Тодруулга: Тасалбараас гадна талбайгаа түрээсэлж төсөвт орлого хуримтлуулах үүрэгтэй

Өнгөрөгч амралтын өдрүүдээр цахим орчинд Чойжин ламын сүм музейн гадна талбайд хувь хүн төрсөн өдрөө тэмдэглэсэн гэх мэдээлэл цацагдаж, иргэдийн шүүлжлэлд өртсөн. Бид энэ асуудлаар тус музейн менежер Э.Баярзулаас тодрууллаа.
-Танай музейн гадна талбайд ямар ч албан байгууллага үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой байдаг уу?
-Музей бол олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Өмнө нь манайх гадаа талбайдаа ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй байж байгаад MCS групптэй хамтран иргэдэд нээлттэй байх байдлаар тохижуулсан. Үүнтэй холбоотойгоор байгууллагууд манайд үйл ажиллагаа зохион байгуулдаг. Ингэхдээ үзмэр болон соёлын өвийн барилгаас хол зөвхөн урд зассан талбайд үйл ажиллагаа явуулах боломжийг олгодог.
-Энэхүү талбайд хувь хүн төрсөн өдрөө тэмдэглэсэн гэх агуулга цахим орчон өрнөж, иргэдийн шүүмжлэлийг дагууллаа шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Манайх энэхүү талбайгаа улсын болон олон улсын шинжтэй, чухал ач холбогдолтой үйл ажиллагаанд зориулж түрээслэдэг. Тиймээс цахим орчинд өрнөсөн шиг манай музейд хувь хүн төрсөн өдрөө тэмдэглэсэн гэдэг мэдээлэл ор үндэсгүй, худал гэдгийг хэлмээр байна. Аль ч талаас нь бодсон бид улсынхаа чухал үнэтэйд тооцогддог энэ ховор объектод хүний төрсөн өдрийг тэмдэглүүлнэ гэж байхгүй. Бидний чиг үүрэг ч тийм биш.
Харин олон улсын хөрөнгө оруулалттай нэгэн компани таван жилийн ойн арга хэмжээгээ зохион байгуулсан. Тухайн компани улсдаа үр өгөөжтэй ажилладаг бөгөөд тэдэнд хөрөнгө оруулдаг 40 гаруй гаднын төлөөлөгчид нь ирэх учир танай хүндэтгэлийн хэсэгт үйл ажиллагаагаа зохион байгуулмаар байна гэдэг байдлаар хандаж манай талбайг түрээслэсэн. Бид зөвхөн талбайгаа л түрээслүүлсэн бөгөөд манайхаас зохион байгуулсан үйл ажиллагаа биш байсан гэдгийг онцолмоор байна.
-Түрээсийн орлогоо юунд зарцуулдаг вэ?
-Манай музей улирлын чанартай ажилладаг гэдгээрээ онцлогтой. Нэг талаараа бидэнд бэрхшээлийг бий болгодог ч гэж хэлж болно. Учир нь зөвхөн зуны гурван сар л ажиллах боломжтой байдаг тул улсын төсөвт орлого хуримтлуулах үүргээ биелүүлж зөвхөн тасалбараар орлого олохоос гадна бусдад нээлттэйгээр буюу зураг авалт хийлгэх зэргээр талбайгаа түрээслүүлдэг. Өөрөөр хэлбэл ингэж орлогын зарим хэсгээ бүрдүүлж байна.
-Ямар журам үйлчилдэг юм бол?
-Бид хамтрах байгууллагуудтайгаа гэрээ байгуулдаг. Үүний дагуу журам мөрдүүлдэг. Жишээ нь, гал гаргахыг хориглоно, музейн эд үзмэрт хүрэхгүй, ажилчдын тависан шаардлагыг биелүүлнэ гэдэг ч юм уу. Мөн манай бүх орлого төрийн сан руу төвлөрдөг. Энэ бүх мэдээлэл маань шилэн байдлаар харагддаг учир хэн ч хэзээ ч ороод үзсэн нээлттэй.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зөв шүү дээ соён гэгээрүүлэгч нар зүгээр суугаад мөнгө олно гэж байхгүй шүү сайн сурталчилж үзвэр үйлчилгээ явуулах л хэрэгтэй дээ мөн зохих хувийг байгууллагад нь үлдээх хэрэгтэй шүү одоо мөнгөгүй хэн юу хийхэв дээ
Zuv ajil bna aa. Ingeed ch boltugai mungu olj surtalchilj bsan n deer
Demjdegshvv mvjigee deedsiin oronshvvv