"УИХ-ын дарга нам бус байх" хуулийн төсөл дээрх АН, МАН-ын тохироо
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүнээс өргөн мэдүүлсэн "УИХ-ын дарга нам бус байх" буюу Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлчихсэн яваа. С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилогдох үеэр энэ хуулийн төслийн үзэл санааны талаар ярьж эхэлсэн бөгөөд МАН, АН-ын бүлгийн зүгээс "УИХ-ын дарга нам бус байж болно, асуудалгүй" гэх хариултыг өгч байв. Хуулийнхаа үзэл санаанд Х.Тэмүүжин нарын АН-ын гишүүд бат зогсоно гэж байсан ч МАН-тай тохиролцсон байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн, тус хуулийг санаачлагч Х.Тэмүүжин дараах байр суурийг илэрхийллээ.
"УИХ-д хамгийн том, бүлгийн хэмжээнд ажилладаг МАН, АН-ын дунд зөвшилцөл маягтай яриа хийгдсэн. Тэр нь, УИХ-ын даргыг намаас нь түдгэлзүүлэх нь хатуу юм байна. Намаасаа түдгэлзүүлэхээ больё. Харин улс төрийн намаас ангид байна гэдэг зарчимаа бүрэн хуульчлаад, гурван зарчим томьёолохоор болсон
Нэг. УИХ-ын дарга бүлгийнхээ болон намын үйл ажиллагаанд идэвхитэй оролцохгүй. Бүлгийн хуралдаа оролцох бол цөөнхийн бүлэг болон бусад намын удирдлагуудад мэдэгдэнэ
Хоёр. Хоёр ч удаа УИХ-ын дарга намын дарга гэх албан тушаалын төлөө огцорсон. Тиймээс УИХ-ын дарга намын даргын сунгаанд оролцохгүй, намын үйл ажиллагаад идэвхитэй оролцохгүй
Гурав. Хэвлэл мэдээлэл, олон нийтэд мэдээлэл өгөхдөө УИХ-ын дарга төвч байр сууриа эвдэхгүйн тулд ямар нэгэн намыг төлөөлөхгүй, намын бодлого, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй гэж тохирсон. Энэ тохироондоо МАН хэр зэрэг үнэнч байхыг харах л үлдлээ" хэмээсэн юм.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.