Ярилцлага

34 жил радио нэвтрүүлэгчээр ажилласан Б.Оюунчимэг: Хүмүүс одоо ч миний хоолойг таньдаг

“Эрхэм хүндэт сонсогчид оо...”

Үздэг, уншдаг биш сонсдог энэ эхлэл бидний чихэнд хоногшсон. Өнөөдөр шугамын радио сонсдог хүн ховордсон ч сонсох гэж адгамаар сонгодог эхлэл. 1934 оны есдүгээр сарын 1-нд Монгол Улсад радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор, анх удаа цацагдсан байдаг. Өнөөдөр хичээлийн шинэ жилээс гадна радио салбар үүсэж хөгжсөний 88 жилийн ой тохиож буй.

Энэ өдрийг тохиолдуулж, МҮОНРТ-д радио нэвтрүүлэгчээр 34 жил тасралтгүй ажилласан Б.Оюунчимэгийг онцолж байна.

“Радиод ажиллах өндөр  хариуцлага, ёс зүйтэй ажил байсан” гэж дурсах тэрбээр нэг хүү, гурван ачтай. Нэг ач охин нь хэвлэл мэдээллийн салбарын ажлыг нь өвлөж, “Боловсрол” телевизэд албаны дарга, сэтгүүлчээр ажиллаж байгаа.

-Одоо таны дууг сонсоод хүмүүс таньдаг уу?

-Танина шүү дээ. Яриа сонсоод “Та нэг л өөр хүн байна даа” гэдэг. “Юу нь өөр байна” гэхээр “Хоолой, үг хэллэг тань яах ч аргагүй танил” гэнэ. Монголын радио яваад байх шиг санагддаг байх л аа. Хөдөөгийн сонсогчид маань их сайхан. Намайг үгүйлдэг. Москвад дөрвөн жил томилогдон ажиллаж байх хооронд “Оюунчимэг нэвтрүүлэгч хааччихав аа. Гадаад явсан юм болов уу” гэж эрж, сурж байсан гэдэг.

-Таны хоолой бусад нэвтрүүлэгчдээс юугаараа онцлог вэ?

-Миний хоолойг хамгийн гол нь цэвэр гэдэг. Бүдүүн хоолойдоо орохгүй, нарийн. Би одоо 72 настай гэхэд нэвтрүүлэгчийн хоолой яг хэвээр байна. Үүнд хоолойгоо сайн гамнасан маань нөлөөлсөн байх.

-Хоолойг яаж гамнадаг вэ?

-Тамхи татдаг хүмүүсийн хоолой бүдүүн, сөөнгө болох талтай. Би архи, тамхи хэрэглэдэггүй. Мөн амаараа агаар хэт амьсгалахаас зайлсхийдэг. Өвөл ороолтоорооо амаа дарж алхах жишээтэй. Амьсгалын дасгал хийх чухал. Бидний үеийн нэвтрүүлэгчид амьсгалын бүтэн хичээл заалгадаг байлаа. Амьсгалын дасгалын мастерууд гэхэд хилсдэхгүй дээ /Инээв/.

Б.Оюунчимэг дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа “Өглөөний мэнд” нэвтрүүлгийн хөтлөгчөөр сонгогджээ. 1965 он. Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Г.Ловор түүний концерт хөтөлж, рапорт өгч буйг сонсоод ингэж анх радио салбарт хөтлөн оруулжээ. Б.Оюунчимэг дөрвөн жил “Өглөөний мэнд” нэвтрүүлгийг хөтлөөд 1971 онд Мэдээлэл, радиогийн улсын хороонд /Хожим МҮОНРТ-д нэгдсэн/ оператороор ажиллаж эхэлсэн байна. Таван жилийн дараа, 1976 оноос бүрэн утгаар нэвтрүүлэгч болжээ.

