Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Хиймэл оюун ухааны амласан хувьсгалыг компаниуд хүлээсээр л

Дөрвөн жилийн өмнө “OpenAI” компанийн ChatGPT хэрэглээнд гарч дэлхий дахиныг шуугиулсан. Тэр цагаас том, жижиг бүх компаниуд төрөл бүрийн бүтээгдэхүүндээ хиймэл оюун ухааныг ашиглахыг хичээх боллоо.

Гэвч одоогийн байдлаар ихэнх компаниуд хиймэл оюун ухаанд оруулсан хөрөнгө оруулалтаасаа мэдэгдэхүйц ашиг олж чадаагүй байна. Компанийн удирдлагууд, зөвлөхүүд болон сүүлийн үеийн судалгаанууд хиймэл оюун ухаан ашигтай бус байгааг харуулж байгаа юм.

“Forrester Research” фирм 2025 оны хоёрдугаар улиралд 1,576 удирдах ажилтан дунд судалгаа явуулжээ. Тэдний ердөө 15 хувь нь л өнгөрсөн жил хиймэл оюун ухааны ачаар ашиг нь нэмэгдсэн гэж хариулсан аж. Мөн “BCG “зөвлөх үйлчилгээний компанийн судалгаанд оролцсон 1,250 захирлын 5 хувь нь л хиймэл оюун ухааны үр шимийг бодитоор харж байна гэжээ.

Компанийн удирдлагууд хиймэл оюун ухаан ирээдүйд бизнесээ өөрчилнө гэдэгт итгэсээр байгаа. Гэхдээ энэ өөрчлөлт хэр хурдан явагдах тал дээр эргэлзэж эхлэв “Forrester” компанийн таамаглаж байгаагаар, 2026 онд компаниуд хиймэл оюун ухаанд төсөвлөсөн хөрөнгө оруулалтынхаа 25 хувийг нэг жилээр хойшлуулах төлөвтэй байна.

“Forrester”-ийн шинжээч Брайан Хопкинс хэлэхдээ "Технологийн компаниуд бүх зүйл маш хурдан өөрчлөгдөнө гэж ярьж байгаа. Гэвч хүмүүс бид тийм хурдан өөрчлөгддөггүй" гэжээ.

Зургийн эх сурвалж: Tech crunch

2025 оны “PwC” фирмийн судалгаанд оролцсон гүйцэтгэх захирлуудын 56 хувь нь хиймэл оюун ухаанаас санхүүгийн ашиг олж чадаагүй байна гэж хариулжээ. Захирлууд хиймэл оюун ухааны ирээдүйд итгэж байгаа ч, бодит бизнес болгон ашиг олоход хүндрэлтэй тулгарч байна.

“ZS” компани АНУ-ын эмийн үйлдвэрлэлийн салбарын технологийн захирлуудаас саяхан санал асуулга авчээ. Тэдний тал хүрэхгүй хувь нь л хиймэл оюун ухаанаас бодит үнэ цэн харж байна гэж хариулсан юм.

“OpenAI”, “Anthropic”, “Google” зэрэг компаниуд энэ жил олон нийт бус корпорацуудыг үйлчлүүлэгч болгон татах тал дээр анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн жилийн сүүлээр Нью-Йорк хотод болсон уулзалтын үеэр “OpenAI”-ийн гүйцэтгэх захирал Сэм Олтман нэгэн зүйл хэлэхдээ байгууллагуудад зориулсан хиймэл оюун ухааны зах зээл 100 тэрбум долларт хүрч магадгүй гэжээ.

Хиймэл оюун ухааны компанийн захирлууд магадгүй гэх үгийг ашиглан, ирээдүйг таамаглах их дуртай. Учир нь одоогийн байдлаар тэдгээр компаниуд ашиг олохгүй харин ч мөнгө их хэмжээгээр алддаг. Гэсэн хэдий ч томоохон компаниуд хиймэл оюун ухаан хөгжүүлэх чип, дата төв болон эрчим хүчний эх үүсвэрт асар их хэмжээний мөнгө хөрөнгө оруулсаар байна. Тодруулбал “Meta”, “Amazon”, “Alphabet”, “OpenAI” зэрэг технологийн компаниуд энэ жил 700 орчим тэрбум ам.долларыг хиймэл оюун ухаанд зарцуулахаар төлөвлөж байгаа юм.

Хиймэл оюун ухаанд оруулж буй хөрөнгө оруулалт АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч болсон гэж шинжээчид мэдээлж буй. Тухайлбал Харвардын эдийн засгийн профессор Жейсон Фурман өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ, мэдээлэл боловсруулах тоног төхөөрөмж, программ хангамжид оруулсан хөрөнгө оруулалт 2025 оны эхний хагаст ДНБ-ий өсөлтийн 92 хувийн бүрдүүлсэн гэсэн.

