Гадаад мэдээДЭЛХИЙ

Энэтхэгийн төрөлтийн түвшин анх удаа хүн амаа тогтвортой барихаас доошилсон нь ямар үр дагаварт хүргэх вэ

Энэтхэг улсын төрөлтийн түвшин хүн амын тоо буурахаас сэргийлэхэд шаардлагатай босго хэмжээнээс анх удаа доошлов. Энэ нь ирээдүйд ажиллах хүчний хомсдол үүсэж, хүн ам зүй хөгшрөхөд хүргэж магадгүй гэж шинжээчид санаа зовж байна.

Олон жилийн турш Энэтхэгийн хүн ам хурдацтай өсөж ирсэн. Тус улсын засгийн газрын тоо баримт болон “Sample Registration System” нэртэй Энэтхэгийн хүн ам зүйн судалгааны тайлангаас харахад төрөлтийн түвшин сүүлийн жилүүдэд буурсаар байжээ. Гэхдээ хүн амын тоо нэмэгдэх хэмжээнд байсаар ирсэн юм.

Тэгвэл Энэтхэгийн Бүртгэлийн ерөнхий газар болон Хүн амын тооллогын комиссараас нийтэлсэн хамгийн сүүлийн SRS тайлангаас харвал тус улсын төрөлтийн түвшин 1.9 болж буурсан байна. Урт хугацаанд хүн амын тоог тогтвортой хадгалахад төрөлтийн түвшин 2.1 байх ёстой гэж эрдэмтэд үздэг билээ. 2000-аад оны үед Энэтхэгийн төрөлтийн түвшин ойролцоогоор 3.3 төрөлт байжээ.

Төрөлтийн түвшин буурахад юу нөлөөлөв?

1970-аад оноос эхлэн Энэтхэгийн үе үеийн засгийн газрууд болон бодлого боловсруулагчид хүн амын тоо хэт их хэмжээгээр өсөж байна хэмээн үзэж, төрөлтийг бууруулахыг зорьж ирсэн. Тухайн үед харьцангуй ядуу орон байсан Энэтхэгт хүн ам их хэмжээгээр өсөхөд нөөц боломж нь хүрэлцэхгүй гэж эрх баригчид дүгнэж байсан юм.

Тиймээс Энэтхэгийн засгийн газар олон хөтөлбөр хэрэгжүүлж хүн амын өсөлтийг хянахыг оролдсон. Тэр дундаа 1970-аад онд хүмүүсийг химийн аргаар хүчээр хөнгөлөх бодлого явуулсан нь ихээхэн шүүмжлэл дагуулж байсан юм. Олон жилийн турш хүн амын өсөлтийг барих бодлого баримталсан ч гэсэн 2019 онд Ерөнхий сайд Нарендра Моди хүн амын тэсрэлт болох аюулын талаар анхааруулсаар байв.

Зургийн эх сурвалж: ABC News

Харин 2022 онд Энэтхэгт хүн ам зүйн хувьд томоохон өөрчлөлт үүсэж магадгүйг харуулсан анхны шинж тэмдгүүд илэрчээ. Тэр жил гарсан Үндэсний гэр бүлийн эрүүл мэндийн судалгаа нийгмийн бүх бүлгүүдийн дунд төрөлтийн түвшин хурдтай буурч байгааг харуулсан юм. Үүнээс нэг жилийн дараа Энэтхэг хүн амын тоогоор Хятадыг гүйцэж дэлхийн хамгийн олон хүн амтай улс болсон. Тухайн үед Энэтхэгийн хүн ам 1.4 тэрбум хүрсэн талаарх мэдээллүүд төрөлтийн түвшин буурч буйн асуудлыг дарж орхисон байна.

Харин одоо хүн амын бууралт бодлого боловсруулагчдын төсөөлж байснаас ойртож ирснийг хамгийн сүүлийн судалгаа харууллаа. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар боловсрол болон жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн хүртээмж сайжирсан нь төрөлтийн түвшин буурах гол шалтгаануудын нэг болжээ. Мөн хүүхэд өсгөх өртөг нэмэгдсэн явдал ч нөлөөлж байгаа аж.

Энэтхэгт нийгмийн бодлогын чиглэлээр ажилладаг хөгжлийн эдийн засагч Дипа Синха “Al Jazeera” агентлагт хэлэхдээ “Эмэгтэйчүүд боловсрол эзэмшиж, гэр бүлийн шийдвэр гаргалтад илүү эрх мэдэлтэй болж, жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн хүртээмж нэмэгдэхэд төрөлтийн түвшин ихэвчлэн буурдаг” гэжээ. Тэрбээр мөн “Мөн эдийн засгийн нөхцөл байдал амьжиргааны өртгийг нэмэгдүүлэхийн хэрээр хүүхэд өсгөх зардал нэмэгдэж, төрөлт буурахад нөлөөлдөг” хэмээсэн байна.

Дипа нэмж хэлэхдээ нярайн эндэгдэл буурахад олон хүүхэдтэй болох эрмэлзэл багасдаг гэсэн юм. Сүүлд нийтлэгдсэн “SRS” тайланд дурдсанаар Энэтхэгт нярайн эндэгдэл 2019 онд мянган амьд төрөлт тутамд 30 байсан бол 2024 онд 24 болж буурчээ.