2000 онд тэтгэвэртээ гарах хүртэлх 34 жилийн хугацаанд тэр хүүхдийн нэвтрүүлгүүдийн голчлон хөтөлжээ. Үлгэр уншихдаа дуртай байснаа дурсав.

-Та багадаа урлагийн гэр бүлд өссөн үү. Сайхан дуулах уу?

-Ер нь манай нэвтрүүлэгчид дунд дуулдаггүй хүн байхгүй дээ. Аав маань хоёр дайны ахмад зүтгэлтэн, улсдаа 50-иад жил ажилласан хүн. Танк барьж явсан. Ээж оёдолчин, мундаг уран хүн байлаа. Би багадаа их нийтэч, олон нийтийн ажилд ордог хүүхэд байсан. Бүлгэмийн зөвлөлийн дарга хийгээд л. Энэ үед анх Г.Ловор багштайгаа танилцаж, намайг нэвтрүүлэгч болох замд хөтөлж билээ. Багш намайг тэнгэрээс хараад л байх шиг санагддаг.

-Радиогийн нэвтрүүлэгчийн ажлын юу нь таны сэтгэлийг татсан бэ?

-Маш өндөр ёс зүйтэй, хатуу хариуцлагатай ажил даа. Одоо радио түгээмэл биш болсон. Тэр үед харин  хамгийн түрүүний, анхдагч мэдээллийг авдаг, түгээдэг нь радио байлаа. Аливаа томоохон үйл явдлыг мэдээлэхийн өмнө, долоо хоногийн урдаас бид бэлтгэлд гарч, судалгаа хийдэг байсан. Би бас шууд орчуулга хийх дуртай. Хүнд хэцүү л дээ, гэхдээ сайхан. Гадаад орны нэр хүндтэй хүмүүс ирэхэд эрэгтэй, эмэгтэй нэвтрүүлэгч Буянт-Ухаагийн  нисэх буудалд бэлэн сууж байдаг байлаа. Үнэхээрийн гайхамшиг.

-Ахмад нэвтрүүлэгчдийг хараад их үлгэр дуурайл авч, хөдөлмөрлөдөг байсан байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Намайг ороход С.Батцэрэн багш  тосож авсан. Надад ном унш л гэж захидаг байсан. Ном уншиж гэмээнэ л тархи задарна, сайн нэвтрүүлэгч болно гэж. Ж.Цэвээндорж гуай “Хүний хувь заяа” киног шууд өөрөө өгүүлж, хүүрнэн ярьж өгч байгааг харах үнэхээрийн бахархал. Маш сүрдмээр хүмүүсийн дунд ажиллаж байв даа. Хоёр салаа урт гэзэгтэй би “Ийм өндөр шалгууртай, ийм том байгууллагад ажиллана гэж үү” л хэмээн бодогддог байсан. С.Батцэрэн багш нэг удаа “Чи яасан хор шаргүй юм. Хүчтэй, эрмэг ажиллаач” гээд тас хийтэл алгадаад авч билээ. Одоогийн нийгэмд ингэвэл бөөн асуудал болох байлгүй дээ.

Б.Оюунчимэг “Залуу нэвтрүүлэгчдийг харахаар их л үг хэлмээр, өөрчилмөөр санагдах юм даа. Амьсгаа хуваарилалт энэ тэр ч байхгүй болж дээ. Үгээ идээд байх юм. “Байна” гэхийг “Бай” гээд л орхих. Гадаад үг, хүний нэрийг уншихдаа буруу хэсэгт нь өргөлт авна. Бас бичвэрийн, ярианы онцлог өөр. “Ярив” гэж бичсэнийг бид “Ярилаа” гэж засаж унших ёстой. Гэтэл тэгэв, ингэв, аж гээд л уншдаг болж дээ” хэмээнэ.