Харин Сэйнт-Луис дахь Холбооны нөөцийн сангийн салбар банкны эдийн засагчид тооцоолсноор 2025 оны гуравдугаар улирлын байдлаар ДНБ-ий өсөлтийн 39 хувийг хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалт бүрдүүлжээ. “MRB Partners” фирмийн эдийн засгийн стратегич Пражакта Бхид нэгдүгээр сард нийтэлсэн судалгаагаар бол 2025 онд АНУ-ын эдийн засгийн өсөлтийн ихэнхийг иргэдийн хэрэглээ бүрдүүлсэн бол хоёрт хиймэл оюун ухааны салбарт хийсэн хөрөнгө оруулалт үүсгэсэн аж.

Энэ их хэмжээний хөрөнгө оруулалт зөв байсан үгүй нь компаниуд хиймэл оюун ухааныг ашигтай байдлаар хэрэглэж чадах эсэхээс шалтгаална. Компаниуд хиймэл оюун ухаана ашиглан орлогоо нэмэгдүүлж, ашгаа өсгөх эсвэл инновацаа хурдасгах шаардлагатай. Хэрэв ингэж чадахгүй бол 2000-аад оны dot-com-ын хөөс хагарсны улмаас үүсэн хямрал шиг уналт болж магадгүй гэж зарим шинжээчид анхааруулж байна.

Хиймэл оюун ухаанаар ажилчдаа сольсон компаниуд буцаж эргэх болсон

Хиймэл оюун ухааны талаарх ярианд хүмүүсийг орлож, цалин болон бусад хүний нөөцтэй холбоотой зардалгүйгээр 24 цаг ажиллах хиймэл оюун ухаан нь ашгийг нэмэгдүүлнэ гэх сэдэв заавал орж ирдэг. Хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийн салбар дахь аваргуудын нэг болох “Anthropic”-ийн захирал Дарио Амодэй 2025 оны гуравдугаар сард хэлэхдээ, гурваас зургаас сарын хугацаанд хиймэл оюун ухаан код бичих ажлын 90 хувийг хийж магадгүй гэж таамагласан. Харин арванхоёр сарын дотор гэхэд код бичих ажлыг бүхэлд нь хиймэл оюун ухаан хийж магадгүй гэж тэр тухайн үед хэлж байсан юм.

Дарио Амодэй. Зургийн эх сурвалж: WIRED

Тэгвэл түүний таамагласан зургаан сарын хугацаа дуусаж, 12 сарын дотор гэсэн таамаглалын хугацаа нь мөн болох гэж байна. Дарио энэ нэгдүгээр сард болсон Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохдоо хиймэл оюун ухаан 2026-2027 онд хиймэл оюун ухаан программ хангамжийн инженерүүдийн хийдэг ихэнх зүйлийг гүйцэтгэдэг болно гэж дахиад л таамаглав.

Хиймэл оюун ухаан хүмүүсийн ажлыг орлоно гэж тус салбарын захирлууд их ярьдаг. Гэхдээ тоо баримтаас харвал тус салбарын хөгжүүлэлт хамгийн хурдацтай явагдаж байгаа АНУ-д 2025 онд 50 мянган ажлын байрыг хиймэл оюун ухааны улмаас цомхотгожээ. Харин 2025 онд АНУ-д нийтдээ нэг сая ажлын байр цомхотголд орсон. Өөрөөр хэлбэл цомхотголуудын 5 хувь нь л хиймэл оюун ухаан гэсэн шалтгаантай байв. Гэхдээ тэр 50 мянган ажлын байрыг хиймэл оюун ухаанаар сольсон эсэх нь тодорхойгүй, компаниуд зөвхөн шалтгаан дээрээ л хиймэл оюун ухааныг дурдсан гэдгийг санах хэрэгтэй.

Цаашлаад хиймэл оюун ухаанаар ажилчдаа сольсон компаниуд одоо хүмүүсийг буцаан ажилд авах болсон. 2024 онд “Klarna” компани хэрэглэгчдэд үйлчлэх хэлтсээ цомхотгож, хиймэл оюун ухаан бүхий чатботуудыг ашигласан. Дараа нь тус компани байгууллагын орон тоог бүхэлд нь бууруулахаа мэдэгдэж, шинээр ажилтан авахаа нэг жилээр зогсоосон юм.

Харин 2025 онд “Klarna”-гийн гүйцэтгэх захирал Себастьян Сиемиатовски зарих хэрэглэгч хүмүүстэй ярилцахыг илүүд үздэг гэдгийг хүлээн зөвшөөрч, буцаж эргэхээс өөр аргагүй тулсан байна. Сиемиатовски хэлэхдээ, хиймэл оюун ухаан нь энгийн ажлуудыг найдвартай хийдэг тул одоо 850 орчим агентын ажлыг хийж чадна гэжээ. Гэхдээ илүү төвөгтэй асуудлуудыг хүмүүс рүү шилжүүлдэг болсон байна.