Тавдугаар сард гарсан хүн ам зүйн тайлангаас үзэхэд боловсролын түвшин доогуур, нярайн эндэгдэл өндөртэй Энэтхэгийн хамгийн буурай мужуудын нэг болох Бихарт төрөлтийн түвшин хамгийн өндөр буюу 2.9 байсан аж. Үүний дараа Уттар Прадеш муж 2.6 гэсэн төрөлтийн түвшинтэй байна.

Харин боловсролын түвшин хамгийн өндөр, нярайн эндэгдэл хамгийн бага бүсүүдийн нэг болох нийслэл Шинэ Делид төрөлтийн түвшин хамгийн бага буюу 1.2 байжээ. Эрүүл мэнд, боловсролын тогтолцоогоороо Энэтхэгт тэргүүлдэг өмнөд бүсийн Тамил Наду, Керала мужуудад энэ үзүүлэлт 1.3 байсан юм.

Дипа “1980-аад оны эхэн үеэс хойших Энэтхэгийн бүс нутгийн хөгжлийн талаарх олон судалгаанууд өмнөд мужуудад эдийн засгийн хөгжил болон эмэгтэйчүүдийн нийгэм дэх байр суурь илүү хурдтай сайжирсныг харуулдаг. Тиймээс эдгээр хүчин зүйл төрөлтийн түвшин бага байх шалтгаан болж байна” гэж хэлжээ.

Төрөлтийн түвшин буурах нь ямар үр дагавартай вэ?

2005 онд Энэтхэг хүн ам зүйн ноогдол ашиг (demographic dividend) гэж нэрлэгддэг үе шатанд орсон. Энэ үе шатанд хөдөлмөрийн насны хүн ам (15-64 нас) нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам буюу хүүхэд, өндөр настнуудын тооноос илүү байдаг НҮБ-ын Хүн амын сангийн (UNFPA) тооцоогоор Энэтхэгийн энэ давуу үе 2055 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

Япон, Сингапур, Хонконг 1960-аад онд ийм үе шатанд орж, богино хугацаанд өндөр хөгжилтэй эдийн засагтай болсон. Харин БНХАУ 1980-аад онд энэ шатанд орж, эдийн засгийн шинэчлэл хийн асар хурдан хөгжиж дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон.

Зургийн эх сурвалж: CNN

Энэтхэгийн хувьд ч хүн ам зүйн энэхүү давуу тал эдийн засгийн өсөлтийг дэмжсэн билээ. Гэвч тус улсад олон сая хүн ажилгүй хэвээр байгаа учир БНХАУ-тай адил хөгжингүй эдийн засагтай улс болоогүй байна.

Төрөлтийн түвшин буурч байгаа нөхцөлд Энэтхэг хүн ам зүйн ноогдол ашгийн үр шимийг бүрэн хүртэж чадахгүй байж магадгүй хэмээн мэргэжилтнүүд анхааруулж байна. Учир нь тус улсад ажиллах хүчний хэмжээ буурч, хүн ам хурдтай хөгширч эхлэх эрсдэлтэй. Дипа “Хэрэв төрөлтийн түвшин бага байсаар байвал 30-40 жилийн дараа Энэтхэгт хөдөлмөрийн зах зээлд бүрэн оролцох боломжгүй өндөр настнуудын хүн ам зүйд эзлэх хувь нэмэгдэж, ажиллах хүчинд дарамт үүснэ” гэж хэлжээ.

Энэтхэг төрөлтийн бууралтад хариу арга хэмжээ авч байгаа юу?

Энэтхэгийн засгийн газар төрөлтийн түвшин буурч буй асуудал дээр үндэсний хэмжээний бодлого явуулж эхлээгүй байна. Гэхдээ зарим мужууд иргэдийг илүү олон хүүхэдтэй болоход уриалах арга хэмжээ авч эхэлжээ.

Өнгөрсөн сард Энэтхэгийн өмнөд бүсэд байрладаг Андхра Прадеш муж гурав дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд 30 мянган рупи (314 ам.доллар), дөрөв дэх хүүхдээ төрүүлсэн гэр бүлд 40 мянган рупи (418 ам.доллар) олгохоор болсон байна. “SRS” тайлангаас харвал тус мужийн нийт төрөлтийн түвшин 1.4 байгаа юм.

Баруун бүсийн Гоа муж, мөн өмнөд бүсийн Карнатака, Телангана мужууд анхны хүүхдээ хүсэж буй хосуудад зориулсан төрөөс санхүүжилттэй үр шилжүүлэн суулгах (IVF) төвүүдийг байгуулж, хүүхэдтэй болохыг дэмжиж эхэлжээ.

Дипагийн үзэж буйгаар Энэтхэгийн засгийн газар иргэдийнхээ хувийн сонголтыг хүндэтгэж, дэмжсэн бодлого баримтлах ёстой аж. Тэр “Энэтхэг шиг улс орнууд хүн амын бүтэц болон ирээдүйн хэрэгцээндээ тулгуурласан төрөөс бодлого боловсруулах нь чухал. Хэрэв бид буурал нийгэм болох гэж байгаа бол олон тооны ахмад настанд туслахад бэлэн байх хэрэгтэй” гэж тэр хэлсэн байна.

Эх сурвалж: Al Jazeera

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button