"Бууз ажиллагаа" No.2: Бууз хүлээх зуурт өрнөсөн яриа

Сар шинийн баярт зориулсан "Бууз ажиллагаа" контентыг битүүний өдрөөр буюу өчигдөр олны хүртээл болгосон.
Контентод олны танил таван зочин оролцож, монгол гэрт цуглан, сүүтэй цай уунгаа Цагаан сарын тухай дурсамж, соёл уламжлалынхаа талаар ярилцсаны зэрэгцээ хамтдаа бууз хийж, идсэн юм.
Эл “Бууз ажиллагаа”-нд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, жүжигчин Д.Оюунзул, комедиан Б.Золжаргал, Улсын начин Э.Батмагнай, реппер Doid буюу Б.Доржнанжид нар оролцсон юм.
БИТҮҮНИЙ ӨДӨР ХҮРГЭСЭН "БУУЗ АЖИЛЛАГАА"-НЫ ВИДЕО НЭВТРҮҮЛЭГ:
Тэгвэл өнөөдөр тэдний бууз жигнэх зуурт өрнүүлсэн сонирхолтой ярилцлагаас хүргэх болно. Тодруулбал, Цагаан сарын тухай хөгжилтай асуултуудад оролцогчид хариулсан юм.

Этгээд, содон бэлэг
Сар шинийн баяраар айл бүхэн л золгохоор зочлон ирсэн зочдынхоо “алгыг дээш харуулан” үддэг. Ингэхдээ санамсаргүйгээр будилах, эсвэл тооцоолоогүйн улмаас сандрахдаа зэхсэн бэлэг, сэлтээ андууран өвөртлүүлэх нь бий. “Бууз ажиллагаа”-ны таван зочин айл хэр их хэсэж, ингэхдээ айлаас авч байсан хамгийн этгээд содон, хөгжилтэй бэлгийнхээ талаараа ярьж хөгжилдсөн юм. Тийм хөгжилтэй тохиолдол хүн бүрд л учирдаг бололтой. Улсын начин Э.Батмагнайд гэхэд л охин хүүхдийн хувцас бэлэглэж байсан гэнэ.

Дээд рекорд
Улаанбаатар хотын түгжрэл дунд, хотын нэг захаас нөгөө зах хүртэл явж, ах дүү, амраг садан, төрөл төрөгсдийндөө Шинийн гуравны дотор амжиж очиж золгох нь аргагүй л самбаа бөгөөд нарийн төлөвлөгөө, бараг л цагийн хуваарь шаарддаг. Тэгвэл “Бууз ажиллагаа”-ны оролцогчид энэ “тактик”-аасаа дэлгэсний зэрэгцээ Цагаан сараар хэн нь хэдэн айлаар хэсэж байсан дээд “рекорд”-оо хуваалцлаа.

Буузны мангас
Сар шинийн баяраар хэр олон айл хэснэ, тэр тоогоор айл айлын буузны амталгааг хийчихдэг. “Бууз ажиллагаа”-ыхан нэг дор хэн нь хэчнээн бууз идэж байсан “нууц”-аа дэлгэсэн. Зарим хүн хоёр оронтой тоо ч хэлж зүрхдэхгүй байхад өөр нэг нь бүр гурван оронтой тоо хэлж байна лээ шүү.
Тус видео контент өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-ний Шинийн нэгний өдөр, 17:00 цагаас Eguur News фэйсбүүк хуудсаар цацагдах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.