Ярилцлага

“Бид анх танилцсан оройноо юу ярилцсанаа хэлэхгүй, нууц”

Нэг нь “Сэр сэр салхи” УСК-ны гол дүрд тоглосон Б.Тэргэл, 19  настай. Нөгөө нь “Баавгай болохсон”-ы гол дүрийн жүжигчин Ү.Батцоож, 18 настай. Нэгэн онд тэдний тоглосон кино арт хаус киноны салбарт хүчтэй анхаарал татаж, Венец болон Каннын кино наадамд Монголыг өнгөлсөн гайхалтай үйл явдал тохиолоо.

Б.Тэргэлийн хувьд Венецийн кино наадмаас “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал хүртэж, “Хар арслан”-гийн эзэн болсон. Энэ шагнал бол монголчуудын хувьд анхных.

Харин хоёр өдрийн өмнө “Fat Cat Jazz Club”-д болсон яруу найргийн уншлагын үеэр Б.Тэргэл, Ү.Батцоож нар анх удаа танилцсан юм. Тэд шүлэг уншсан. Б.Тэргэл Б.Лхагвасүрэнгийн “Үр минь”, Ү.Батцоож Р.Чойномын “Залуу нас” шүлгийг уншжээ.

Ү.Батцоожийн хувьд “Багадаа жүжигчин болохыг хүсдэг байсан. Гэдхээ өөрийгөө нэг л чадахгүй гэж боддог байлаа. Нэг өглөө хичээлдээ явж байхдаа автобусан дотор киноны сонгон шалгаруулалтын зарыг харсан. Ангидаа ороод, утсаа нээгээд бас харсан. Дараа нь, хичээлээ тараад найзындаа очиход бас гарч ирсэн. Хувь тавилан гэмээр. Тэгээд л нэг өдөрт гурван удаа зарыг хараад, очихоор шийдсэн” хэмээн “Баавгай болохсон”-д тоглох болсон эхний алтан мөчөө дурслаа.

Кинонд нохойгоо ууланд оршуулж, уйлдаг хүнд хэсэг бий. Энэ талаар тэр “Тэр хэсэг дээр уйлж чаддаггүй, дүлж уйлаад ер болдоггүй. Тэр үед Зоро эгч загнасан. Үнэмшилтэй харагдахгүй байна гэж. Хэдэн үг хэлэхэд нь харин уйлаад л явчихсан. Өөрийн эрхгүй асгартлаа уйлсан. “Чи үүнийг хийж чадахгүй бол жүжигчин болж чадахгүй” гэсэн” гэлээ.

Ү.Батцоож 153-р сургуулийн 12а анги. Төгсөөд СУИС-д элсэнэ, эсвэл гадаад явж сурна хэмээв.

-Кинонд тоглохоос Каннын кино наадамд шалгарах хүртэл юуг өөртөө шинээр нээсэн бэ?

-Ах эгч нараас их юм ойлгосон. Зоро эгчээс шантаршгүй байдлыг маш их сурч авсан. Тасралтгүй хичээж байгаа цагт үргэлж амжилт гардаг гэдгийг ойлгосон. Өөртөө илүү дүгнэлт хийж үзсэн.

-Үзээд ямар хэсгээ голсон бэ?

-Ээж рүүгээ уурладаг хэсгээ голсон. “Ажил хийгээд, аятайхан шиг байгаад...” гэж хэлдэг дээ. Тэр хэсэгт аймаар үгээ зажилчихсан байсан. Канн явахад гадаад хүмүүс мэдэхгүй. Монгол хүмүүс үзэхэд их зажилсан байсан.

Харин “Сэр сэр салхи” киноны гол дүрийн жүжигчин Б.Тэргэл анх яаж сонгон шалгаруулалтад оров оо?

Тэр “Найруулагч П.Лхагвадуламын анхны “Шилүүс” кинонд ажилласан М.Аззаяа эгч миний оролцож байсан “Молоко” кинонд продюсераар ажилласан юм. Тэгээд надад санал тавьсан. Дэмий байх даа гэж бодож байгаад, юутай ч сориод үзье гээд очсон. Миний дугаарыг авсан. Дахиж дуудаад Номиотой (эмэгтэй гол дүр) проб хийж үзсэн. Тэр өдрийн орой “Баяр хүргэе, шалгарсан байна” гэж хэлсэн” хэмээлээ.

Б.Тэргэл ЕБС-иа төгсөөд Gap Year-ийн завсарлага авчээ.

-Энэ дүрд яагаад сонгогдсоныг найруулагч нь хэлсэн үү?

-Яагаад сонгосноо хэлээгүй. Гаднах дүр төрх ойролцоо харагдсан юм шиг билээ.

Харин Венецийн кино наадмаас “Хар арслан” хүртэх түүнд ямар байв аа?

