Б.Дүгэржавт холбогдох хэргийг шалгаж дуусаад НПГ-т шилжүүлжээ

Ховд аймгийн Засаг дарга асан Б.Дүгэржавыг хууль хяналтын байгууллагаас шалгаад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.
Тодруулбал, 2021 оны зургадугаар сард “Саруул цамхаг” ХХК-д давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээд НПГ-т шилжүүлсэн байна. “Саруул цамхаг” ХХК-ийг тус аймгийн төв буюу Жаргалант сумын Бичигт багийн нутагт малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа гэсэн утгатай албан бичиг Б.Дүгэржав хийж өгч, тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж буруутгагдаж байгаа аж.
Улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгөөр Хүнс, хөдөө аж ахуйн газрын лабораторийн барилга барих тендер зарласан байна. Уг тендерт оролцох компаниуд давхар ажил гүйцэтгээгүй, гүйцэтгэж байгаа тохиолдолд ажлын явц 90-95 хувь байх ёстой гэж заасан аж. Гэтэл уг тендерт оролцсон “Саруул цамхаг” ХХК нь Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багт Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн барилгыг барьж байжээ. Ингээд давхар тендерт хуурамч бичиг баримтаар оролцуулсан гэгдэж байна.
Ташрамд, Б.Дүгэржавыг өнгөрсөн 2022 оны наймдугаар сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсөн байдаг.Тодруулбал, түүнийг Эрдэнэбүрэнгийн УСЦ-ын төслийн ажлыг удаашруулсан гэж үзэж, уг үндэслэлээр чөлөөлж байв.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.