НАТО Трампын шахалтаар батлан хамгаалахын төсвөө нэмэх боллоо

НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчид сүүлийн хоёр өдөр Нидерландын Хааг хотноо дээд хэмжээний уулзалт хийсэн. Тэгвэл НАТО-гийн удирдагчид АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын шаардлагаар батлан хамгаалахын төсвөө ихээхэн хэмжээгээр нэмэхийг лхагва гарагт /2025.06.25/ дэмжсэн байна.
Одоогийн байдлаар гишүүн орнууд нь ДНБ-ий хоёр хувийг батлан хамгаалахын салбартаа зарцуулна гэсэн зорилго НАТО тавьсан байгаа. Тэгвэл үүнийгээ нэмэгдүүлж таван хувь болгох юм.
Трамп хэвлэлийн бага хурлын үеэр “Бид энд гайхалтай ялалт байгууллаа” гэж хэлж, Европ нэмэлт төсвийн мөнгөөрөө АНУ-аас зэвсэг худалдаж авна гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Гэхдээ тэр Испанийн Ерөнхий сайд Педро Санчесийг шийтгэнэ гэж сүрдүүлсэн байна. Уулзалт эхлэхээс өмнө Санчес Испани НАТО-гийн таван хувийн зорилгыг биелүүлэх албагүй гэж хэлсэн. Тэрбээр уулзалтын үеэр хэлэхдээ Испани ДНБ-ий таван хувийг зарцуулалгүйгээр НАТО-д хүлээсэн үүргээ биелүүлж чадна гэж мэдэгдсэн байна. Түүнийг ингэж хэлсний дараа Трамп анхааруулга өгөхдөө АНУ нь Испанид Европын холбооны бусад орнуудтай харьцуулахад илүү хүнд худалдааны нөхцөл тавьж болно гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.