ДЭЛХИЙ

2020 онд их сургуулиа төгсөх ЕСӨН НАСТАЙ хүү докторын зэрэгт суралцана

Энэ зууны гоц хүүхэд хэмээн яригдаж буй Лаурэнт Саимон төгсөх өдрийн товын асуудлаас болж Eindhoven University Of Technology (TUE) /Эйндховэн технологийн их сургуулиас гарчээ. Тодруулбал, түүнийг докторын зэрэгт суралцуулах хүсэлтийг АНУ-ын нэгэн их сургуулиас тавьсан бөгөөд, энэ нь хоёр их сургуульд давхар сурах шаардлагыг бий болгоод буй аж.

                                                Лаурэнт бол их сургуулийн цом биш

Энэ оны арваннэгдүгээр сард дэлхий нийтийг шуугиулсан Лаурэнт /есөн настай/ Нидерланд улсын (TUE) Эйндховэн технологийн их сургуулийг арванхоёрдугаар сард электроникийн инженер мэргэжлээр төгсөх учиртай байсан. Гэвч түүний гэр бүл болон их сургуулийн хооронд үүссэн асуудлаас болж, тэр тус сургуулиасаа гарах болсон байна. Эйндховэн технологийн их сургуулиас (TUE) гаргасан мэдэгдэлд, Лаурэнтийг 2020 оны хавар төгсөнө хэмээж байсан бөгөөд үүний шалтгааныг түүний өгөх шаардлагатай шалгалтын тоотой холбон тайлбарласан юм. “Тэр 2020 оны хавар төгсөхөөр боловч маш шахуу хөтөлбөрийн дагуу хичээллэхээр байгаа” гэж тус сургуулийн зүгээс CNN агентлагт ярьжээ.

Хүүгийн аав Александр Саймон, "Түүнийг есөн настайдаа бакалаврын зэргээ авахыг хармаар байна” хэмээн Эйндховэн их сургуулийн удирдлагуудад удаа дараа хэлж байсан бөгөөд, энэ нь дунджаар 3 жилийн турш суралцдаг бакалаврын хөтөлбөрийн 10 сарын дотор дуусгах шаардлагатай болж буй хэрэг юм.

Гэхдээ их сургуульд анх элсэн орсноос хойш ийм шахуу хуваариар хичээллэхэд ямар нэг асуудал үүсээгүй гэдгийг аав нь хэлдэг.

Сонирхолтой нь, Лаурэнтэд АНУ-н нэгэн их сургуульд Докторын зэргээр сурах урилга ирсэн учир, хоёр сургуульд зэрэг сурах бололцоо байхгүй гэсэн шалтгаанаар Эйндховэн их сургуулиас гарахаар болсон байна.

Хүүгийн аав Александр, "Заримдаа амьдралд аль нэгийг нь сонгохоос өөр аргагүй байдал тулгардаг. Энэ боломжийг алдвал, дахиж олдох эсэхийг нь хэн ч мэдэхгүй шүү дээ” хэмээн ярьсан бөгөөд, хүүгийн докторын зэрэгт суралцах урилга авсантай холбогдуулан Эйндховэний их сургууль төгсгөх хугацааг сунгасан байх гэж тэрбээр хардаж байгаа аж. "Тэдний энэ хандлага буруу. Лаурент тэдний өмч биш” гэж тэр хэлжээ.

Харин түүний энэ байр сууринд Эйндховэн технологийн их сургуулийн зүгээс (TUE) CNN агентлагт өгсөн ярилцлагадаа,

“Бид хэзээ ч сурагчдаа өөрийн өмч гэж үзэхгүй, мөн хэн нэгнийг хохироох ямар ч үйлдэл хийхгүй. Хүүгийн гэр бүл АНУ-д докторын зэрэгт суралцахаар болсон тухай мэдээллийг бидэнтэй эртнээс илэн далангүй хуваалцаж байсан. Хичээлийн шинэ хөтөлбөр тохирохгүй байгаад нь харамсаж байна. Удирдаж буй багш нар нь хүүтэй ажиллахдаа сэтгэл хангалуун байдаг. Түүнийг гоц авьяастайгаас гадна сэргэлэн цовоо, өрөвч зантай хэмээн ярьдаг. Хичээлийн цагаа зохицуулаад манайд сурахаар ирвэл үүд хаалга маань үргэлж нээлттэй байх болно” гэсэн хариулт өгчээ.

Одоогийн байдлаар Лаурент АНУ-ын их сургуульд суралцаж эхлэх огноогоо тодорхой болгоогүй байгаа бөгөөд, аав нь, "Бид түүнийг хэт их шахах хүсэлгүй байгаа” хэмээн ярьсан байна.

Ш.ГАМБАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button