Маргааш Леди Гага "Mayhem" цомгоо цацна

Леди Гагагийн найм дахь цомог "Mayhem" маргааш буюу гуравдугаар сарын 7-ны өдөр нээлтээ хийх нь.
Шинэхэн цомог дэлхийн хөгжмийн зах зээлд өндөр хүлээлт үүсгээд байгаа. Цомгоос "Disease" дууг өнгөрсөн оны аравдугаар сард, "Abracadabra"-г Грэммийн наадамтай давхцуулан хоёрдугаар сард тус тус цацсан. Мөн Бруно Марстай хамтарсан "Die With A Smile" дуу нь (Грэмми хүртсэн) энэхүү "Mayhem" цомогт багтсан билээ.
Одоогийн байдлаар "Disease", "Abracadabra" дууны клип дуалист концепц ажиглагдсанаараа ижил төст шинж чанартай байна. Леди Гага өөрийн өөр нэгэн хувилбарын хамт тэдгээр клипт дүрслэгдэж байгаа юм. Харин хөгжмийн хэв маяг илүү электропоп өнгө аястай болсон ч Леди Гага өөрөө жанр бүрийн холимог бий гэж тодотгожээ.
"Abracadabra" дууны клипний найруулга түүний эхэн үеийн амжилтыг сануулж байна.
Леди Гагагийн хувьд "Mayhem" цомгоо аз жаргал, хайр, таашаалын тухай гэсэн ч нэр нь эсрэгцсэнээр анхаарал татаж байгаа юм. Ямартай ч урьдын амжилтуудаа даваагүй гэмээр "Chromatica" цомгоосоо хойш гурван жилийн дараа тэр ихээхэн шинэлэг, бүтээлч ажилласан бололтой. Энэ хугацаанд Леди Гага "The Joker" киноны хоёрдугаар ангид дүр бүтээж, давхар студийн цомог дээр нь ажилласан юм.
Харин "Mayhem" дээр 2024 оны эхнээс ажиллаж эхэлжээ. Цомгийг алдарт Рик Рубиний студид бичсэн бөгөөд одоогоор дотно харилцаатай буй Майкл Полански нь продюсеруудын нэгээр ажилласан аж.
Маргааш нээлтээ хийх "Mayhem" цомог нь 53 минут 4 секунд үргэлжлэх ба 14 дуутай.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.