БНСУ-ын Сонгунгван ИС-ийн оюутан А.Бум-Эрдэнэ: Монголчуудын маань зориг эргэн сэргээсэй гэж хүсдэг
БНСУ-ын Сонгунгван их сургуулийн оюутан А.Бум-Эрдэнэтэй Пусан хотноо болсон Монгол кино өдөрлөгөөр хамтран ажилласан билээ. Тэр хоёр дахь жилдээ Өмнөд Солонгост хийгдэж буй Монголын кино өдөрлөгт орчуулагчаар ажиллаж буй. Монголчуудынхаа тухай Солонгосчуудад ойлгуулан, танилцуулж, эргүүлээд Өмнөд Солонгосчуудын Монгол киноны талаарх сэтгэгдлийг төвөггүй орчуулах GenZ түүнтэй цөөхөн хором ярилцах боломж тохиосон юм.
-Юуны өмнө өнгөрсөн хоногуудад манай “Их говийн манаач” баримтат киноны багийн төлөөлөлтэй хамтран ажилласанд тань талархал илэрхийлье. Мөн бидний урилгыг хүлээн авч зурвас боловч ярилцах гэж буйд баярлалаа.
-Та бүхэнтэй хамтран ажиллах надад ч мөн таатай байлаа. Их ч зүйл сурч мэдлээ.
-Та эхлээд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Анхбаярын Бум-Эрдэнэ гэдэг. Би Өмнөд Солонгос улсад амьдардаг. Манайх биднийг долоон настай байхад энэ улсад гэр бүлээрээ нүүж ирсэн. Бид Солонгос улсад бага, дунд, ахлах сургуулиа төгсөөд үргэлжлүүлээд их сургуульд сурч байна.
- Монгол эх орныхоо тухайд та ямар бодол тээж явдаг вэ?
- Би их сургуулиа төгсөөд өссөн энэ газартаа ажиллаж кино бүтээж амьдрах бодолтой явдаг. Гэвч миний сэтгэл зүрхэнд Монгол Улс минь үргэлж оршин байдаг. Байсаар ч байх болно. Яагаад гэвэл аав, ижий минь Монгол хүмүүс. Би Монгол Улсад төрсөн, Монгол иргэншилтэй, Монгол хүн. Тийм учраас Монгол Улсынхаа төлөө хийх зүйл маш их санагддаг, хийх юмсан гэж боддог.
Би хэдийгээр Солонгос улсад амьдардаг ч гэлээ Монгол Улсынхаа түүх, соёл, кино, Монгол хүмүүсийн аж амьдралыг судалж, Монгол хүн гэж ер нь хэн юм бэ гэж байнга боддог. Бид гэртээ үргэлж эх хэлээрээ ярьдаг. Үргэлж Монгол хоолоо хийж иддэг. Багаасаа Монгол телевиз үзэж өссөн. Монгол, Солонгос гэж хоёр улсын соёлын дунд өссөн ч гэлээ би аль алинд хөрвөх чадвартай, аль альных нь хэл бичгийг тухайн орны сэтгэхүйгээр ойлгодог болж өсөж торнисондоо өөрийгөө их азтай хүн гэж боддог. Одоо ч энэ чадварт суралцсаар л явна. Цаашид улам хөгжүүлэх болно.
-Тан Пусан хотноо гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Монгол кино наадам”-ийн орчуулагчаар ажиллаа. Өнгөрсөн жил мөн ажилласан гэж дуулсан. Та энэхүү кино наадмын талаар сэтгэгдэлээ хуваалцана уу?
-“Монгол кино наадам”-ийн орчуулагчаар хоёр жил дараалан ажилласан нь надад нэр төрийн хэрэг юм. Би кино наадамд орчуулагчаар оролцохын хамт олон сайхан хүмүүстэй танилцсан. Наадамын хүрээнд хоёр орны соёлын солилцооны нөлөөлөл ихээр явагдаж байна гэж би хувьдаа хардаг.
