Нийгэм мэдээ

Залуу сэтгүүлч П.Баянбилэг: “Хүн бүр сэтгүүлч болж чадахгүй ч, хүсэж чадсан нь болдог” гэдэгтэй санал нийлдэг

Бага насны мөрөөдлөө орхилгүй, түүндээ хүрэхээр хичээж байгаа түүнийг Пүрэвдоржийн Баянбилэг гэдэг. Бага ангиа “Ирээдүй цогцолбор” сургуульд сурч, дунд, ахлах ангиа “Жаргалан” олон улсын сургуульд суралцаж төгссөн. Эмчийн буруутай үйлдлээс үүдэн төрөхийн хүндрэл үүсэж, хөгжлийн бэрхшээлтэй болсон ч, түүнийг хэн ч бусдаас дутуу хөгжлийн бэрхшээлтэй гэж ялгаварлаж байсангүй. Тэр ч өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж ганц ч удаа бодож үзээгүй. Амьдрал түнийг шалгасаар, шагнасаар байгаа. Одоо Баянбилэг МУБИС-ийн сэтгүүлчийн IV курсийн оюутан. Хүүхэд насны мөрөөдлөө биелүүлэхээр сэтгүүлч мэргэжлээр суралцахын зэрэгцээ Өрөг.мн сайтад ажиллаж багын мөрөөдлөө биелүүлж буй нэгэн. 

Хүн бүрийн хамгийн сайхан нас хүүхэд нас. Баянбилэг багадаа ямар хүүхэд байв?

- Тэгэлгүй яах вэ хүүхэд нас хамгийн сайхан нас. Би бусдын л адил хүүхэд насаа өнгөрөөсөн. Харин харамсалтай нэг зүйл тохиолдсон нь төрөхдөө эмчийн буруутай үйлдлээс болж хөгжлийн бэрхшээлтэй болсон явдал. Би төрөхдөө хүндрэлтэй төрсөн юм билээ. Тухайн үед эх барьж авсан эмч миний зүүн гараас татаж гаргасан гэдэг. Үүнээс шалтгаалаад хөгжлийн бэрхшээлтэй болсон. Гэхдээ би өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж ганц ч удаа бодож үзээгүй, ээж аав найз нөхөд маань ч хөгжлийн бэрхшээлтэй гэдэг мэдрэмж огт өгч байгаагүй намайг өдий хүргэсэн. Хүүхэд байхад үеийн найзууд минь намайг хөгжлийн бэрхшээлтэй гэж гадуурхаж байсангүй.

-Та сая хэллээ, хөгжлийн бэрхшээлтэй гэдэг мэдрэмж өгөлгүй, огт мэдрүүлэлгүй өсгөсөн гэлээ?

-Тийм ээ, үнэхээр ухаан орсон цагаасаа би тийм мэдрэмж амсаагүй. Би их сайн аав ээжтэй хүн. Багадаа очоогүй эмнэлэг, зориогүй эмч гэж бараг байхгүй дээ. Өвөрмонголын сайн гэсэн олон газраар явсан. Одоо миний биеийн байдал 100 хувь эрүүл. Би мөрөөдлийнхөө төлөө зүтгэж явна. 

-Яагаад заавал сэтгүүлч мэргэжлийг сонгосон юм бэ?

-Үеийнхэн хүүхэлдэйн кино үзэж байхад би мэдээ үзээд суудаг хүүхэд байсан. Нэг мэдэхэд л орой болгоны 19 цагийн мэдээллийн хөтөлбөрийг цаг тоолон хүлээдэг болчихсон.

Тухайн үед надад хүүхэлдэйн киноноос илүү нийгэмд өрнөж байгаа үйл явдал их сонирхолтой санагддаг байсан л даа. Мэдээлэлтэй хүн баян гэдэг шүү дээ. Мэдээгээ үзчихээд найзууддаа ярьж өгдөг байсан. Тэр үедээ өөрийгөө яг л сэтгүүлч юм шиг бодож төсөөлдөг байлаа. Хааяа бодохоор гоё л байдаг юм.

Бага байхдаа найзуудаа мэдээллээр хангаж, одоо харин том болчихоод иргэдийн мэдэх эрхийг хангах чухал хариуцлагатай ажил хийх ямар байна вэ?

- Мэдээж сайхан байлгүй яах вэ. Өрөг.мн сайтдаа ажиллаад таван сар орчмын хугацаа өнгөрсөн байна. Алхам бүртээ суралцаад л явна. Олны танил эрхэмтэй ярилцлага хийх, шөнийн сурвалжилга хийх, гудамжинд тамхи ширхэглэж байгаа хүнтэй ярилцах гэх мэт нийгмийн бүхий л асуудлыг өөрөө үзээд түүндээ нүд чих болоод явж байна. Хүний үзэж харах, суралцах зүйл дуусдаггүй байх гэж би боддог.  

