Жагсаалын үеэр зөрчил үүсгэсэн байж болзошгүй иргэдээс мэдүүлэг авч эхэлжээ

Иргэдийн жагсаал өчигдөр гурав дахь өдрөө үргэлжиллээ. Жагсаалын хоёр дахь өдөр буюу арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн жагсаал болох үеэр жагсагчид хэд хэдэн зөрчлийг гаргасан.
Тодруулбал:
- Засгийн газрын ордны хаалганы шил хагалсан, хашааг нураасан
- Төв талбай дахь сүрлэн гацуурыг шатаасан
- Тээврийн хэрэгсэл дээр хашаа нурж автомашинд эвдрэл үүссэн
- Туушин зочид буудлын орчимд ачигч тээврийн хэрэгсэлд халдаж эвдсэн
- Талбайн урд талын цагдаагийн постны цонхыг хагалсан зэрэг зөрчлүүд юм.
Тэгвэл эдгээр зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд нийт 19 хэрэг бүртгэжээ. Мөн жагсаалд оролцсон иргэн бүрээс мэдүүлэг авч эхэлсэн байна. Тэгвэл хуульд ийн заажээ.
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13, 14-т
13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;
14/ Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн тав дахь хэсэг
5.Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.
Мөн хуулийн 1.14 дүгээр зүйлд: Өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах
1.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.
2.Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана.
М.БАТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв хохирлыг нь төлүүл
Жагсаж болно хүний хөрөнгө болон бусдын биед халдаж болохгүй халдах юм бол танхйрал анархизм болно
Маш зөв. Сайн ч саар ч юу ч хийсэн бай, хариуцлагаа үүрч сурцгаа
Darga nariin mashin gemtej bhd buruudaad bh ym yu bn ard irgediin munguur mashin awch unchaad butsaagaad ard irgedeer n tululuuleh gd bgmu