Одоохондоо нэг орны кино нөгөө орныхоо кино театрт гарч буй соёлын үйл ажиллагаа л гэж хүмүүс харж магадгүй ч мөн чанартаа тавин жилийн дараа, магадгүй зуун жилийн дараа эргээд үзэхэд маш үнэ цэнэтэй түүхэн үйл явдал болж байна. Учир юу вэ гэвэл, Монгол болон Солонгос орон өнө эртний түүхэн харилцаа улс. Тухайлбал, Хубилай их хааны байгуулсан Юань гүрний үед Солонгос улс Корео гэж манай дагуул, хүргэн улс байсан. Энэ утгаараа бид тэр үед нэг улс байв. Тиймээс XXI зуунд манай хоёр улсын харилцаа маш эрчимтэй эргэн сэргэсэн юм болов уу гэж боддог.
- Монголын Урлагийн Зөвлөлийнхөнд зориулан асууя гэж бодлоо. Өнгөрсөн жилийн болон энэ удаагийн“Монгол кино наадам”-ийн ялгаа, дэвшил, наадмын зохион байгуулалт, киноны сонголтын тухайд таны бодол?
- Өмнөх жилийн киног нэг бүрчлэн үзэж амжаагүй. Харин энэ жил шалгарч ирсэн дөрвөн киног бүгдийг нь үзсэндээ баяртай байна. Харьцуулаад бодоход наадамын зохион байгуулалтын хувьд өнгөрсөн жилийнхээс илүү хөгжсөн, илүү өргөн цар хүрээг хамарсан санагдлаа. Бүтээлийн хувьд энэ удаа Монголын хөдөөгийн амьдрал, өв соёл, аж байдлыг харуулсан кино түлхүү сонгожээ гэж харсан.
-Та “Монгол кино наадам”-ийг нээсэн манай “Их говийн манаач” баримтат киног үзсэн сэтгэгдэлээсээ хуваалцана уу?
-Би энэ киног үзээд олон чухал зүйлийг эргэн санасан. Тийм гайхалтай цаг мөчийг бэлэглэсэн. Энэ завшаанд энэ баримтат киног бүтээсэн бүх хүнд маш их талархаж буйгаа илэрхийлье. Баярлалаа та бүхэнд (үргэлжлүүлэн Солонгос хэлээр “Их говийн манаач” баримтат киноны талаарх сэтгэгдэлээ илэрхийлэв).

Орчуулга: Энэхүү баримтат кино нь үзэгч миний хувьд Монгол хүн, Монгол гэх үгийн талаар гүн гүнзгий бодох боломжийг өгсөн цаг хугацаа байлаа. Мөн энэхүү баримтат кинонд гарч буй гол дүрийн баатар Их говийн мазаалай маань өөрөө Монгол хүнийг төлөөлж буй гол цөм байж болох юм байна гэх бодол төрсөн. Тиймээс дэлхий, байгаль, орчлон ертөнцийн төлөө цаашид бид хэрхэн хандаж, яаж амьдрах ёстой вэ гэсэн гүн гүнзгий эргэцүүлэл төрүүлсэн энэхүү бүтээлийг үзэж, хамтдаа байгаль дэлхий, зэрлэг амьтдын төлөө дуу нэгтэйгээр нэгдэцгээе гэж уриалмаар байна.
-Бидний ярьсан сэдвээс гадна танаас асуугаасай гэж бодож байсан зүйл байна уу? Ер нь манай уншигчдад зориулаад хэлмээр үгс танд байна уу?
-Хэлмээр зүйл маш их байгаа ч энэхүү завшааныг ашиглаад би маш товчхон хэдэн үг хэлэхийг хүсэж байна. Манай Монголчуудад нэг тийм галыг бадраам эрч хүч байдаг. Монгол Улс бол бахархам түүх, соёлтой том гүрэн байсан. Бид одоо айдаст автчихсан мэт мэдрэмж төрдөг. Үндэсний зориг, юманд итгэх итгэл нь дарагдчихсан гэмээр. Тиймээс би Монголчуудын маань зориг эргэн сэргээсэй гэж хүсдэг.
