Согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл олгох эрхийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлжээ

Улаанбаатар хотод бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад нийслэлийн хөгжлийн бодлого, чиглэлийг танилцуулах, тэдний санал бодол, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагыг сонсох зорилгоор “Худалдаа, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалтыг өнөөдөр зохион байгуулсан. Уулзалтад нийслэлд үйлчилгээ эрхэлж байгаа 700 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон байна.
Энэ үеэр яригдсан голлох асуудал нь, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн 15.8 дугаар зүйлд заасны дагуу “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрх”-ийг энэ оны гуравдугаар сарын 15-наас дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсэн асуудал байлаа. Ингэснээр зөвшөөрлийн шинжтэй төрийн үйлчилгээ улам хялбар, шуурхай болно гэж үзжээ. Мөн жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ, ерөнхий шаардлагын стандартад өөрчлөлт оруулж, хүнсний дэлгүүрийн талбайн хэмжээг 51-ээс 41 ам метр болгон өөрчлөх хүсэлтийг төрийн дээд шатны холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2021 оны захирамжаар зөвшөөрлийн шинжтэй 74 төрлийн үйлчилгээг цахимд шилжүүлсэн. Өдгөө цахим бүртгэлийн хуудастай 11,888 иргэн, аж ахуйн нэгжид 110 мянган иргэн ажиллаж байна. Цаашид цахим зөвшөөрлийн системийг илүү сайжруулж, ойлгомжтой, шуурхай болгох юм.
Уулзалт худалдаа, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн санал хүсэлт, асуулт хариултаар үргэлжилж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.