"Virgin Galactic" компани сансарт аялах тасалбарыг 750 мянган ам.доллароор худалдана
Тэрбумтан Ричард Брэнсоны сансрын аялал жуулчлалын "Virgin Galactic" компани бараг хоёр жил завсарласны дараа тасалбар дахин зарж эхлэх гэж байна. Тус компани сансарт нисгэх аяллын нэг тасалбарыг 750 мянган ам.доллароор санал болгож байгаа юм.
Даваа гарагт /2026.03.30/ хөрөнгө оруулагчид болон сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр “Virgin Galactic”-ийн гүйцэтгэх захирал Майкл Колглазиер хэлэхдээ 50 хүнд тасалбар зарна гэжээ. SpaceShip хөлгөөр 90 минутын нисэх тэрхүү аялал 2026 оны сүүл эсвэл 2027 оны эхээр явагдана.
Калифорни мужид байрлалтай “Virgin Galactic” компани сансарт нисгэх хөлгөө хөгжүүлэхэд олон саатал, хүндрэлтэй тулгарч байсан. “Virgin Galactic” 2011 онд сансрын нислэгээ эхлүүлнэ гэж амлаж байсан ч техникийн асуудал болон үйлдвэрлэлийн саатлаас болж зорилгодоо хүрэхэд хүндрэл тулгарсан. 2014 онд туршилтын нислэгийн үеэр осол гарч, 39 настай туслах нисгэгч Майкл Алсбюри амиа алдсан харамсалтай явдал гарсан юм.
Тэд 20 гаруй жилийн турш сансарт нисэх захиалга авч байгаа ч одоогоор цөөн хэдэн зорчигчийг л нисгээд байгаа юм. Брэнсон өөрөө 2021 оны долоодугаар сард "Virgin Galactic"-ийн хөлгөөр ниссэн. Үүний дараа 2023 онд тус компани анх удаа арилжааны нислэгээ үйлдсэн байна.
Колглазиер хэлэхдээ "Бид шинэ хөлгөө газар дээр туршихаар бэлтгэж байгаа. Тийм учраас 'Virgin Galactic'-ийн сансрын аялагчдын нийгэмлэг шинэ гишүүн хүлээн авах цаг нь болсон. Одоогоор манай нийгэмлэгт 650 гаруй сансарт аялагч байгаа" гэжээ.
Тэрбээр нэмж "Бид 50 хүний хязгаартай аяллын багц гаргасан. Нэг тасалбарын үнэ нь 750 мянган ам.доллар. Одоо байгаа үндсэн гишүүд ниссэний дараа тасалбар авсан хүмүүс аялна” гэсэн байна.
Сансрын аялал жуулчлал нь 25 жилийн түүхтэй салбар боловч ниссэн хүмүүсийн н тоо харьцангуй бага. Дахин ашиглах боломжтой сансрын хөлөг бүтээхэд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг нь сансрын аялал жуулчлалын хувьд томоохон бартаа болж буй.
Одоогоор ямар ч компани тогтмол, хямд өртөгтэй нисэх арга замыг олж чадаагүй байна. Сансрын аялал жуулчлалын салбарт Брэнсоны гол өрсөлдөгч нь “Amazon” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос юм. Тэд олон жилийн турш тогтмол нисэж чадах хямд өртөгтэй хөлөг бүтээхээр оролдож байгаа ч хараахан зорилгодоо хүрч чадаагүй байна.
"Virgin Galactic" компани пуужингийн хөдөлгүүртэй тусгай хөлөг ашигладаг. Тус хөлгийг эхлээд нисэх онгоцоор өндөрт гаргаж, дараа нь сансарт хөөргөдөг байна. Зорчигчид хэдэн минут сансрын жингүйдлийг мэдэрсний дараа дэлхий рүү буцдаг.
Жефф Безосын "Blue Origin" компани нэгдүгээр сард сансар руу нисэх нислэгээ хоёр жилээр түр зогсоосон. Харин Илон Маскын "SpaceX" компани ачаа тээвэр, хиймэл дагуул хөөргөх болон засгийн газрын гэрээнд анхаарлаа хандуулж байна. Тиймээс одоогоор "Virgin Galactic" нь чинээлэг аялагчдын хувьд цорын ганц сонголт болоод байгаа юм.
Колглазиер хэлэхдээ компани эхний ээлжид сард дөрвөн удаа ниснэ гэжээ. Дараа нь үйл ажиллагаагаа сайжруулж, нислэгийн тоогоо сард найм, арав болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Тэр мөн тасалбарын үнэ 750 мянган ам.доллароор байгаа нь ирээдүйд нэмэгдэж магадгүй гэсэн юм. 2021 онд тус компани 450 мянган ам.доллароор тасалбар зарж байжээ.
Эх сурвалж: The Independent














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
750 мянган доллар гээд бодохоор сансарт явах мөрөөдөл баячуудынх л юм даа
ene uneer bol ehleed gazar deer amidrahad hetsuu humuust tuslaasai
Ирээдүйд үнэ нь буураад энгийн хүмүүст боломж олдоосой
90 minut nisne gd bodhoor une ni denduu undur sanagdaj bn
Сансарт нисэх нь гоё ч ийм үнэтэй байхад хол мөрөөдөл байна
Хэдхэн минут жингүйдэл мэдрэхийн төлөө ийм их мөнгө гэдэг сонин
ene bol marketing l bn daa hunii sonirhol tatna
Сансарт аялна гэдэг гайхалтай ч бодит амьдрал дээр боломжгүй шахуу
450k baisnaa 750k bolson geheer bur unetei bolj
zuvhun turshlaga avah geed iim ih mongo tuluh humuus olon yumaa
une ni ih ch gesen hunii husel muruudul deer tulguurlasan business yum
Сансрын аялал энгийн болох өдөр ирнэ гэж найдаж байна