Бид чадна. Чадах боломж бидэнд хангалттай бий. Бид хангалттай хийж бүтээж чадна. Зоригтой л байгаасай гэж хэлмээр байна. Жирийн Монгол хүний хувьд би та бүхэндээ “Зоригтой байцгаая” гэж уриалмаар байна. Залуу, хийж бүтээсэн дорвитой зүйл одоогоор үгүй ч энэ үгийг хэлж буй намайг та бүхэн зөвөөр ойлгож, сайнаар хүлээн авна гэдэгт итгэлтэй байна.

-Нэгэнт та эр зоригийн тухай ярьсан болохоор асууя. Өчигдөр бид хамтдаа УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд асан С.Оюунтай уулзсан. Хэдийгээр төлөвлөөгүй ч С.Зориг асаны төрсөн өдөр уулзсандаа бүгд их баяртай байсан. Тэр үед ямар мэдрэмж төрсөн бэ?
-Маш сайхан уузалт болсон. Хэдийгээр бид яг таг төлөвлөөгүй ч тэр гайхалтай хүний төрсөн өдрөөр, төрсөн дүүтэй нь уулзах боломж гарсанд би хувьдаа их бэлэгшээсэн. С.Зориг гэдэг хүн миний өмнө нь хэлсэнчлэн Зориг нэртэйгээ адилхан Монгол хүний зоригийг өөртөө тээж явсан хүн юм болов уу гэж би боддог. Цаашдаа тэр хүний хүсэж зорьж явсаны дагуу Монгол Улс маань хөгжинө. Хэзээ нэгэн цагт тэр хүний мөрөөдөж явсан нийгэм бий болно, тэр цаг ирж яваа гэдэгт би итгэлтэй байдаг.
-Энэ их завгүй нийгэмд, оюутны цаг наргүй өдрүүдээсээ хугаслан байж бидний Солонгос дахь томилолтын хөтөч тайлбарлагч болсонд тань, мөн манай уншигчдад зориулан ярилцсанд тань маш их баярлалаа.
-Баярлалаа. Та бүхэнтэй хамтран ажилсандаа туйлын таатай байна. Монголдоо, Улаанбаатартаа уулзахын ерөөл тавъя.
-Ярилцсанд баярлалаа
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм залуус байхад Монголын ирээдүйд итгэх итгэл өөрийн эрхгүй төрж байна
Зоригтой байцгаая гэсэн үг яг одоо монголчуудад хамгийн хэрэгтэй нь байна
Гадаадад амьдарч байсан ч эх орноо ингэж бодож явна гэдэг үнэхээр гоё
Хоёр соёлын дунд өсөөд ийм бодолтой хүн болж байгаа нь их гоё санагдлаа
Ийм GenZ залуус олон болоосой л гэж хүсэж байна
Монгол гэдэг үгийг ингэж зүрхэндээ авч явдаг хүмүүс үнэхээр хүндлэл төрүүлж байна
Залуу хүн ингэж эх орныхоо тухай бодож байгааг харахаар урам орж байна
gadaadad baisan ch mongol setgelgee aldagdahgui gedgiig haruulj baina
ene hunii yriad baigaa ni mash ih utgatai sanagdlaa
zaluu hunii setgel zovlolt eh orondoo handaj baigaa ni goy baina
2 ulsiin hoorond iim hun bol guur bolдог yum baina
iim humuus l mongoliig tsaash ni avch yavna da
Монгол кино, соёлоо гадаадад таниулж байгаа нь бахархалтай ажил шүү
Гадаадад амьдардаг ч эх хэл соёлоо алдаагүй нь хамгийн том бахархал
Монгол кино наадам гадаадад ингэж хөгжиж байгаа нь сайхан мэдээ байна
mongol kino bol uneheer delhiid garah bolomjtoi shuu
Солонгос миа газар. Барууны хөгжилтэй улсруу явсан нь дээр. Со бол худлаа шүү
Баярлалаа, баяртай байна, бахархдаг, бахархууштай улиг болсон худал албархуу үгс.