач болно гэж шийдэхэд хүргэсэн.

-Яг ямар мэдрэмж төрснөө санадаг уу. Их хүчтэй нөлөөлжээ?

-Тэр зургийг нэрийг нь яг санахгүй байна. Ван Гогийн бусад алдартай, “Одтой шөнө” зэрэг зураг нь бол биш. Зүгээр л энгийн хөдөө байгаль дүрслэгдсэн байсан. Салхи нь мэдрэгдээд л. Тэр салхийг зурсан нь, салхийг зурж үзэгчдэд мэдрүүлсэн нь намайг ховстон татсан. Түүнээс өмнө зураг зурах дуртай ч зураач болно гэж боддоггүй байсан. Харин тэр мөчөөс хойш зураач болно гээд л шийдчихсэн.

-Тэгээд зорилго тавин хөдөлмөрлөсөн үү?

-Ер бүх уран бүтээл зорилготой бүтдэг гэж боддог. Маш урт хугацааны турш бүтээлийн санаа миний толгойд боловсроод л яваад байгаа. Дутуу, дэмий нь хаягдсаар, хаягдсаар нягтшин тодорхой болж, миний тархин дотор эхлээд төрж буй. Энэ үед нь гаргаж, биежүүлж хийдэг. Тэгэхээр бүх уран бүтээл зорилготой хийгдэж байдаг.

-2014 онд үзэсгэлэн гаргаад “Дахиж зураг зурахгүй” гэж шийдсэн тухай эргээд ярилцъя?

-За. 2014 онд нэг ч зураггүй үзэсгэлэн гаргасан тухайгаа дурдсан даа. Тэр надад зурахаас өөрөөр илэрхийлэх боломж бийг, ер нь зурах албагүйг ойлгуулсан юм. Дээрээс нь би их адгуу. Зурахад маш их хугацаа ордог. Миний гараас харьцангуй хурдан юм гардаг л даа. Гэхдээ надад их удаан санагдаад байсан. Тэгээд л “Зурахгүй байсан ч илэрхийлэх арга байгаа юм байна. Зүгээр л зурмааргүй байна” гэж шийдсэн.

-Түүнээс хойш үнэхээр зураагүй юу?

-Зураагүй.

-Тийм андгай тавьсан 2014 оноос хойших анхны үзэсгэлэн нь энэ болж байна уу?

-Тийм. Найман жил болжээ. Дээрээс нь 2016, 2018 онд би амаржсан. Энэ жил хүүхдүүд арай том болж, өөрөө ахуйн асуудлаас жаахан гарч, бодож сэтгэж буй зүйлдээ цаг гаргах боломж бүрдээд энэ үзэсгэлэнгээ дэлгэлээ. Эдгээр бүтээлийг “Ийм үзэсгэлэн гаргана” гэж зориуд хийгээгүй. Хийж л явсан зүйлс маань нэгдэж нийлээд, үзэсгэлэн болоход болохоор төсөөлөгдсөн юм.  

-Эмэгтэй уран бүтээлчдийн хувьд ахуйн асуудал том сорил болдог.

-Тийм, бэрхшээлтэй. Бас хувь хүний онцлог ч байдаг. Юу гэвэл, дөрөв, таван хүүхэдтэй мөртлөө зургаа зураад л байдаг уран бүтээлчид байна. Оюун санаандаа өөрийгөө тусдаа авч явдаг бүлэг хүмүүс бий. Би тэр бүлэг хүмүүсийн нэг биш байхгүй юу. Нэг юмнаас гарч байж нөгөө юм руу ордог.

-Завсарлага байсан гэж хэлж болох уу?

-Яг завсарлага байсан.

-Уран бүтээлчийн мэдрэмж хөгжсөн байна уу, эсвэл зэвэрч үү?

-Ер нь зэвэрсэн байсан. Бас аймаар шүүмжлэгч болчихсон байсан. Зүгээр ч нэг кино үзэж чадахгүй, заавал нэг өө эрээд л. Гэхдээ үүнийг зарим талаар зөв байна гэж харсан. Өөртөө ч цензур тогтоож буй хэрэг. Өмнө нь би үзэсгэлэн үзээд таашаал авч чаддаг байсан. Гэртээ удаан суусны дараа таашаал авахаас гадна өө сэв эрж, “Энэ нь ч ийм, тэр нь ч тийм” гэж боддог болж. Мэдрэмж тодорхой хэмжээнд хөгжөөд байсан нь энэ юм уу. Гэхдээ яг уран бүтээлдээ төвлөрөхөд миний толгой доторх зүйл гарч, биежиж өгөхгүй, их зэвэрсэн гэдгээ харсан. Толгой дотор нэг ч эмтэрхий байхгүй бүтэн болж, бүрэлдчихсэн зүйлийг би бүтээж, илэрхийлж чадахгүй байсан.

-Тэр хугацаанд бүр өөр салбар луу орчих боломж таарсан уу?

-Үгүй.

Би өөрийгөө их азтай гэж боддог. Яагаад гэхээр, би анхнаасаа урлагийг мөнгө олох ажил гэж хараагүй. “Угаасаа мөнгө олж чадахгүй, тэгэхээр хүссэн зүйлээ хийнэ” гэж шийдээд, өөртөө эрх чөлөө олгочихсон. Одоо би уран бүтээлээр биш өөр ажлаар мөнгө олж байгаа.