Б.Тэргэл “Италид явж байгаад бидний шалгарсан Ориззонти хэсгийг харахад “Шилдэг кино” л гэсэн номинац байсан. Гэтэл Монголдоо ирсэн хойно “Баяр хүргэе, сэтгэлээ бариарай. Манай кино шагнал авсан” гэж хэлсэн. Тэгэхэд шилдэг кино болж гэж бодтол шилдэг эрэгтэй дүр гэж хэлсэн. Ер итгээгүй. Өглөө бостол Фэйсбүүкээр дүүрэн энэ мэдээ явсан байсан.

“Улаанбаатар” наадамд шагналаа гардах гайхалтай байсан. Манай аав ээж, хамаатан садан зүүн талаар сууж байсан л даа. Шагналаа угаас харчихсан болохоор уйлахгүй байсан. Гэтэл аав, ээж рүүгээ харчихсан чинь уйлах гээд. Нулимсаа арчаад дахиж хараагүй. Аав, ээж хоёр сууж байгааг харахад л өөрийн эрхгүй уйлчих гээд байсан” гэлээ.

19 настай монгол хүү “Хар арслан” хүртэж, чингээд нулимсаа арчиж буй дүр зургийг “Улаанбаатар” олон улсын кино наадмын эхний өдөр үзэгчийн суудлаас харах сэтгэл хөдөлгөм мөч байв.

-Найруулагч П.Лхагвадуламтай ажиллах ямар вэ?

-Найруулагчтай ажиллахад нээлттэй, хялбар. Энхтайваны гүүрэн дээр жишээ нь сцен байгаагүй. Номио бид хоёр гаргаж ирсэн. Эмнэлэг дотор чихэр өгдөг, Зайсан дээр ярилцдаг гээд бүх сценийн текстийг бид өөрсдөө ярилцаж, зохиосон. Найруулагч “Та хоёр яг бодитоор ийм нөхцөлд байсан бол юу гэх байсан бэ” гэж асуудаг, бодуулдаг.

-ШангриЛа-д “Би төсөөлөлдөө юм авдаг” гэж хэлдэг текст ч үү?

-Тийм. Би өөрөө 10 жилд байхдаа хичээл тараад хийцгүйрч явахдаа ШангриЛа ордог байсан юм. Хүрээлэнгээс буцаж ирээд юм авахгүй, павильон хэсэж, бараа үзээд л явдаг байсан. Түүнийг найруулагчдаа хэлээд.

Б.Тэргэл ирээдүйнхээ талаар “Ер нь чин сэтгэлдээ жүжигчнийг хүсдэг. Гэвч 100 хувь итгэлтэй байж чадахгүй байгаа. Мундаг жүжигчид үнэхээр аймаар жүжиглэдэг, кино үзээд байхад. Харин өөрийнхөө киног үзэхэд худлаа яваад ч байгаа юм шиг санагдаад. Өөрийгөө дутуу үнэлдэг гэх үү дээ. Б вариант бол зураглаач” гэж ярилаа.

Тэр бөө хүүгийн дүр дээр ажиллахдаа их хичээжээ. "Овоон дээр бөөлдөг хэсэг гэхэд л, уул өөрөө нэвт салхитай учир аймаар хүйтэн, хэцүү байсан. Найруулагчийн "За, боллоо" гэх дуу ч дуулдахааргүй салхитай. Нимгэн хувцастай тэр хэсэг хүнд. Мөн бөөлөхдөө тамхи татдаг хэсэг. 6-7 дубль авахад хоёр хайрцаг тамхи дууссан. Дөнгөж дуусаад харахад уруул тойроод батга гарчихсан байсан" гэлээ.

Тэднийг бид “Асуусанд баярлалаа” контентдоо урив. Б.Тэргэл, Ү.Батцоож нар нэг нэгэндээ асуулт сугалж, хариулт авсан хэрэг.

Сугалсан, хариулсан асуултууд нь ийм.

-Таны амьдралын хамгийн сайхан мөч хэзээ байсан бэ?

Б.Тэргэл: Өмнө жил юм уу. Киноны сонгон шалгаруулалтад тэнцсэн тэр мөч.

-Таны авч байсан хамгийн сайхан бэлэг юу вэ?

Ү.Батцоож: Ээжийн өгсөн бэлэг. Намайг төрүүлсэн нь хамгийн том бэлэг.

-Та хэзээ ганцаардсан бэ?

Б.Тэргэл: Ер нь ганцаардсан мэдрэмж аваагүй байх аа. Авсан юм болов уу. Аваагүй байх.

-Амьдралдаа хэзээ ч хийхгүй гэж боддог үйлдэл юу вэ?

Ү.Батцоож: Хэн нэгнийг гомдоохгүй байх. Мөн аливаа сөрөг зүйлээс хол явах.

