Цоохор ирвэс хамгаалалд нэгдлээ

Цоохор ирвэс бол өндөр уулын экосистемийн тогтвортой байдлыг хадгалагч гол амьтан, ирвэс байна гэдэг нь тэр нутаг байгалийн унаган төрхөө хадгалж, эрүүл байгааг нотолж буй юм. Өөрөөр хэлбэл, цоохор ирвэс байхгүй болчихвол тухайн нутгийн байгалийн зохилдолгоо алдагдана. Ийм чухал амьтан юм.
Цоохор ирвэсийг хамгаалснаар тухайн экосистемийн ус, ургамал, өвсөн тэжээлт амьтад зэргийг бүхэлд нь хамгаалах боломжтой юм. Ийм чухал амьтан. Энэ ч утгаараа нутгийн иргэд цоохор ирвэсийг “Уулын эзэн” хэмээн олон зууны турш нэрийдэж, хүндлэн дээдэлсээр иржээ. Харамсалтай нь, хууль бус агнуур, идэш тэжээлийн хомсдол, амьдрах орчны доройтол энэ нэн ховор амьтанд сөргөөр нөлөөлөх болов. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүн, мал ирвэсийн нутагт түрэн орсны улмаас малаа ирвэст алдаж, ирвэст өширхөх хандлага малчдын дунд бий болсон нь ирвэсийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болсон юм.
Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар цоохор ирвэс хамгаалах ажлыг 1997 оноос эхлэн өдийг хүртэл тасралтгүй хийж байна. Зэрлэг амьтан хамгаална гэдэг буу бариад зогсохыг хэлэхгүй, мөн хүн болгон ороод хийчихдэг амар хялбар ажил биш. Судалгаа, шинжилгээний үр дүнд суурилж хамгааллын оновчтой менежмент, хувилбарыг сонгон хэрэгжүүлдэг. Нөгөө талаар ирвэс хамгаална гэдэг зөвхөн байгаль орчны салбарынхан дангаараа хийдэг ажил биш билээ. Бүх талууд оролцож байж л үр дүнд хүрдэг онцлогтой ажил. Үүний тод жишээ нь, тус байгууллага Алтай Саяны бүс нутагт 2018 оноос долоон жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ирвэс хамгааллын ажил юм.
Үүний хүрээнд хууль эрх зүйн орчныг таатай болгох, нутгийн иргэд, малчдын амьжиргааг дэмжих, иргэдэд танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэл түгээх, холбогдох талуудыг ирвэс хамгааллын ажилд татан оролцуулах, хүүхдүүдэд багаас нь экологийн зөв мэдлэг олгох зэрэг өргөн хүрээтэй, цогц олон ажил хийж амжуулжээ. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэрхэн шийдэх арга замыг шигтгэж өгснөөр ирвэс хамгааллын ажил улам далайцтай болж ирсэн нь бий.
Үүний үргэлжлэл болж Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар цоохор ирвэс хамгааллын шинэ хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэллээ. Энэ удаагийнх Монгол, БНХАУ-ын байгаль хамгаалах байгууллагууд хамтрах болсноороо онцлогтой хамтын ажиллагаа болох юм. Дэлхийн цоохор ирвэсийн тархалтын дийлэнх хувь нь зөвхөн энэ хоёр улсад байдаг бөгөөд хамгааллын ажлыг амжилттай хийснээр дэлхийн цоохор ирвэс хамгаалалд үлэмж хувь нэмэр оруулна гэдгийг талууд онцолж байна.
Тодруулбал, Монголын баруун бүсийн зургаан уул, БНХАУ-ын хоёр ууланд хамгааллын ажил таван жилийн турш өрнөх юм. Хоёр улсад өнөөг хүртэл хийгдсэн хамгааллын ажилд тулгуурлан, төрийн байгууллагууд, хувийн хэвшил болон нутгийн иргэдтэй хамтран хэрэгжүүлэх ажээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.