Уран бүтээлээр мөнгө олж, хангалуун сайхан амьдарна гэдэг зөвхөн Монголд биш, бусад орнуудад ч хүндрэлтэй. Тэгж чадаж буй хүмүүс мэдээж бий. Энэ бол бас ухаан л даа. Ялангуяа Монголд бүр хэцүү. Маш жижигхэн зах зээлтэй. Худалдан авагч 100 хүрэхгүй. Нэмж худалдан авагч бий болгож байж энэ зах зээл тэлнэ. Гэхдээ үүнийг уран бүтээлч гэхээс илүү галлерей, арт менежерүүд, кураторууд нийлж ажиллаж байж хийнэ шүү дээ.

QUANTUM DISTANCE: Дахин давтагдашгүй дардсууд

-Одоо үзэсгэлэндээ төвлөрч ярилцъя. Энд хэчнээн хүний биеийн хэв орсон бэ?

-Нийт гурван модель оролцсон. Гурвуулаа эмэгтэй. Гэхдээ үзэсгэлэнгийн санаа эмэгтэй хүнтэй холбоогүй. Ерөнхий хүн гэдэг оршихуйн илэрхийллийг зүгээр л эмэгтэй хүний биеийн хэвийг ашиглаж, гаргахыг хичээсэн.

-Хүнийг ингэж барлаж илэрхийлмээр санагдсан сэдэл нь юу байв?

-Бүр эхнээс нь яривал, би оюутан байхдаа хүний хөрөг зурах их дуртай байсан. Хүнийг л нэг харуулах гээд байна шүү дээ. Энэ хүсэл маань хүнийг дардас болгох чиглэлд хувирсан байх.

-Хүнийг анх шууд буулгаж хөрөглөөд илэрхийлдэг байсан бол илүү мэдрэмжид чиглэсэн, нарийн илэрхийлэл рүү өөрчлөгджээ?

-Яг тийм.

Бас нэг зүйлийг анзаарсан нь, аливаа зүйлийг ойроос харахаар нэг өөр, холоос харахаар нэг өөр. Мөртлөө хамт удаан байх тусмаа бас нэг өөр болчихдог. Бүх зүйл орон зай, цаг хугацаанаас хамааралтай болчхож байгаа юм. Яаж харах вэ гэдгээс л шалтгаалдаг. Уг нь тэр зүйл байдгаараа байж л байгаа. Харин бид ойр, хол, удаан, хурдан яаж харахаас шалтгаалж тархинд буух бууц нь өөр болоод байдаг.

-Тэр олон “эмзэг” мөчүүдийн нэг л хувилбар нь дардаст тамгалагдан бууж үлддэг юм шиг ээ?

-Тийм шүү. Дардас болгон дахин давтагдашгүй өөр байдаг онцлогтой. Гэхдээ яг яаж өөр байдгийг өөрөө ч хармаар, хүмүүст ч харуулмаар санагдсан. Ийм болохоор моделио нэг адил байрлалд нь, бийр будгаа яг ижил аваад, түрхээд хоёр дардас авч байгаа юм. Энэ хоёр дардсаа дээр, дээрээс нь давхардуулж харахад ямар өөр буйг нь анзаарна.

-Нэг ижил хэлбэрээр хоёр дардас аваад, давхардуулж тавьсныг хүмүүс ойлгож байгаа болов уу?

-Ирж асуусан хүмүүст тайлбарлаж өгч л байна. Гэхдээ хүн заавал үүнийг нь ойлгох албагүй. “Ямар сонин юм, яагаад юм бол” гэж бодох нь л чухал. Үзэгчээс ихийг хүсэх тусмаа үзэгч, урлаг хоёрыг улам холдуулж байгаа юм шиг санагддаг.

-Бусад уран бүтээлчид сэтгэгдлээ хэрхэн илэрхийлж байна. Ер нь та бүхний хүрээлэлд нэгнээ юм хийхэд нь шударга шүүмжлээд хэлчихдэг зүйл байдаг уу?

-Байдаггүй шахуу даа.  Цөөхүүлээ болохоор нэг нэгнийхээ сэтгэлийг бодоод, дандаа баяр хүргэдэг, сайн болж гэж хэлдэг гэхэд болно. Бид их цөөхүүлээ, нарийн яривал хамаатан болчих шахдаг улс шүү дээ. Хөдөлмөрлөж, бүтээж байгаа нэгнээ үргэлж урмаар тэтгэнэ. Гэхдээ энэ нь нэг талдаа хортой л байгаа юм.

-Шүүмж дутаж буй орон зайг юу гэж хардаг вэ?

-Шүүмж заавал байх ёстой. Хүн надаас өөрөөр харж, өөрөөр мэдэрч буйгаа илэрхийлж л байвал би тэндээс авахаа авч, хаяхаа хаяна гэж бодож байна. Хамгийн гол нь би үзэгчдийн өмнө үнэн байхыг л үүрэг хариуцлагаа гэж боддог. Хүний нүдийг ямар нэг гоё юмаар хуурахгүй байхыг. Агуулгаасаа хэтэрсэн өнгө үзэмжээр үзэгчийг татах, тэр өнгө үзэмжиндээ таарсан агуулга гаргаж чадахгүй байхаас зайлсхийдэг дээ.


ФОТО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon

Za bas un gishii chaagaad bn

Холбоотой мэдээ

Back to top button