“SpaceX” компани Starship хөлгийн хөөргөгчийг амжилттай газардууллаа

Илон Маскийн эзэмшдэг “SpaceX” компани ням гарагт /2024.10.13/ Starship сансрын хөөргөгч тав дахь удаагаа туршихдаа амжилттай газардуулсан байна. Тодруулбал Starship Техас муж дахь хөөргөх тавцангаас нисэж, түүн дээрээ буцаагаад газарджээ. Хөлөг газардахад аварга том механик гараар барьж авсан байна. Тэрхүү механик гар нь 122 метр буюу Эрх чөлөөний хөшөөнөөс илүү өндөр.
Starship пуужингийн эхний шат буюу Super Heavy хөөргөгч нь 71 метр өндөртэй, 33 Raptor хөдөлгүүртэй. Хэрэв барилгын нэг давхар 3.3 метр байдаг гэж үзвэл Super Heavy нь 21 давхар барилгатай ижил өндөртэй гэсэн үг. Пуужин Техас мужийн Бока Чика бүс дахь хөөргөх тавцангаас ням гарагт орон нутгийн цагаар 07:25 минутад хөөрсөн байна. Ойролцоогоор 70 км өндөр хүрсний дараа Starship хоёр дахь шатаа сансар руу нисгэж, Super Heavey хөөргөгч Бока Чикад газардахаар буцжээ. Пуужингийн хоёрдугаар шат нь 143 км өндөрт хүрч, Австралийн ойролцоо Энэтхэгийн далайд хяналттай уналт хийсэн аж.
Пуужин амжилттай газардсаны дараа Маск X платформ дээр “Цамхаг пуужинг барьж авлаа” гэж нийтлэл бичсэн байна. Газардаж буй пуужинг цамхаг дээр суурилуулсан механик гараар барьж авах нь “SpaceX” компанийн технологидоо гаргасан томоохон амжилтуудын нэг юм. Маск Starship хөлгөөр сар руу хүн, ачаа зөөх төлөвлөгөөтэй байгаа. Харин эцсийн зорилго бол тус хөлгөөр Ангараг гараг руу нисэх юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.