Улс төрийн мэдээ

Сонгуулийн жилийн асуудал, хардлага: ЦЕГ-ын дарга тролл хаяг, AI технологио "ялгахгүй" байна

Сонгууль дөхөж, сошиал орчинг хязгаарлах, хаах, боомилох асуудлууд яригдаж эхэллээ.

2020 оны УИХ-ын сонгуулиар хуурамч хаягууд байх нь байсан. Энэ удаа хиймэл оюун ухааны асуудал нэмэгдэж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар “Сербид зохицуулалт хийгээд байсан ч яг сонгуулийн урд өдөр барууны намын даргаа пивоны үнийг хоёр дахин нэмнэ гэж ярьж буйгаар аудио бичлэг хийж тавьсан. Ингээд тэр нам ялагдсан” гэж жишээ дурдана лээ.

Саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хятадаар ярьж байгаа бичлэгийг сошиал дахь ихэнх хүн бол хиймэл оюун ухаан гэж ялгаагүй. Тэгэхээр, тэр энэ нам гэхээсээ илүү сонгогчдын зөв мэдээлэл авах асуудал үүгээр хөндөгдөж байгаа юм.

Гэхдээ бусад улсууд үүн дээр яг хэрхэн анхаарч байгаа талаарх судалгаа холбогдох албаны хүмүүс төдий сайн байхгүй байгаа бололтой.

Хуулийн дагуу, энэ долоо хоногт Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ЦЕГ болон УБЕГ-ын дарга нар томилогдлоо.

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд томилогдох үеэрээ гишүүдийн асуултад хариулсан. Ж.Сүхбаатар, Д.Тогтохсүрэн нарын гишүүд харин дээрх агуулгыг хөндөж асуусан.

Т.Сүхболд бол чадлаараа ажиллаж байгаа, болно гэвэл шууд хаагаад, хаагаад явчихмаар байна гэсэн утгатай хариултууд шиднэ лээ. Гэхдээ хиймэл оюун ухаан гэхээсээ хуурамч, тролл хаягуудын тухайд.

Deep Fake-ийн тухай асуухад хуурамч хаяг хаах тухай хариулсан ЦЕГ-ын дарга

ТББХ-ны хуралдааны үеэр “Хуурамч хаягаар үйлдсэн, худал мэдээлэл тараах гэмт хэргүүдийн 99.9 хувийг цагдаагийн байгууллага шалгадаг. Бид өнгөрсөн жил хэрэг илрүүлэлтийг 53.4 хувьд хүргэсэн. Хүн хүч, техник технологио нэмэгдүүлсэн. Техникт найдах боломж бага, мэргэжлийн хүмүүс л хэрэгтэй. Ганц арга бол, хуурамч хаяг гэдэг нь батлагдсан бол интернэт үйлчилгээ үзүүлэгчдэд хандаж, тэр хаяг руу хандах боломжийг шууд хаах. Хуульд ч боломж нь бий” гэсэн.

Т.Сүхболд ажлаа авснаас хойш ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг газар болгон өргөжүүлж, 40 хүний бүрэлдэхүүнтэй байсныг 80 болгож нэмэгдүүлжээ.

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр бас “Харилцаа, холбооны хуульд бий. Зөрчил гаргасан нь тогтоогдвол интернэт үйлчилгээ үзүүлэгчидтэй байгуулсан гэрээний дагуу шууд хаадаг. Иймд, хуурамч хаяг гэдэг нь тогтоогдвол хаадаг болж болно” гэсэн л тайлбар хэллээ.

Уг нь энэ бол хуурамч хаягийн биш, хиймэл оюун ухаанаар хийсэн бичлэг буюу Deep Fake-ийн асуудал юм л даа.

Сарын өмнө Zarig.mn сайтыг хаасан. Тэр хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх талбар юм уу хаяг биш, хэвлэл мэдээллийн хэрэгсэл байв. Авчиг шүүхийн шийдвэрээр хаасан. Т.Сүхболдын яриад байгаагаар бол, сонгуулийн жил “Цахим орчин дахь худал хуурмагтай тэмцэнэ” гэсэн малгайн дор үзэл бодлоо илэрхийлсэн бүр дээр зөрчил үүсгээд явчих вий гэсэн болгоомжлол байна.

