“70 гаруй багш ажлаас халагдах өргөдлөө өгөөгүй”

-НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН 70 ГАРУЙ БАГШ АЖЛААС ХАЛАГДАХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ-
Өчигдөр /2019.11.21/ нийслэлийн тэргүүний Нэгдүгээр сургуулийн 70 гаруй багш нар захирлаа эсэргүүцэж ажлаас халагдах өргөдлөө өгсөн гэх мэдээлэл цацагдсан билээ. Тодруулбал, сургуулийн багш нар чанаргүй үдийн цайг сурагчдад нийлүүлж байгааг эсэргүүцсэнээс зөрчил үүсч эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.
Энэ оны аравдугаар сарын эхээр сургуулийн сурагчдын үдийн цайнд өгөхөөр бэлтгэсэн боорцог ямар ч хаяг шошгогүй, хатаж удсан шинжтэй байжээ. Иймд сургуулийн багш нарын зүгээс эмч, нийгмийн ажилтан, нярав нарт мэдэгдэж, халдварт өвчин гарах эрсдэлтэйг анхааруулж эсэргүүцсэн байна. Мөн бүтээгдэхүүнээс үүдэн хэд хэдэн хүүхдэд хордлогын шинж тэмдэг илэрсэн байдаг аж. Энэ тухай тус сургуулийн багш нар олон нийтэд дэлгэсэн. Гэтэл эдгээр багш нарыг ажлаас халах шийдвэр гаргасан гэж мэдээлж байгаа юм.
Улмаар сургуулийн үдийн цайны асуудлаар эхэлсэн маргаан улам даамжирч, өдгөө тус сургуулийн 70 гаруй багш Д.Цогзолмаа захиралтай цаашид хамтран ажиллах боломжгүй гэх гарын үсэгтэй өргөдлийг энэ оны арваннэгдүгээр сарын 10-ны үеэр Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар болон Боловсролын газарт хүргүүлжээ. Гэвч одоог хүртэл өргөдлийн хариуг өгөөгүй маргаан үргэлжилж байгаа аж.
-БАГШ НАР СУРАГЧДЫН ХООЛОНД ШААРДЛАГА ТАВЬСНААС БИШ САНДАЛ ШИРЭЭ БУЛААЦАЛДААГҮЙ-
Нэгдүгээр сургуулийн багш нарын төлөөлөл хэлэхдээ, “Манай сургууль дээрх маргаан аравдугаар сарын 01-нд хүүхдийн үдийн цайнаас эхлэлтэй. Хүүхдүүдэд эрүүл ахуйн баталгаагүй хоол хүнс өгсний багш нар эсэргүүцсэн. Харамсалтай нь захирал Д.Цогзолмаа боов, талхны асуудлаар шалтаглаж намайг ажлаас халуулах гэлээ хэмээн ярьсан. Наанаа боов талхны асуудал яригдаж байгаа боловч, энэ нь хүүхдийн эрүүл хоол хүнс, эрхийн асуудалтай холбоотой. Түүнээс биш багш нар сандал ширээ булаацалдаагүй. Зохисгүй байдлыг зогсоож өгөхийг хүсч НМХГ, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн боловсролын газарт хандсан.
-АЖЛААСАА ХАЛАГДАХ ӨРГӨДӨЛ ӨГСӨН БАГШ БАЙХГҮЙ-
Тус сургуулийн Сургалтын менежер н.Эрдэнэбаттай холбогдож үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодруулахад, “Манай сургуулийн багш нар халагдах өргөдлөө өгөөгүй. 70 гаруй буюу ийм олон багш өргөдөл өгсөн асуудал гараагүй. Бүх багш нар ажлаа хэвийн хийж байгаа. Би яг одоо хуралтай байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм.
-ТОЙРГИЙН БУС ХҮҮХЭД АВДАГ БАЙДЛЫГ ТАСЛАН ЗОГСООСНЫ ТӨЛӨӨ БООВ, ТАЛХНЫ АСУУДЛААР ДАЛДАЛЖ БАГШ НАР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ЦАЦАЖ БАЙНА-
Тэгвэл Нэгдүгээр сургуулийн захирлын үүргийг гүйцэтгэгч Д.Цогзолмаа нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би ажлаа хүлээлгэж өгөхөөр өргөдлөө өгчихсөн байгаа. Тойргийн бус хүүхэд авдаг байдлыг би энэ жил таслан зогсоосон. Энэ асуудлаас болж зарим хүмүүсийн эрх ашиг хөндөгдөөд байх шиг байна. Тиймээс боов, талхны асуудлаар далдалж миний тухай иймэрхүү мэдээлэл цацаж байгаа гэж ойлгож байна” хэмээжээ.
П.УРНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.