ФОТО: Оюутнууд "Түр ажлын байр" өдөрлөгт хамрагдан сурахын зэрэгцээ ажил, орлоготой болох боломжтой
Өнөөдөр /2019.11.19/ МУИС-ийн Номын сангийн 3 давхарт “Түр ажлын байр” нэртэй өдөрлөг зохион байгуулагдаж байна. Үүнд нийт 30 орчим ажил олгогч байгууллагууд оролцож, оюутнуудад боломжит нээлттэй ажлын байруудыг танилцуулах, бүртгэх үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Өдөрлөгийн талаар МУИС-ийн оюутан, төгсөгчдийн хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг:
-“Монгол улсын хэмжээнд “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөр хэрэгжиж буйтай холбогдуулан энэ өдөрлөгийг зохион байгуулж байна. Оюутнуудад суралцангаа ажлын байран дээр бэлтгэгдэж, дадлагажих нөхцөлийг бүрдүүлж өгч буй давуу талтай. Мөн санхүүгийн нөөц боломжоо эцэг, эхээс хараат бусаар зохицуулах боломжийг олгож байна.
Өмнө нь жилд нэг удаа зохион байгуулдаг байсан бол энэ оноос хавар, намрын улиралд хоёр удаа зохион байгуулдаг боллоо. Оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүргийн сургууль хүлээдэг. Зөвхөн энэ өдөрлөгөөр хязгаарлагдахгүй, гурван үе шаттайгаар явагдаж байгааг онцлох хэрэгтэй. Эхний өдөр ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, лекц бүхий сургалтыг зохион байгуулсан. Хоёрт, Улаанбаатарын топ ААН-үүдийн ажлын байран дээр танилцах аялал хийсэн. Энэ бүхэн нэг талаар оюутнуудад их сургуулиа төгсөөд шууд ажлын байран дээр гарахад тулгардаг бэрхшээлүүдийг хялбар давахад нь тусална гэж харж байна.
Яагаад оюутныг цагийн ажил хийхийг дэмжиж байна вэ, суралгад нь сөргөөр нөлөөлөхгүй юу гэсэн хандлага байдаг. Ийм учир оюутны сургалтын үйл ажиллагаанд нөлөөлөхгүйгээр гурвалсан гэрээ байгуулж ажилладаг. Дээд тал нь гурван цаг ажиллах гэх мэт бусад шаардлагатай стандартуудыг тогтоодог” хэмээн ярьсан юм.

Харин оюутнууд уг өдөрлөгөөр дамжуулан албан гэрээ бүхий ажлын байруудад зуучлуулснаар бусад ААН-үүдэд түгээмэл тохиолддог хэт их цагаар ажиллах, цалин хөлсөө авахгүй байх гэх мэт эрсдэлээс сэргийлдэг гэдгийг хэлж байв.
Х.ЭРХЭС
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ



















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.