Учир нь сонгуулийн жил улстөрчид пост бичсэн иргэнд бүү хэл баримт гаргаж тавьсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ч гомддог. Шүүхийн процесс  уддаг. Тэгэхээр Т.Сүхболдын ярианы агуулгаар, хааж, хорих схем хэрэгжиж эхлэх вий гэсэн хар төрж буй.

Уг нь шүүхийн шийдвэрээр сайт хаадаг асуудлыг өөрчлөх агуулгаар ЦХХХ-ы сайд Н.Учрал дуугарсан ч хуулийн төсөл нь өргөн баригдаагүй л байна. Үүн дээр ХХЗХ дээр байдаг журам, цагдаагийн байгууллагаас хүч түрэн ирүүлэх гомдлууд нийлээд ирвэл сонгуулийн жил сошиал хаягуудыг ихээр хязгаарлалтад оруулж мэдэх дүр зурагтай.

Энэ жил дэлхийн 64 оронд сонгууль болно. Тэдэнд ч энэ асуудал тулгарна

Дээр нь Т.Сүхболд хуурамч хаяг гэхээс илүү Deep Fake-ийн тухай ярих ёстой байлаа. Ийм тохиолдолд яах юм бэ. “Хуурамч бичлэг гэдгийг нь илрүүлж болно” л гэлээ. Илрүүлээд яах уу, олон нийтэд яаж зарлах вэ. Тэгээд ямар хариуцлага тооцох вэ. Энэ бол санаатай хийсэн зохиомол үйлдэл болохоос хэн нэг нэр дэвшигчийн тухай өөрийн үзэл бодлоо илэрхийлж, улмаар хаягаа хаалгах иргэн, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээс анги ондоо агуулга юм.

Үүн дээр дэлхийн бусад орнууд хэрхэн анхаарч буйг судлаад үзвэл, тэд сонгуулийн жил огт цахим хаягуудтай тэмцдэг жишиг алга. Харин мөнөөх Deep Fake дээр бол хатуухан хууль батлаад амжжээ.

Тодруулбал дэлхийн 64 орон болон Европын холбооны төлөөлөгчдийн сонгууль энэ жил болох юм.

“Time” сэтгүүл мэдээлснээр дэлхийн түүхэнд байгаагүй олон хүн энэ жил саналаа өгөх аж. Тодруулбал дэлхийн хүн амын 49 хувь нь ирэх жилүүдэд хэн улсыг нь удирдах, парламентэд сууж хууль батлахыг сонгоно.

Сонгуультай жилүүдэд худал мэдээлэлтэй тэмцэх асуудал гарч ирдэг. Сүүлийн үед хиймэл оюун ухааны тусламжтай хүний дүрс бичлэгийг янзалж, өөрийнх нь хоолойгоор үг хэлүүлдэг “deepfake” нэртэй технологи газар авах болсон.

Тус технологийг ашиглан улс төрчдийг хэлээгүй үгийг нь хэлсэн мэт болгож янзалсан бичлэг цахим орчинд нийтлэгдсэн тохиолдол гаднын улс орнуудад их гардаг. Монгол ч гэсэн тийм тохиолдол бий.

Тухайлбал 2023 оны арван нэгдүгээр сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлж байгаа бичлэг цахим орчинд тархсан.

Үнэндээ бол “HeyGen” нэртэй хиймэл оюун ухаанаар бичлэг янзлагч сайтыг ашиглан тус бичлэгийг хийсэн байсан билээ. Ингэхдээ 2023 оны 09 дүгээр сарын 1-нд теле хичээлээр орсон “Дэлхийн нийслэл Хархорум” сэдэвт теле хичээлийн бичлэгийг ашигласан юм. Тус сайт дээр бичлэг, текстээ өгснөөр бичлэг дээрх хүний дуу хоолойгоор ярьж байгаа мэт үнэмшилтэй харагдуулж янзалдаг байна.

“Deepfake” нь урлаг, уран сайхны талбарт ашиг тус өгөх потенциалтай технологи ч гэсэн худал мэдээллийг түгээх маш хүчтэй хэрэгсэл ч болох эрсдэлтэй юм. Ийм учраас дэлхийн улс орнуудын албан тушаалтнууд сонгуулийн жилд “deepfake”-ээр тархах худал мэдээлэлтэй тэмцэх бэлтгэл хангах хэрэгтэй гэж эртнээс сануулсаар иржээ.