Өглөө бүр 06.00 цагаас сонсогчдоо сэрээж, хамгийн түрүүний мэдээ мэдээллийг хүргэхдээ тэр 05.00 цаг гэхэд ажилдаа ирчхээд бэлддэг байжээ. Нэвтрүүлэгчид бэлдсэн текстийг шууд уншихаас илүү өөрсдөө амьдруулж, хэлбэржүүлдэг байна. Үүний тулд тухайн мэдээний агуулгыг эхэлж ойлгох, унших, судлах хэрэгцээ гардаг байжээ.

-Олон жил мэргэжилдээ үнэнч, хөдөлмөрч байхад юу нөлөөлдөг юм бол оо?

-Тийм бага залуугаасаа эхлээд, тэтгэвэрт гартлаа ажиллана гэдэг  хамт олны ач. Мөн мэдээж хүн хоёргүй сэтгэлээр, дурлаж ажиллах хэрэгтэй. Хүн ер нь хүссэн ажилдаа, хүссэн юмандаа амжилт гаргадаг. Хүсээгүй юмандаа дурладаггүй.

Нэвтрүүлэгчид бид ёс суртахуун, ухамсрын дээд цэг байх ёстой. Сайхан сэтгэлтэй ч байх ёстой. Эрхэм хүндэт сонсогчдодоо үнэлэгдэх ёстой. Ер ажилдаа сэтгэл гаргаж л ажиллах хэрэгтэй. Эцсийн эцэст бүх зүйл өөрөөс шалтгаална шүү дээ.

Б.Оюунчимэг 2000 онд тэтгэвэрт гарсан ч “Лавайн эгшиг” радиог босголцож, шашин номын зузаан зузаан ботиудыг уншин нэвтрүүлжээ. Мөн “Зохист аялгуу” ФМ-д ч дуу хоолойгоо хоногшуулсан байна. Одоо ч тэр “Эрхэм хүндэт сонсогчид оо” гэхдээ яг л радиогийн студид суугаа мэт яс тас, цэгцтэй, яруу хүндэтгэлтэй байла.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 1, 2022 11:38

Дуу хоолой үнэхээр гайх�##�тай шүү сонсож өслөө дөө

Зочин
Зочин
9 сар 1, 2022 11:39

Хөөөх ямар сайхан ярилцлага болоо вэ. Ийм нууцлаг од эрхэмүүдийг дандаа онцолж байгаарай

Зочин
Зочин
9 сар 1, 2022 11:43

Таньд эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсий

Зочин
Зочин
9 сар 1, 2022 11:43

mundag hun shvvvv

Зочин
Зочин
9 сар 1, 2022 11:46

Гайх�##�тай содон оролцогч оруулсан бна шүү таньд эрүүл энхийг хүсий

Цогт
Цогт
9 сар 1, 2022 15:52

Ийм хийсэн юмтай буурлууддаа тэр гавъяат цолыг нь өгөхгүй, хэдхэн жил худлаа ажилсан болсон нам дагасан юмнууддаа өгөх юм даа!

Иргэн
Иргэн
9 сар 1, 2022 16:24
Reply to  Цогт

Ёстой тэгмээр юм

Зочин
Зочин
9 сар 1, 2022 16:26

Манай Монголд ийм Сайхан хумуус байдгийм шуу гэдгийг харуулж Байна, Соелын тэргууний тэмдгээ хундэтгэлтэй Сайхан зуучихсэн, зуй нь бол МУСГЗ байхаар хун Байна шуу дээ, Тун Сайхан хун Байна,

Зочин
Зочин
9 сар 1, 2022 17:00

Гайх�##�тайв Танд эрүүл энхийг хүсэн ерөөе

Цаг хугацаа өнгөрөөгүй мэт санагдлаа
Цаг хугацаа өнгөрөөгүй мэт санагдлаа
9 сар 1, 2022 23:15

Хоолой нь хэвээр байна. Эчнээ танил. Хоолой, нэр хоёрыг нь хүмүүс зөндөө сонссон байх.

Холбоотой мэдээ

Back to top button