Сүүлийн үед сэтгүүл зүй салбар хүний нөөцийн асуудалд орчихсон. Яг ажил дээр энэ нь мэдрэгдэж байна уу?

- Хүний нөөцийн асуудал хаана хаана аа л хомсдолтой байх шиг байна. Сэтгүүлчдийн тухайд цалин мөнгө муугаас болж мэргэжлээрээ ажиллахгүй орхих тохиолдол ч бий. Гэр бүлтэй, тэднийхээ өмнө хариуцлага хүлээж өрх гэрээ авч яваа хүнд сэтгүүлчийн цалин хүрэхгүйн улмаас сонгосон мэргэжлээ орхиж байгаа нь харамсалтай. Миний хувьд хүсэж мөрөөдөж сонгосон мэргэжил минь учир цалин хөлс харгалзахгүй цаашдаа өсөн дэвшиж ажиллах бодол бий. Хүн дуртай зүйлээ хийж байхдаа л жаргалтай байдаг шүү дээ.

“Үзгийн тань үзүүрт бусдын амьдрал бий, ижийгээ бодож бичээрэй” гэх үг “Үндэсний шуудан” сониноос гарсан санагдана. Энэ үгийг ахмад сэтгүүлчид болон их сургуулийн багш нар захиж хэлдэг, залуу сэтгүүлчийн хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

- Сэтгүүлч хүнд нэн тэргүүнд байх ёстой зүйл бол ёс зүй гэж боддог. Зарим ёс зүйгүй сэтгүүлчдээс болж, тэдний нийгэмд үзүүлж буй сөрөг үйлдлээс үүдэн залуу сэтгүүлчид хэлмэгдэж нийтээрээ “шантаажчин” гэх нэр зүүх тохиолдол гардаг. Нэг удаа “Бөмбөгөр” худалдааны төвөөс дээлний үнэ сурвалжлахаар очиход “та нарт ярилцлага өгөхгүй, хүний хэлсэн үгийг гуйвуулж буруу мэдээлдэг” гэх шалтгаанаар огт халгаагаагүй.

Энэ мэт асуудлууд залуу сэтгүүлчидэд тохиолдох нь элбэг. Тиймээс шинээр гарч ирж байгаа залуу сэтгүүлчийнхээ “нурууг нь авахгүйн” тулд хаана хаана аа бодолцож салбарынхаа нэр хүндийг бодох нь чухал. Ер нь манай сэтгүүл зүй залуужиж байгаа, цаашдаа гэрэлтэй ирээдүй хүлээж байгаа гэдэгт үргэлж найддаг даа. 

Сэтгүүлчид тодорхой сэдвээр мэргэшиж, түүгээрээ дагнан бичдэг шүү дээ, таны хувьд цаашдаа ямар чиглэлээр илүү мэргэшиж бичихийг хүсдэг вэ? 

- Үндэсний өв уламжлал болж, монголчууд биднийг нэгтгэж чаддаг үндэсний бөхөө шимтэн үздэг. Улсын аварга, арслан, заануудыг харж тэднээс үлгэрлэх олон сайхан зан чанар бий. Өв соёлоо хадгалах, түгээхэд сэтгүүлзүй үүрэг хүлээх ёстой гэж боддог учир энэ талаар түлхүү бичихийг зорьж байна.

Таны хувьд сэтгүүлчээр ажиллахын зэрэгцээ гар утсаар мэндчилгээ хүргэдэг гэж сонссон?

- Өөрийгөө олон талаар хөгжүүлж, аль болох завгүй байлгахыг хүсдэг. Хүн ер нь өөрийгөө хэзээ ч голж, бусад шиг биш хүмүүсээс дутуу гэж нийгмээс тусгаарлагдах хана үүсгэж болохгүй санагддаг. Бүх боломжоороо хичээж бусдад тусалж, бусдаар туслуулж амьдрах сайхан. Тиймээс “Болор сарны яруусал” нэртэй утсааар бусдад мэндчилгээ хүргэдэг пэйж хуудас нээсэн. Одоогоор 40 орчим хүнд  мэндчилгээ хүргэсэн байна. Бусдын сэтгэлийн үг, хайрыг түгээж хүргэнэ гэдэг үнэхээр гайхалтай. Нэг удаа Швед улсаас охин нь аав ээждээ зориулж мэндчилгээ захиалсан юм. Ээжтэй нь ярьж мэндчилгээ хүргэхэд нулимсаа барьж чадалгүй уйлах жишээний олон сайхан зүйл тохиолддог. Тэр бүхнээс л урам зориг авдаг даа. 