Тэгвэл одоо гадаадын орнууд “deepfake” технологийн хэрэглээнд ямар арга хэмжээ авсныг харцгаая.

Тайвань

Ирэх долоо хоногийн бямба гарагт /2024.01.13/ Тайвань улсын иргэд ерөнхийлөгч болон парламентын гишүүдээ сонгох юм. Тайванийн Мөрдөн байцаах товчоо өнгөрсөн жилийн есдүгээр сард сонгуулийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хиймэл оюун ухаанаар бүтээсэн “deepfake” бичлэгүүдийг хэрхэн ялгах талаар олон нийтэд зөвлөгөө өгч, анхааруулжээ.

Тус анхааруулгыг гаргаснаас хоёр сарын дараа буюу арван нэгдүгээр сард ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Лай Чинтэг дүрсийг “deepfake” ашиглан өөр зүйл яриулсан бичлэг цацагдсан байна. Лай Чинтэ нь Ардчилсан Прогрессив намыг төлөөлөн сонгууль нэр дэвшиж байгаа юм.

Тайваньд ерөнхийлөгчийн албыг Ардчилсан Прогрессив намын Цай Инвэнь хашиж байгаа. Тэрбээр 2016 оноос хойш Тайванийн ерөнхийлөгчөөр ажилласан. Цай Инвэнь хуулийн хоёр удаа алба хашсан тул хуулийн дагуу дахин сонгууль өрсөлдөх боломжгүй тул Ардчилсан Прогрессив нам Лай Чинтэг нэр дэвшүүлжээ.

Тус улсын Парламент “deepfake” технологитой холбоотой хууль өнгөрсөн жил баталсан байна. Өнгөрсөн тавдугаар сард баталсан шинэ хуулиар компьютероор бүтээсэн зураг, дуу хоолой, бичлэгийг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн хүмүүст долоо хүртэл жилээр хорих, 1 сая шинэ тайвань доллароор торгох (32 мянган ам.доллар) ял оноох юм.

Тэрхүү хуульд төрийн байгууллага, төрийн албан тушаалтны нэрийн өмнөөс, гурав ба түүнээс дээш хүнтэй зөвшөөрөлгүй, радио, телевиз, интернэт болон бусад хэрэгслээр олон нийтэд худал мэдээлэл тараасан, залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн бол нэгээс долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж бичжээ

Мөн Тайванийн Парламент өнгөрсөн зургаадугаар сард “Presidential and Vice Presidential Election and Recall Act” нэртэй төслийг баталжээ. Лай Чинтэн бичлэг цацагдсаны дараа Тайванийн Хууль зүйн яамны Мөрдөн шалгах товчоо “deepfake” ашиглан ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидтэй холбоотой дүрс бичлэг, дуу бичлэг тараах нь тус хуулийг зөрчиж буй хэрэг гэж мэдэгдсэн байна.

БНСУ

Өмнөд Солонгосын парламентын тусгай хороо арван хоёрдугаар сарын 5-ны өдөр Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хиймэл оюун ухаанаар үүсгэсэн “deepfake” технологийг сонгуулийн үеэр улс төрийн сурталчилгаанд хэрэглэхийг хориглосон хуулийн төслийг дэмжсэн юм.

Ингэснээр тус хуулийн төсөл БНСУ-ын парламентад хүргэгдсэн бөгөөд хууль тогтоогчид арван хоёрдугаар сарын 20-ны өдөр хуралдаж, “deepfake” технологийг сонгуулийн үеэр хориглохыг дэмжсэн байна.

Сонгуулийн тухай хуульд нэмэлтээр оруулсан өөрчлөлтийн дагуу улс төрийн кампанит ажилд “deepfake” бичлэг ашиглахыг сонгуулиас 90 хоногийн өмнөөс эхлэх хориглох юм.

Тодруулбал энэхүү нэмэлт өөрчлөлт нь санал хураах өдөр болон тус өдрөөс 90 хоногийн өмнө хиймэл оюун ухааны технологи ашиглан бодит бичлэгээс ялгахад хэцүү дуу, дүрс бичлэг хийх, засварлах, түгээх, дэлгэцээр цацах, нийтлэхийг хориглосон байна.