-Сүүлд хэнтэй утсаар ярьсан бэ?

Б.Тэргэл: Ээжтэй их ярьдаг. Сүүлд бол киноны продюсер Ц.Ариунаа эгчтэй ярьсан.

-Хамгийн их айдаг зүйл?

Ү.Батцоож: Хүний урам хугалахаас. Мөн өндрөөс айдаг. Нохойноос бас нэг үйл явдлаас болоод айдаг болчихсон.

-Өмнө нь хийж байгаагүй ч хийхийг хүсдэг галзуу үйлдэл?

Б.Тэргэл: Гэв гэнэт алга болохыг хүсдэг.

-Танаас урвасан хүнд дахиж итгэж чадах уу?

Ү.Батцоож: Ямар зүйлээс нь шалтгаална. Үнэ цэнтэй хүн бол боломж олгохыг хичээнэ. Үгүй бол нэг их тоохгүй.

-Ямар нэг зүйл цуглуулдаг уу. Хэзээнээс?

Б.Тэргэл: Итали явснаас хойш хөргөгчний наалт цуглуулж байгаа. Багадаа бол төмөр тоглоомон машин цуглуулдаг байсан.

-Таны амьдралд тохиолдсон хамгийн том адал явдал?

Ү.Батцоож: Канн явсан нь. Маш их адал явдал байсан, мэдэхгүй юмаа их үзсэн, сурсан.

-Амьдралын зорилго юу вэ?

Б.Тэргэл: Жүжигчнээрээ илүү амжилт гаргах зорилготой байна. Болохгүй бол зураглаач болно. Гэхдээ япончууд шиг спорт машины засварын газартай болохыг хүсдэг дээ.

Тэдний яруу найргийн уншлага дээр таарсан, танилцсан мөч олны хайрыг татаж байгаа нь эрхгүй. Уншлагын дараа “Хамт алхах уу?” гээд явцгаасан гэсэн. Энэ талаар нь асуухад “Зүг нэг бол алхъя гээд гарсан л даа. Яг ч зүг нэг байгаагүй. Гэхдээ хамт алхсан. Тэр үедээ юу ярьсан нь нууц. Хэлэхгүй ээ” гээд тэд инээлдлээ.

"Баавгай болохсон" УСК-г найруулагч П.Золжаргал хувь хандивлагчдын 5 мянгаас 8 сая төгрөг хүртэлх мөнгө, мөн кино үзвэр зохион байгуулж, албан байгууллагуудын хаалга тогшиж "бүтээсэн" спонсор байгууллагуудын санхүүжилтээр хийжээ. Кино агаарын бохирдолтой, архидалттай, ядууралтай нийгэмд өсвөр насны хүү сайн боловсрол эзэмшихээр, ар гэрээ авч явахаар ахадсан гэмээр ачаа үүрч яваа сэдвийг хөндсөн.

Харин "Сэр сэр салхи"-ийн хувьд "Гүрү медиа" продюсерлэж, П.Лхагвадулам найруулсан. Найруулагч П.Лхагвадулам нь гуравдагч хөршийн оронд кино найруулагчаар бакалавр, кино зохиолчоор магистрын зэрэг хамгаалсан нэгэн. Бөө хүү өөртөө дурлал, нандин харилцаа гэдэг зүйлийг олж нээж буй тухай энэ кино Монголын залуусын үүрч явдаг олон талт, олон төрөлт ачаа дарамтыг илэрхийлжээ.

Ойролцоо насны эрэгтэй гол дүртэй, хоёр монгол кино өнөө жил ийн нээлтээ хийж, арилжааны бус арт хаус киноны зах зээлд дэлхийн анхааралд өртөн, гадаадын фестивальд шалгарсан явдал ийнхүү түүх болж үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 26, 2023 10:34

ene 2 kino 2uula art house kino bishee. Art house kinogoo medej sudalchihaad bichih heregtei.

Зочин
Зочин
10 сар 26, 2023 12:26
Reply to  Зочин

Soliorod bgan be arthouse aa uuruu unsh

Зочин
Зочин
10 сар 26, 2023 11:27
Reply to  Зочин

Mun shuu

Зочин
Зочин
10 сар 26, 2023 10:40

Ёстой хараагүй хүүхдүүд байна

Зочин
Зочин
10 сар 26, 2023 12:27
Reply to  Зочин

Her urlagaas hol bga chn l haragdaj bn daa

Ebe
Ebe
10 сар 26, 2023 22:08

Gomo atsnuud um uu

Mal
Mal
10 сар 27, 2023 09:20
Reply to  Ebe

Iim saihan huuhduudiin yariltslaga door iim yum bichij bgaadaa ichij amidrah heregtei. Az jargalgui novsh chin

Холбоотой мэдээ

Back to top button