Гадаад мэдээДЭЛХИЙ

Хятад компаниуд шинэ машиныг хуучин гэж экспортлон борлуулалтаа хөөсрүүлдэг

БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчид олон жилийн турш улсын дэмжлэгтэй борлуулалтаа хиймлээр өсгөж ирсэн байна. Ингэхдээ компаниуд “саарал” зах зээлээр дамжуулан шинэ машинаа хуучин машин хэмээн бүртгэж гадаад руу зардаг аж. Машиныг угсарсныхаа дараа шууд бүртгэж, хуучин машин хэмээн ангилаад ОХУ, Төв Ази, Ойрх дорнодын улсууд гэх мэт гаднын орнууд руу экспортолдог байна.

Ийнхүү огт унаагүй тэг км-ийн гүйлттэй машин экспортолсноор автомашин үйлдвэрлэгчид борлуулалтаа нэмж, дотооддоо зарахад хэцүү болсон нөөц машинаа гадагш гаргаж байгаа аж. “Reuters” агентлаг төрийн баримт бичиг болон автомашины худалдаачид, экспортлогчидтой хийсэн ярилцлага дээр үндэслэн энэ явдлыг илрүүлжээ.

АНУ-ын Мичиган мужид байрладаг “Sino Auto Insights” компанийн үүсгэн байгуулагч Ту Лэ “Энэ бол бараг дөрвөн жил үргэлжилж буй машины үнийн дайны үр дагавар. Компаниуд ямар ч үнээр хамаагүй борлуулалт хийх гэж хичээж байна” хэмээсэн юм.

Тавдугаар сард “Great Wall Motor” компанийн захирал шинэ машинуудыг Хятадад унасан хэмээн борлуулж байна гэж шүүмжилснээр энэ асуудал олны анхааралд орсон байдаг. Харин зургаадугаар сарын 10-нд Хятадын Коммунист намын байр суурийг илэрхийлдэг “People’s Daily” сонин дотооддоо ийм машинуудыг хуучин хэмээн борлуулж буйг буруутгаж, хатуу зохицуулалт хийх хэрэгтэй гэсэн байна.

Гэвч “Reuters” агентлагийн олж авсан баримтаар бол ийм машин экспортлохыг Хятадын орон нутгийн захиргаанууд идэвхтэй дэмждэг аж. Бээжин жил болгон орон нутгийн захиргаануудад эдийн засгаа тодорхой хэмжээгээр өсгөх даалгавар өгдөг. Энэ зорилтыг биелүүлэхэд тус болдог чухал арга замуудын нэг нь шинэ машиныг хуучин хэмээн борлуулах аж.

Орон нутгийн захиргаанууд борлуулалт, ажил эрхлэлт өсөж байгаа гэх статистик Бээжинд харуулбал шагнал, урамшуулал, хөрөнгө оруулалт авч болдог. Харин бол зорилт биелүүлээгүй тохиолдолд шийтгэл амсдаг байна.

Зургийн эх сурвалж: NBC News

БНХАУ-ын Гуандун, Сычуань зэрэг томоохон экспортын бүсүүд ийм байдлаар машиныг экспортлохыг ил тод, баримт бичгээр дэмжиж ажилладаг байна. Тэдгээр муж тусгай экспортын лиценз гаргах, татварын буцаан олголтыг түргэвчлэх, агуулах, тээврийн дэд бүтцэд хөрөнгө оруулах, экспортын сүлжээ үүсгэх уулзалт зохион байгуулах зэргээр экспортлоход нь дэмжлэг үзүүлдэг юм.

Зарим орон нутгийн захиргаа бүртгэлийн квот нэмэх, гаалийн бичиг баримтыг хялбарчлах, хил болон боомтын ойролцоо үнэ төлбөргүй агуулах гаргах зэрэг хэлбэрээр дэмжиж байна.

Тэг км-ийн гүйлттэй машинуудыг экспортын процесс дараах байдлаар явагддаг: Үйлдвэрээс гарч ирсэн шинэ машиныг экспортлогч компани шууд автомашин үйлдвэрлэгч эсвэл худалдаачнаас худалдаж авна. Дараа нь БНХАУ-ын улсын бүртгэлд бүртгүүлнэ. Ингэхдээ хуучин, унаж байсан машин гэж бүртгэдэг юм. Дараагаар гаднын орон руу гаргана. Энэ хооронд үйлдвэрлэгч тухайн машиныг зарагдсан гэж бүртгээд орлогоо тооцдог байна.