Сэтгүүлч мэргэжлээр ажиллахын сайхан нь юу юм бэ? 

- Миний бичсэн ярилцлага, хийсэн сурвалжилга бусдад хүрч, хөндсөн асуудал шийдэгдэх нь сэтгүүлч хүний хамгийн сайхан зүйл байх. Сэтгүүлч хүн олон нийтийн мэдэх эрхийн төлөө цаг наргүй явдаг үнэхээр сайхан мэргэжил. Энэ мэргэжлийг сонгосондоо үргэлж баярлаж явдаг. Сэтгүүлч мэргэжлийн буянаар олон сайхан хүмүүстэй уулзаж, танилцсан. 

Сэтгүүлчийн ажил цаг наргүй гэдэг, залуу сэтгүүлч таны хувьд шантармаар, халгамаар зүйл тохилдож байв уу?

 - Одоогоор хүсэн мөрөөдөж сонгосон мэргэжлээсээ шантрах, болих бодол төрөөгүй байна. Намайг сайн сэтгүүлч болно гэдэгт гэр бүл найз нөхөд минь итгэж байгаа. Тиймээс надад шантрах эрх байхгүй гэж боддог. Сэтгүүлчийн ажил цаг наргүй байдаг нь үнэн. Хувь хүнээс асар их ур чадварыг шаарддаг мэргэжил шиг санагддаг. Шуурхай байх,  богино хугцаанд хурдан сэтгэх, тэвчээртэй байх зэрэг олон зүйлийг шаарддаг. “Хүн бүхэн сэтгүүлч болж чадахгүй гэдэг ч хүсэж чадсан нь сэтгүүлч болдог” гэдэг үг байдаг. Энэ үгтэй би бүрэн санал нийлдэг. Үнэхээр хүссэн хүн л сэтгүүлчийн ажлыг хийдэг байх.  

Гэр бүл тань өнөөдрийн Баянбилэгийг дэмжиж бүтээлцсэн санагдлаа. Та хэр эрх хүүхэд байв?

- Би ээжийн хүүхэд. Сургуульд орох хүртлээ аав ээжийнхээ өврөөс салаагүй дээ. Эрэгтэй хүүхэд ээждээ илүү эрх байдаг юм шиг санагддаг. Намайг өдий зэрэгтээ өсгөж өнөөдрийн Баянбилэгийг бүтээлцсэн ээж аавдаа баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр  байна. Хүн ер нь хамгийн хайртай хүндээ хайртай гэдэг үгийг хэлдэггүй юм шиг ээ. 

Ярилцлагынхаа төгсгөлд сэтгүүлч болохоор суралцаж байгаа, мөн тантай мөрөөдөл зорилго нэгдүү нартаа хандаж үг хэлбэл?  

- Энэ ярилцлагыг уншаад нэг ч гэсэн хүүхэд хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэж, өөрийгөө бусдаас дутуу гэж гололгүй урам зориг аваасай гэж хүсэж байна. Эцэст нь хэлэхэд хүн бүхэнд мөрөөдөл бий, тиймээс бидэнд хичээх гэдэг л зам бий шүү гэж хэлье. 

Танд баярлалаа, амжилт хүсье 

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Odette
Odette

Uneheer mundag hudulmurch zaluu.naizaaraa baharhaj baina.minii nz zorisondoo hvrch chadnaa neereel naizuudaaraa baihdaa yamar neg yumnaas hotsrood esvel oilgohgvi bol babi-s asuuy l gdgdee tgl minii nz chine tm yum bolson tegsen geed l heleed l tailbarlaad l ugnu.amjilt hvsie nzdaa

Зочин
Зочин

Эрхэм шавь даа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье сурагч байх цагаас маш их дайчин хөдөлмөрч сурагч байсан даа маш сайн сэтгүүлч болж чадна шавь хичээгээрэй амжилт

Зочин
Зочин

Дүүдээ сурлага , уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Миний дүү мундаг шүү Зорисон зорилгоо биелүүлж хөдөлмөрч дайчин сэтгүүлч болоорой

Зочин
Зочин

Ийм л з�##�уус сэтгүүлч байв�##� улс нийгэмдээ хэрэгтэй дээ.Хогийн ахмад нараасаа хол байгаарай

Холбоотой мэдээ

Back to top button