АН-ын дүрэм: Намд зургаан сарын өмнө элссэн бол даргад нэр дэвшиж болно

Ардчилсан намын Их хурал энэ сарын 28-31-ний өдрүүдэд болохоор зарлагдаад байгаа.
Энэ үеэр Ардчилсан намын шинэ даргад нэр дэвшигчдийг тодруулах чигтэй байгаа юм. Одоогийн байдлаар Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл, О.Цогтгэрэл, Ж.Баярмаа нарын хүмүүс шинэ даргад өрсөлдөнө гэдгээ ил, далд мэдэгдчихээд буй.
Харин Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар, Ардчилсан нам Их хурлаа хийхдээ дүрмээ шинэчилж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үүрэгтэй. Үүний дараа УДШ-ийн бүртгэж авсан дүрэмдээ нийцүүлж шинэ даргаа сонгох ёстой гэдгийг зарим гишүүд сануулж хэлээд байгаа.
Мөн эдгээр өдрүүдэд АН-ын дүрэмд намд таваас доошгүй жил элсэн ажиллаж байгаа гишүүн л даргад нэрээ дэвшүүлэх боломжтой зэрэг мэдээллүүд явсан. Эдгээр нь төөрөлдүүлсэн шинжтэй, хуучин дүрмийн заалт гэдгийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өчигдөр мэдэгдсэн.
Тэгвэл, одоогийн АН-ын дүрмийн 3.6.1.2 гэж заалтад "Намын дотоод сонгууль болон намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь 6 сараас доошгүй хугацааны өмнө намд элссэн байна" хэмээжээ.
Өөрөөр хэлбэл, АН-ын даргад нэр дэвшигч нь намд зургаагаас доошгүй сарын өмнө элссэн байх шаардлага л тавигддаг аж.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.