АНУ-д Завсрын сонгууль дууслаа

АНУ-д Конгрессын Төлөөлөгчдийн тахимыг бүхэлд нь, Сенатын гишүүдийн 1/3-ыг солих “Завсрын сонгууль”-ийн санал хураалт болж өндөрлөлөө. Санал тооллогын явцаас харахад БНН ялж байгаа ч одоогийн эрх баригч Ардчилсан нам Сенатад олонхын байр сууриа хадгалж үлдэх найдлага байгаа аж.
Тодруулбал, Конгрессын доод танхимд БНН үл ялиг олон суудал авах бололтой. Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн энэ сонгуулиар бүрэн солигдох ёстой бөгөөд одоо байгаа мэдээллээр БНН ялж байна. Гэхдээ яг нарийн мэдээллүүд хоорондоо зөрж байгаа юм. Тухайлбал, “Ассошиэтэд пресс” Ардчилсан нам 172, БНН 199 суудалтай байна гэж мэдээлсэн бол “Ройтерс” Ардчилсан нам 173, БНН 198, CNN Ардчилсан нам 178, БНН 199 суудал авсан гэж мэдээлжээ. Аль нэг нам нь олонх болохын тулд 218 суудал авах зайлшгүй шаардлагатай. Төлөөлөгчдийн танхим дахь БНН-ын бүлгийн дарга Кевин Маккарти телевизээр нам нь энэ удаа олонх болно гэдэгт итгэлтэй байна гэж ярьсан байна.
Сенатын сонгуульд мөн БНН ялж яваа ч гишүүдийн 1/3 нь л солигдох тул Ардчилсан нам өмнөх сонгуулиар үүсгэсэн давуу талдаа түшиглээд олонхиор үлдэх магадлалтай юм байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.