ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

АНУ-д инфляц буурлаа: Бодлогын хүүг хэвээр үлдээсэн ч ам.долларын ханш өснө

АНУ-ын тавдугаар сарын инфляцын түвшнийг олон нийтэд зарласан юм. Улмаар тус улсад инфляцын түвшин дөрвөн хувьтай гарав. Цар тахлаас хойш урьд хожид байгаагүй өсөлтийг харуулсан тус улсын инфляц 2021 оны гуравдугаар сараас хойш хамгийн бага үзүүлэлтдээ хүрсэн нь энэ юм.

Хэдийгээр тус улсад инфляцын түвшин буурсан хэдий ч Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ 5-5.25 хувийн түвшинд хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Бодлогын хүү буураагүй хэдий ч 15 сарын турш бодлогын хүүгээ бага багаар нэмэх стратеги нь завсарлав.

АНУ-ын Төв банкны тэргүүн Жером Пауэллын мэдээлснээр "Инфляцын дарамт одоо ч байсаар байна. Мөнгөний бодлогын нөлөө ч мэдрэгдэх болоогүй. Инфляцыг сааруулахын тулд шаардлагатай хэмээн үзвэл бодлогын хүүг өсгөнө" хэмээлээ.

Хэрэв тус улсын инфляцын түвшин буурахгүй бол энэ он дуусахаас урьтаж хоёр удаа 0.25-аар эсвэл 0.5 нэгжээр бодлогын хүүгээ өсгөх төлөвлөгөөтэй байгаа.

Эдийн засгийн томоохон гүрний хувьд инфляцын түвшин буурснаас гадна өөр нэгэн сайн мэдээ бол ам.долларын ханш цаашид чангарах хүлээлттэй байгаа гэдгийг олон улсын судлаачид хэлж буй.

Хэдийгээр ам.долларын индекс сүүлийн дөрвөн долоо хоногийн хамгийн доод цэгтээ хүрч, 102.66 нэгж болжээ. Гэвч зах зээлийн шинжээчдийн үзэж буйгаар ам.долларын бусад валюттай харьцах ханш суларч буй нь түр зуурын үзэгдэл бөгөөд оны хоёрдугаар хагасаас хойш чангарна хэмээх хүлээлтийг тавиад буй.

-АНУ бодлогын хүүгээ өсгөх нь дэлхийн улс орнуудад ингэж нөлөөлдөг-

Дэлхийн эдийн засгийн шинжээчдийн үзэж буйгаар АНУ-ын бодлогын хүү нэг нэгжээр өсөхөд хөгжиж буй орнуудын хөрөнгө гадагшлах урсгал 45 хувиар нэмэгддэг байна.

Товчхондоо хөгжиж буй манай улстай ижил төсөөтэй улс орны өрийн түвшин нэмэгдэж, эдийн засагт сөрөө нөлөө үзүүлнэ гэсэн үг. Улмаар зарим улс орон валютын хямралд өртөх юм.

Холбооны нөөцийн сангийн хэрэгжүүлж буй бодлогын улмаас олон улс орны валют суларсан жишээ 2018 оны аравдугаар сард тохиож байлаа. Жишээлбэл, Аргентины песо 52, Туркийн лира 38, ОХУ-ын рубль 15, БНХАУ-ын юань зургаан хувиар тус тус суларсан юм. Тухайн үед 170 орчим валютын 52.4 хувь нь дөрөв хүртэлх, 31.2 хувь нь дөрвөөс илүү хувиар суларч байжээ.

Тэгэхээр Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөхөд дэлхийн 170 орчим валютын ханш сулардаг гэсэн үг.

Цаашдаа цар тахлын дараа эдийн засгаа сэргээх гэсэн улс орнуудад шууд нөлөө үзүүлэхээр байна. Инфляцын дарамтад өртсөн хөгжиж буй орнуудад ам.долларын инфляц дахин дарамт үзүүлэх эрсдэлтэй болж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button