Ийм экспорт хийдэг компаниуд нэг ширхэг машин худалдаж аваад дараа нь гадаад руу дахин зардаг тул уг арилжааны нийт дүн шинэ машин эсвэл жинхэнэ хуучин машины борлуулалтаас хоёр дахин их байдаг. Иймээс орон нутгийн засаг захиргаа ийм экспорт хийдэг компаниудыг өөрийн нутаг дэвсгэртээ татахыг эрмэлздэг юм. Энэ нь тухайн бүс нутгийн ДНБ-ийг хиймлээр өсгөх нэг арга болдог.

БНХАУ-ын Зорчигч тээврийн автомашины холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Цүй Дуншу энэ үйл ажиллагааг сайшаасан байна. Тэр “Tencent”-ийн мэдээний портал сайт дээр явагдсан хэлэлцүүлгийн үеэр “Дэлхий даяар худалдааны хаалт нэмэгдэж буй энэ үед Хятадын автомашин үйлдвэрлэгчдэд гадаадын зах зээлд нэвтрэх өөр гарц болж өгч байна” гэж хэлжээ.

Мөн зарим гадаад оронд Хятад машины эрэлт нэмэгдэж байгаа ч тухайн улсад Хятадын брэнд албан ёсоор нэвтрээгүй тохиолдолд энэ нь хэрэгцээг хангах гарц болж байна гэж Цүй Дуншу хэлсэн байна.

Энэ үйл ажиллагаа анх 2019 оноос эхэлсэн. Тэр жилээс Бээжин хуучин автомашиныг экспортлохыг зөвшөөрсөн юм. Одоо олон мянган худалдаачид шинэ машиныг ашигласан гэж бүртгүүлж энэ замаар мөнгө олохыг оролддог болсон гэж Хятадын автомашины дилерүүдийн холбооны зөвлөх Ван Мэн хэлжээ.

2024 онд БНХАУ 436 мянган хуучин суудлын болон ачааны автомашин экспортолсон юм. Үүний 90 хувь нь тэг км-ийн гүйлттэй машин байсан гэж Ван Мэн тооцоолж байна.

БНХАУ 2023 онд дэлхийн хамгийн том шинэ автомашин экспортлогч улс гэх тодотголыг Японоос авсан. Тус улс нийт өнгөрсөн жил нийтдээ 6.41 сая автомашин экспортолсон байна. Үүний 6 хувь нь тэг км-ийн гүйлттэй машин байсан гэж Ван үзэж байгаа юм.

Гэвч сүүлийн үед энэ үйлдлийг Хятад дотооддоо шүүмжлэх болжээ. Зургаадугаар сарын 7-нд “Changan” автомашин үйлдвэрлэгч компанийн дарга Жү Хуарун хэлэхдээ тэг км-ийн машин экспортлохыг хатуу хориглож, зогсоох хэрэгтэй гэсэн юм. Энэ нь Хятадын брэндийн нэр хүндийг гадаадад асар ихээр хохироож магадгүй гэж тэр хэлсэн байна.

АНУ-ын Массачусетс мужид байрлалтай “AutoXing” зөвлөх компанийн үүсгэн байгуулагч Син Лэй энэ үзэгдэл нь гадаадын хөрөнгө оруулагчдыг Хятадын автомашины борлуулалтад болгоомжтой хандахад хүргэж болзошгүй гэжээ. “Яг жинхэнээсээ хэдэн машин борлуулсан бэ? Хийсвэр борлуулалт нь хэд вэ? Хэн ч мэдэхгүй” гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 26, 2025 10:30

Манайд хуучин гэж хямд хөнгөлөлтэй НӨАТ буцаасан үнээр оруулаад шинэ шүү гэж үнэтэй зарж зөрөөнөөс нь хамгийн багадаа 20% ашиг хийж байна.

Иргэн
Иргэн
6 сар 26, 2025 12:05

Монгол улсад энэ тэндгүй Хятад хог овоолгоос той !!! Хятад машин цаана нэг нүнжиггүй!!! Муу гэсэн Монголчууд чинь бас нүнжигтэй юманд нүд өгдөг ард түмэн шүү дээ хө!!! Эрлийзүүд сүүлийн үед Хятад машин рекламдаад сүйд болж бн!!!

Холбоотой мэдээ

Back to top button