Мөн АНУ-ын “Verizon” компани энэ жил хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө хүмүүс буцааж ажилдаа авч эхэлжээ. Тус компанийн хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээг удирддаг Иван Берг “Хэрэглэгчдийн 40 хувь нь хүнтэй ярилцахад илүү дуртай байна. Хүнтэй холбогдон ярьж чадахгүй байгаадаа бухимддаг” гэсэн юм.

Хиймэл оюун ухаанаар ажилтнаа солих бус үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн компаниуд ч мөн сэтгэл дундуур байгаа аж. Эдийн засгийн судалгааны үндэсний товчоо ашгийн бус байгууллага явуулсан судалгаагаар бол АНУ, Европ, Австрали дахь компаниудын 70 хувь нь хиймэл оюун ухаан тогтмол ашигладаг ч 80 хувь нь ажил эрхлэлт болон бүтээмжид нөлөө үзүүлээгүй байна. Тус судалгаанд 6 мянга орчим удирдах албан тушаалтныг хамруулжээ.

Мөн “Gartner” фирм энэ сард нийтэлсэн тайлан дээрээ хиймэл оюун ухаанаар ажилтнаа сольсон компаниуд 2027 он гэхэд цомхотгосон орон тооныхоо тал орчим хувийг буцааж үүсгэсэн гэсэн юм.

Тэгэхээр хиймэл оюун ухааны салбар амласан томоохон өөрчлөлтөө авчралгүй даруй дөрвөн жил өнгөрч, үр дүнд нь dot-com-ын хямралын үетэй зүйрлэгдсэн хөөс АНУ-ын зах зээлд үүсээд байна.

Эх сурвалж: Reuters, Gizmodo, Harvard Business Review, Gartner

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Программистуудыг бүрэн орлоно гэдэг одоохондоо бодит биш хамтран ажиллах хэлбэр л илүү үр дүнтэй

Зочин
Зочин

Хиймэл оюун ухаан гарч ирэхэд бүгд шууд ашиг өгнө гэж хэт хүлээсэн юм шиг санагддаг технологи өөрөө биш хэрэгжүүлэлт нь л удаан байгаа байх

Зочин
Зочин

Том компаниуд асар их мөнгө хийж байхад шууд ашиг харагдахгүй байгаа нь dotcom үеийг санагдуулж байна гэхдээ эцэст нь интернет ялсан шүү дээ

Зочин
Зочин

Bi ajliinhee hajuugaar AI ashiglaad tsagaa hemnej baigaa nadad bol ashig ni shuud medregdej baina harin kompaniin tuvshind oor baih

Зочин
Зочин

Ажилчдаа шууд орлоно гэсэн яриа хэт дэвэргэгдсэн нь одоо бодитоор харагдаж байна хүнтэй ярилцахыг хүсдэг хэрэглэгч олон хэвээр

Зочин
Зочин

Klarna shig butsaad hun ajild avch baigaa jishee harahaar AI bol tuslah tool yum baina gej oilgomoor

Зочин
Зочин

Энэ их хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтийг чирч байна гэдэг нь өөрөө том нөлөө үзүүлж байгааг харуулж байна ашиг нь шууд биш байж болно

Зочин
Зочин

Dotcom shig huus boloh eseh ni kompaniud bodit heregleend nevtruulj chadah esehees l hamaarna

Зочин
Зочин

Хүмүүс өөрсдөө хурдан өөрчлөгдөхгүй байна гэдэг үнэн технологиос илүү байгууллагын соёл удаан байна

Зочин
Зочин

Хүлээгдсээр хүлээсээр л

Зочин
Зочин

Энэ удаа хиймэл оюуны 3 дахь давалгаа юм. Анх 1960 онд анхны давалгаа явсан. Харин 1980 онд хоёр дахь давалгаа явсан. Удахгүй 3 дахь давалгаа дуусна. Хиймэл оюун бол хоосон хөөс байсаар ирсэн. Түүх худал ярихгүй.

Зочин
Зочин

AI ashig ogohgui baina gej shuud dugnej bolohgui baih sayhan l ehlel ni tavagdaj baigaa shuu dee urt hugatsaandaa harin ch hamgiin tom uurchlultiig avchrah bh

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энэ удаа хиймэл оюуны 3 дахь давалгаа юм. Анх 1960 онд анхны давалгаа явсан. Харин 1980 онд хоёр дахь давалгаа явсан. Удахгүй 3 дахь давалгаа дуусна. Хиймэл оюун бол хоосон хөөс байсаар ирсэн. Түүх худал ярихгүй.

Зочин
Зочин

Bi uuriin ajild AI oruulj ireh gej oroldohod hamgiin ih saad bol system bish hunii handlaga baidag

Холбоотой мэдээ

Back to top button