Энэ хуулийг зөрчсөн этгээдэд долоо хүртэлх жилээр хорих, 10-аас 50 сая воноор торгох ял оноох юм. Сонгуулиас 90 хоногийн өмнө учир тус хууль ирэх долоо хоногийн пүрэв гарагаас /2024.01.11/ эхлэн хэрэгжинэ.

Харин хэрэгжиж эхлэхээс өмнө “deepfake” бичлэг үйлдвэрлэсэн этгээд хуурамч бичлэг гэдгийг зарлаж нийтлэх ёстой аж. Хэрвээ зарлалгүй цацвал 10 сая хүртэлх воноор торгоно. Мөн зарлалгүй худал мэдээлэл бүхий “deepfake” цацвал илүү хүнд ял оноох болсон байна.

АНУ

АНУ-д орон даяар үйлчлэх “deepfake” технологид хяналт тавьсан хууль байхгүй. Гэхдээ өнгөрсөн жил Миннэсота, Мичиган болон Вашингтон мужууд тус технологид хяналт тавих хуулиудыг баталсан байна. Хамгийн эхэнд Вашингтон муж өнгөрсөн тавдугаар сард “deepfake”-тэй холбоо бүхий хуулийг баталсан юм.

Тус хуулийн дагуу сонгуульд нөлөөлөх зорилгоор ашиглаж буй хиймэл мэдээллийг заавал зарлах ёстой аж. Хуульд хиймэл гэх үгийг хувь хүний дүр төрх, яриа, зан үйлийг хуурамч технологи ашиглан санаатайгаар хувиргасан бодитой мэт харагддаг ч хуурамч аливаа зураг, дуу, дүрс бичлэг гэж тодорхойлжээ.

Миннесота муж өнгөрсөн наймдугаар сард сонгууль болохоос 90 хоногийн өмнө сонгуульд нөлөөлөх “deepfake” бичлэг, дүрс, зураг гэх мэт зүйл нийтлэхийг хориглосон хууль баталсан байна.

Хэн нэгэн этгээд тарааж буй зүйл нь “deepfake” гэдгийг мэдэж байгаа эсвэл мэдэх үндэслэлтэй бол, мөн тус “deepfake” бүтээлийг дүрсэлсэн хүний зөвшөөрөлгүйгээр хуваалцсан бол, нэр дэвшигчийг хохироох эсвэл сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор үйлдсэн бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Хэрвээ энэ хуулийг зөрчсөн хүмүүст тав хүртэлх жилээр хорих, 10 мянга хүртэлх ам.доллароор торгох ял оноох юм.

Мичиган муж арван нэгдүгээр сард баталсан хуульд хориг мөн зарлах шаардлага тусгаж өгчээ. Хуулийн дагуу сонгуулиас 90 хоногийн өмнө хуурмаг бичлэг, зураг, дуу дүрс гэх мэт зүйлс тараахыг хориглосон байна. Гэхдээ тус материалыг хуурмаг гэдгийг зарлан тараах бол хориглохгүй аж.

Тус гурван мужаас гадна “Meta”, “Microsoft” болон “Google” компани сошиал платформууд дээрх улс төрийн сурталчилгаануудыг хиймэл оюун ухааны тусламжтай бүтээсэн эсэхийг зарлахыг шаардаж эхэлжээ.

Эдгээр улсуудын жишгээс харахад “deepfake” технологийг сонгуулиас хэсэг хугацааны өмнө хориглох, эсвэл хиймэл оюун ухаанаар засварласан бичлэг гэдгийг зарлан цацах хууль тогтоосон байна.

М.ТЭНГИС, Б.БУЯНДОРЖ

 Эх сурвалж: CBS, CNN, Yonhap, Taipei Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zocin
zocin

Өмхий буриадын боловсрол гэж юу байдгийн

хүннү
хүннү

Нийслэлд МАН-ялагдах нь тодорхой боллоо. Энэ нөхөр, Нямбаатар хоёр МАН-ыг ялагдуулах хангалттай үйлдэл хийлээ.

Холбоотой мэдээ

Back to top button